Saturday, September 6, 2014

Рокит Бэй:Би дүрсээ олж, хатуу төлөвт хувирсан



   Реппер Рокит Бэйтэй хоёр жилийн өмнө ярилцахад үг дуу цөөтэй байсан бол өдгөө нээлттэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг нэгэн болжээ.  Барагтай бол сонин, телевизээр гараад байдаггүй нууцлаг түүнтэй тоглосон кино, уран бүтээлийнх нь тухай ярилцаж, хайр сэтгэлийн талаарх бодлыг  нь хуваалцсан ч, асуулгүй үлдсэн, зүйл тоймгүй олон. Одоохондоо тэр бол уншаад талд нь ч ороогүй байгаа сонирхолтой ном.... 

Дээрх ярилцлага зураг нь Өнөөдөр сонины өмч болохоор сайтууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн хуулвал хариуцлага хүлээх юм байна.

-Урьд нь Тантай “Эвдэрхий хүн” цомог гарахын өмнө ярилцаж байсан. Тэр үеэс хойш дорвитой шинэ дуу хийгээгүй санагдана.
-Дүрс бичлэг, кино хийдэг “Nine magic”  нэртэй продакшнтай болсон учир дуу хуураас түр хөндийрлөө. “Эвдэрхий хүн” дууны клипийг хийсэн “Нигун” студитэй манай хамт олон нэгдэж, шинэ продакшнаа байгуулсан юм. Би найруулагч хийж, дуу, хөгжмийг нь хариуцдаг. Бичлэг нь дууссан хэд хэдэн дуу бий. Богино хэмжээний кино хийж дуусгаад,  дуунуудаа дүрсжүүлж, цацна.
-“Эцсийн зогсоол Э цэг” киноны гол дүрд тоглосон. “Э” цэг гэж юу гэсэн үг вэ?
-Гол дүрийн залуу машинаар бусадтай уралддаг, нэлээд хувиа хичээсэн, эрх дураараа  нэгэн.  Тэгж  “хурдалж” яваа хүн эцэстээ зогсох нь тодорхой. Түүний зогссон газар нь  “Э” цэг. Энэ үгийг нийлүүлж уншвал эцэг гэдэг үг болно. Өөрөөр хэлбэл, гол дүрийн залуу эцэг болсноор хиймэл, зорилгогүй амьдрал нь эцэс болдог. Киноны дүрүүд хиймэл бус,  бодит мэт дүрслэгдсэн. Зогсоо зайгүй сонирхолтой үйл явдал тохиож, ямар ч байсан үзэгчдийг уйдаахгүй.
-Энэ кинонд тоглосноор Таны үзэл бодолд ямар нэгэн байдлаар өөрчлөлт, дэвшил гарсан уу?
-Миний тоглосон дүр жүжигчний ур чадвар шаардах юм ихтэй. Тухайлбал, маазарсан, хөгжилтэй уур амьсгалыг туйлдаа хүргэсэн хэсэгтэй хэрнээ гунигламаар үйл явдал ч бий. Энэ залуу эцэггүй өссөнөөрөө надтай төстэй ч тэс ондоо араншинтай. Би ганц бие амьдралаар удаан явсан. Өөрөө хүүхэдгүй, дүү өсгөж байгаагүй, эцгийн хайр мэдэхгүй хүн. Тэгтэл энэ гол дүрийн залуу аав болж, амьдрал нь орвонгоороо эргэдэг. Аав болох мэдрэмжийг би мэдэхгүй болохоор надад том сорилт болж, сонирхолтой санагдсан.
-Амьдралын эцсийн зогсоол юу вэ?
-Юуны зогсоол гэдгээс шалтгаалах байх. Энэ кинонд зорилгогүй амьдралын эцсийн зогсоолын тухай өгүүлсэн. Би монгол хүн учир сүжигтэй ч там, диваажин, бурханд итгэдэггүй. Тэгэхээр амьдралын эцсийн зогсоол үхэл л байх даа.
-Таны айдас юу вэ?
-Хайртай хүмүүсээ алдахаас хамгийн их айдаг.
-Хэрвээ хүн нүгэл үйлдсэн ч шоронд ордоггүй, тамд тарчилдаггүй, ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй бол Та буруу зүйл хэр их хийх вэ?
-Өөрийгөө муу зүйл хийхийг хүсдэггүй муу хүн гэж боддог. Хүн л юм хойно алдаа гаргадаг. Гэхдээ буруу зүйл хийхгүй байхыг хичээдэг.
-Нийгэм тэр чигээрээ нүглийг нүгэлд тооцдоггүй байсан бол та бусдыг дагах уу, хүн чанараа хадгалах уу?
-Кино хийчихмээр сонин сэдэв байна.  Урд насандаа би хорон санаат мангасыг дардаг баатар байсан байх аа. Худлаа ярьдаг, хүний амьдрал сүйтгэдэг хүмүүс миний ойр орчимд байвал хэзээ ч тэдэнд бууж өгдөггүй, тэмцдэг, дарахыг хичээдэг.
-Хорвоод яагаад муу  хүмүүс байдаг юм бол?
-Хүн төрөлхтөн анх үүсэхэд мөс чанартай  байсан ч хөгжихийн хэрээр нийгэм эвдэрч, хүн ч бас ууссан байх. Хүүхэд өсөх явцдаа амьдарч байгаа орчноосоо, хүмүүжүүлэгчдээс, ээж ааваас болж эвдэрч эхэлдэг. Аажмаар өөрийн мэдэлгүй сэтгэцийн гажигтай болж, хэрцгий авир гаргадаг байх.
-Зовлон дунд амьдарсан хүмүүс эвдрэх нь амархан гэж ойлгож болох уу?
Үгүй. Ядуу, өлөн зэлмэн өссөн ч дутагдлаа зөвөөр ашиглаж, тэмцэх хүч болгон хувиргаж болно. Амжилтад хүрсэн гаднын хүмүүсийн намтрыг уншихад,  ядуу зүдүү амьдрал туулсан байх нь элбэг. Харин хойд эцэг нь хүчирхийлдэг, ээжийг нь нүдэн дээр нь зоддог бол хүүхэд эвдэрнэ.
-Таны дотор орсон юм шиг мэдэх хүн танаас өөр үгүй. Гэхдээ хүн өөрийгөө ч мэдэхгүй тохиолдол байдаг. Та өөрийгөө таньсан уу?
-Өөрийгөө олчихлоо гэж нэлээд олон удаа эндүүрсэн. Би ийм л байх ёстой юм байна, тийм л хүн гэж бодоод аливааг хийж үзсэнийхээ  дараа буруу байж гэдгийг мэдэрдэг. Аль болох залуудаа аливааг оролдож, туршиж, сорьж, ямар нэгэн зам туулж байж өөрийгөө олдог юм билээ. Би өөрийгөө олсон.
-Тэгвэл та хэн бэ?
-Рокит Бэй.  Хүн хийсэн зүйлүүдээрээ өөрийгөө тодорхойлж, дөвийлгөн гаргадаг. Хийсэн уран бүтээлгүйгээрээ би зүгээр л нэг махан бод. Реппер болоогүй бол би хэн байхаа мэдэхгүй, хэлбэр дүрсгүй мэт байхсан. Одоо бол дүрсээ олж, хатуу төлөвт хувирсан.
-Таны атаархлыг төрүүлдэг хүн байдаг уу?
-Түүхэнд мөнхөрсөн, мундаг хүмүүст атаархдаг. Яаж тийм нийгэмд ийм гайхалтайгаар  сэтгэж байна вэ гэж  биширдэг. Түүнээс биш,  жөтөөрхдөггүй, зөв хор шартай. Бусдаас тэс өөр, ямар ч найруулагчийн сэтгээгүйг хийж, өвөрмөц арга барилаар дүрс буулгасан кино орчин үед ховор. Тийм бүтээлүүдийг үзээд л ямар гоё юм бэ, ингэж өөрөөр сэтгэхсэн гэж шар гозойдог.
-Таны “Эвдэрхий  хүн” дууны клип Youtube.com хуудаст Монголын хамгийн олон хүн үзсэн бичлэг болсон. Хип хопт дургүй хүмүүс ч таны дууг сонсдог, дэлхийн од болоосой гэж хүсдэг сонсогчид байдаг. Танд тийм зорилго бий юү?
-Дуу хийж эхлэхдээ дэлхийд алдартай болохыг хүсдэг байсан ч бодит байдал өөр юм билээ. Эх орныхоо соёл урлагийн салбарт багахан ч гэсэн хувь нэмрээ оруулая гэсэн бодолтой болсон.
-Дэлхийн од болохын тулд яах ёстой вэ?
-Хэний ч сэтгээгүй шинэлэг санаатай, ухаалаг шийдэлтэй бүтээл хийж байж од болно. Энэ хэцүү, гэхдээ боломжтой.
-Танд дэлхийд танигдах нөөц бололцоо байх шиг санагддаг. Өөрийнхөө хүчинд  итгэхгүй, бэлэн биш байна уу?
-Мөрөөдлийг алсын зорилго гэж ойлгодог. Одоогоор дэлхийн од болох зорилго алга. Яагаад гэвэл, би урд байгаа хоолоо идэж дуусаагүй байна. Идчихээд дараагийн хоолны тухай бодъё.
-Зарим зохиолч ном хэвлүүлснийхээ дараа голж магадгүй гээд уншдаггүй гэсэн. Та дуугаа сонсдог уу, ичдэг үү?
-Дууныхаа хоолойг бичүүлчихээд өөрөө засаж, янзалдаг учир тэр үедээ залхтлаа сонсдог. Харин дуусгаад олонд цацсан хойноо сонсдоггүй. Яагаад гэдгийг мэдэхгүй, найз нөхөдтэйгөө хамт явж байхад миний дуунууд явбал ичдэг. Түүнээс биш, дуунуудаа муу болсон гэж ичдэггүй. Учир нь би их хичээж, боловсруулж, одоо л боллоо доо гэсэн үедээ дуусгадаг.
-Дэлхийд  түм буман дуу бий. Санаа сэдэв давхцуулахгүй хийх боломжтой юу. Та дууны сэдвээ яаж олдог вэ?
- Давхцуулахгүй байхыг хичээж, байнга боддог. Хоол хийж байх үед ч юм уу, санамсаргүй байдлаар гэнэт санаа орж ирдэг.  Гаднын репперүүдийн дууг сонсоод иймэрхүү дуу хийе гэж жишээ авдаггүй. Давхцахгүй санаа олж болно. Гэхдээ одоогийн нөхцөлд бол  хүмүүсийн бодохоос ч айдаг,  хүсдэггүй зүйлийн талаар хөндөж байж сэдэв давтагдахгүй байх.
-Хип хоп хэзээ нэгэн цагт моодноос гарах болов уу?
-Бидний эцэг, эхийн үеийн дуунуудыг бид тэр бүр  сонсдоггүй биз дээ. Хөгжмийн төрлүүд цаг цагаараа л од болдог. Ирээдүйд яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй юм. Гэхдээ намайг хөгшрөөд үхтэл хип хоп моодноос гарахгүй байх. Энэ тал дээр санаа зовдоггүй. Гэхдээ насаараа хип хоп хөөхгүй. Энтертайнмент бизнес бол олон төрлийн зүйл хийж болох салбар шүү дээ.
-Реппер гэдэг уран бүтээлч юм уу , эсвэл уран сайханч уу?
-Хийж байгаа бүтээлдээ яаж хандахаас шалтгаална. Би өөрийгөө уран бүтээлч гэж боддог. Би зүгээр л нэг дуу биш, уран бүтээл хийх гэж хичээдэг.
-Гадна, дотнын уран бүтээлчдийг ажиглахад бүгд л  хэсэг зуур мандаад, жаргадаг. Дахин дуу хийсэн ч өмнөх уран бүтээлээ гүйцдэггүй шиг санагддаг. Та моодноос гарахгүйн тулд яах бодолтой байна вэ?
-Бүх уран бүтээлчид оргил үе гэж бий. Тэр оргилын эцсийн цэгээс дээшлэх боломжгүй, аажмаар урууддаг. Би дуу хийхдээ  түүнээсээ дахин илүүг хийх боломж гаргаж,  дээшлэхдээ зай үлдээдэг.
-Репперүүд өөрөө дууныхаа үгийг бичдэг.  Хэрвээ баян хүн ирээд “Надад дууны үг бичиж өгч бай” гээд их мөнгө амалвал яах вэ?
-Зөвшөөрөхгүй.
-Зарим олны танилууд фэйсбүүк, инстаграмм, твиттертээ байнга зургаа нийтэлж, хаана юу хийж яваагаа, ямар бодолтой байдгаа нийтэлдэг бол нэг хэсэг нь бусдын нүднээс далд амьдардаг. Олны танилууд хүмүүстэй ойр, илэн далангүй байх нь үнэ цэнэтэй юу, нууцлаг байх тусмаа олны анхаарлыг татах юм болов уу?
-Цахим ертөнц ямар ч салбарт маркетингийн гол хэрэглүүр болж байна. Зарим  хүн бусдад мартагдахыг хүсдэггүй.  Хүмүүст хүндлүүлэхийн тулд хүсэн хүлээж байсныг нь цаг хугацаанд нь чанартай хүргээд, сэтгэл ханамж дүүрэн байлгаж чадвал хангалттай гэж би боддог. Бусдад миний хувийн амьдрал хамаагүй. Твиттер, инстаграмм энэ тэрийг ашигладаггүй, хол байдаг.Тэгэхдээ сонсогчид надтай ганц, хоёр үг солихыг хүсэж байхад би ичээндээ орсон юм шиг нуугдчихдагаа анзаарсан. Шинэ дуунууд  гарахаар хүмүүстэй жаахан ойр харилцъя гэж бодож байна. Гэхдээ учиргүй өдөр бүр цахим хуудастаа сэтгэгдлээ бичихгүй л дээ.
-“...Надад байгаагүй үлгэр дуурайл авах хүн манай гэрт
Авах ёстой байсан хүн нь дөрвөн настайд намайг гэнэт
Орхиод унтаад маргааш өглөө нь ахиж хэзээ ч сэрээгүй...” гэж аавынхаа тухай “Хоосон зай” дуундаа үглэж байсан.  Та хэнээс үлгэр дуурайл авч өссөн бэ?
-Хүнийг өөрөөсөө илүү яаж хайрладгийг, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдгийг, сэтгэлийн тэнхээтэй болдгийг эмээгээсээ сурсан. Бас, сонгодог киноны мундаг жүжигчдийн дүрээс үлгэр жишээ авдаг байсан.
-“...Дуу дуулж байгаа янзыг минь ээж, эмээд минь бүү сонсго
Бусад нь ч яах вэ хамаагүй, хамаатан ах дүү сонсог...” гэж үглэдэг. Ээж, эмээ нь үглэхийг хэр дэмждэг байв?
-Ээж тийм ч сайн ойлгодоггүй. Харин манай эмээ их мэдрэмжтэй хүн байсан. Эвгүй үгтэй дуугаа сонсгоогүй л дээ.  Анх эмээдээ дуугаа сонсгоход 83 настай  хэрнээ хэмнэлийг нь мэдрээд толгойгоо дохиод байсан.
-Таны бодлоор ямар зүүд хамгийн гоё вэ?
-Эмээтэйгээ уулзсан зүүднүүд...
-“Санаа, манаа муу сэтгүүлч намайг унагаж чадаагүй” гэж нэг дуундаа үглэдэг. Нууц биш бол юу болсныг ярихгүй юу?
-Нэг сэтгүүлч “Яагаад эхнэр авахгүй байгаа юм бэ” гэж асуухаар нь “Эхнэрийг дэлгүүрээс ороод авчихдаг биш дээ. Тийм амар олдохгүй. Ирээдүйн хань гэдэг чухал сонголт. Нэгнээ таньж мэдэж, сэтгэлд нийцвэл, санаа бодол нийлвэл гэрлэнэ” гэж хэлсэн. Тэгтэл “Эхнэрийг дэлгүүрээс авч болдоггүй юм байна лээ” гээд ярилцлагаа гарчиглачихсан байсан.  Ингэж үг мушгихаар хүмүүст тэс ондоо ойлголт өгнө. Гүтгүүлэх дургүй учир дуундаа оруулсан.
-Үеийнхэн тань аль хэдийнэ гэр бүл зохиогоод хүүхэдтэй болсныг хараад ямар санагддаг вэ?
-Зүгээр шүү дээ.  Бие, биенээ сайн таниагүй, учраа мэдэхгүй байж сэтгэлийн хөөрлөөр гэрлээд салсан хүн олон. Тэднийг харахаар өөрийгөө зөв замаар явж байна гэж ойлгодог.  Гэхдээ хааяа миний гэрлэлт оройтоод байна уу даа гэж боддог. Би одоо 30 настай.  Гэхдээ эрэгтэй хүнд бол энэ тийм ч хөгшин нас биш. Аав болохыг жинхэнээр мэдрээгүй ч киноны дүрдээ итгэсэн болохоор гоё мэдрэмж төрсөн.
-Таны насны эрчүүд ганц бие байх нь эрх чөлөө хүссэн, хүүхэмсэг, эсвэл хүнд хэтэрхий хайртай болж байсан учир дурладаггүй, үгүй бол эсрэг хүйснийхээ хүнд өндөр шалгууртай ханддагтай холбоотой гэдэг юм билээ. Та аль нь вэ?
-Сүүлийн хоёр нь.
-Танд шохоорхож явдаг хүн бий юү?
-Байхгүй ээ. Гэхдээ энд, тэнд тааралдсан охид хааяа бодолд орж ирэх л юм байна шүү дээ. (Инээв)
-Тэгээд санаачилга гаргадаггүй юм уу?
-Бараг л үгүй. Ганцаараа хэтэрхий удчихаар тэгдэг юм болов уу даа.
-Олны танил болчихоор иймэрхүү асуудалд болгоомжтой хандаж, хаалт тавьдаг болсон уу?
-Тийм ээ. Түүнээс биш,  би бас л эвгүй хүн шүү дээ. (Инээв)
-Ирээдүйд боорцог хайрч мэддэггүй, үлгэр ярьж чаддаггүй эмээ нарын аймшигт үе хүлээж байна гэж сүүлийн үед хошигнох болсон. Та эхнэрээ ямар хүн байгаасай гэж хүсдэг вэ?
-Боорцог хайрч, үлгэр ярих нь  ч дүүрч. Үлгэрийг нь хүүхдүүддээ би яриад өгчихье. Хамгийн гол нь ухаалаг, сайхан сэтгэлтэй, хүнлэг байгаасай.

Б.ДӨЛГӨӨН

No comments:

Post a Comment