Saturday, September 6, 2014

Д.ДАШЛХАГВА: БАЛЕТЧИН БОЛ БҮЖИГЧИН БИШ

ДБЭТ-ын ерөнхий балетмейстр, Эзэн хааны театрын захирал Д.Дашлхагватай ярилцсанаа хүргэе.
-Та ДБЭТ-ын балетмейстрээр өнгөрсөн нэгдүгээр сараас хойш ажилласан. Энэ хугацаанд юу өөрчлөгдсөн бэ?
-Яг үнэнийг хэлэх үү. Бодит байдалд ямар ч өөрчлөлт гараагүй. Гэхдээ уран бүтээлчдийн сэтгэлгээнд өөрчлөлт орсон байж магадгүй. Даанч түүнийг ил үзүүлэх боломжгүй юм даа. Эх орныхоо төлөө зүтгэхэд ганц дайчин ганцаарддагүйтэй адил уран бүтээлчдийн сэтгэхүйд урлагт зүтгэе гэсэн бодол чин эрмэлзэл суулгаж буй. Энэ зуунд нэг хүнийг бишрэн шүтэхээс болгоомжлон, одоо цагаараа сэтгэх хэрэгтэй. Тэр шүтээн нь үргэлж зөв юм хийнэ гэж байхгүй. Тэр шүтээн нь махан биеэс бүтсэнээс хойш хэзээ нэгэн цагт эд материал, сэтгэлийн жаргал хүсэж алдаа гаргаж мэдэх юм. Харин урлаг, Янжинлхам бурхан, үзэгчид хувиршгүй. Үзэгчид солигдсон ч хүний эрэлт хэрэгцээ хувирахгүй, гоо сайхныг хүсэх нь хэвээрээ.
-Хүн төрөлхтөнд хэзээ нэгэн цагт гоо сайхан хэрэггүй болох үе ирэх болов уу?
-Гоо сайхан бол хүнийг хөдөлгөгч хүч. Гоо сайхны хүчээр амттай чихэр, тансаг машин үйлдвэрлэж, үзэмж төгс барилгуудыг барьж байна. Энэ бүхэн зөвхөн эмэгтэйчүүдийн төлөө, гоо үзэсгэлэнгийн төлөө эрчүүдийн бүтээдэг зүйл. Нохой ч гэсэн гоо сайхныг хайдаг. Би талх барихыг, гутал оёхыг хүртэл урлаг гэж боддог. Санаагаар болдог бол гоё баглаа боодол хийдэг хүнд, талхчинд урлагийн ажилтан цол өгмөөр байна.
-Урьд нь ДБЭТ-ын ерөнхий балетмейстр Гэрэлчимэг байсан. Балетмейстр эрэгтэй, эмэгтэй байх нь жүжигчдэд нөлөөлдөг үү?
-УИХ-д эмэгтэй гишүүн олон байвал эмэгтэйчүүд сайхан амьдраад, эр нь давамгайлбал эрэгтэйчүүд хөгжинө гэдэггүй шүү дээ. Тухайн байгууллага ямар бодлого явуулж байгаагаас шалтгаална. Миний бодлоор ДБЭТ зөвхөн сонгодог гэлгүй Монголын гайхамшиг болсон бүтээлээр үзэгчдэд үйлчилдэг байгаасай гэж боддог. Сонгодог бүтээлээ хүргэхдээ байж болох хамгийн дээд зэрэгт хийх чадвартай болох хэрэгтэй. Ирэх жилээс гаднын шилдэг бүжигчид болон өөр оронд байгаа шавь нараа урьж, дэлхийн хэмжээний тоглолт зохион байгуулах бодолтой байна. Дэлхийн жишгээр гаднын уран бүтээлч, мэргэжилтн үүдийг урьж сургалтын чанараа сайжруулмаар байна. Бид эхлээд алдаагаа олж харахг үй бол яаж зөв явах билээ. Нуулгүй хэлэхэд, би нэг хэсэг архи их уудаг байсан. Миний төлөө ойр дотнынхон, шавь нар минь, эргэн тойрныхон сэтгэлээ чилээж байна, одоо хэтэрлээ гэж бодон өөрийгөө архичин гэж хүлээн зөвшөөрсөн. Түүнээс биш өөрөө хүсэхгүй хэрнээ эмчилгээ хийлгээд уухаа болино гэдэгт би итгэдэггүй. Манайд 20- 30 насны 25 бүжигчин бий. Уг нь томхон хэмжээний балет тоглоход 80 балетчинтай байх ёстой. Үхэж үл болно гэдэг шиг манайхан өвдөх эрхгүй ажиллаж байна даа.
-Цөөхөн балетчин байгаа нь театрын босго өндөртэй холбоотой юу, эсвэл менежментэд асуудал байна уу?
-Мөнгө санхүү, төгсөгчдийн тоо гээд олон хүчин зүйл нөлөөлсөн. Манайд ХБК гэх урлагийн ганцхан том сургууль бий. Урьд нь бид улсын мөнгөөр сурдаг байсан бол орчин үед хувийн хөлсөөр суралцдаг болсон учир дуртай нь орж, гарч байна. Харин ч Монголын сонгодог урлаг өдий дайтай явж байгаад, уран бүтээлчид өнөөдрийн хэмжээнд авч явсанд баярлаж бахархдаг. Бид хэдэн төгрөгийн цалинтай хэрнээ ямар их ачаалалтай билээ дээ. Урлагийн гэгддэг зарим хүн дууны бичлэг тавиад амаа хөдөлгөж байхад бүжигчид тэгэх боломжгүй. Тийм хүмүүстэй харьцуулахад зарцуулж буй хүч хөдөлмөр, цалин нь ялгаатай. Бүжигчид мэргэжлээ солино, жирэмслэнэ, өвдөнө, ажлын санал ирнэ. Ийм жишгээр уран бүтээлчдийн тоо цөөрсөн.
-ДБЭТ-ын захирал ойр ойрхон солигддог нь зөв үү?
-Гаднын оронд тодорхой үр дүн үзэж байж удирдлагаа сольдог. Дөнгөж ажилтайгаа танилцаад, хийж эхлэх гэж байтал солих буруу. Би өвөл ДБЭТ-т орж ирсэн, энд миний шавь нар байсан ч хүмүүсийн хүсэл мөрөөдөл нь юу вэ, хаана юу шинэчлэх вэ, алийг хэвээр нь үлдээх вэ, хэнд халамж үзүүлэх вэ гэдгийг дөнгөж саяхнаас л ойлгож эхэлж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс, хорвоо дэлхий өөрчлөгдөж байна. Бид өдөр бүр 24 цагаар хөгширч байгаа л юм бол өдөр бүр шинэчлэгдэж байгаа гэсэн үг. Худлаа ярьж, хулгай хийгээгүй бол худалдагчийг халдаггүй шиг ямар ч доголдолгүй ажиллаж байхад удирдлага солих нь урлагт хэрэгцээгүй.
-Балетчнаас багш, тэгээд балетмейстр болоход ямар өөлчлөлтүүд гарсан бэ?
-Урьд нь гоё бүжиглэхэд л анхаарлаа хандуулж, бусад зүйл хамаагүй байлаа. Балетмейстр болсон хойно энийг ч сольмоор, тэрийг ч ухааруулмаар санагдаад, өөрийн мунхгийг улам бүр мэдрээд байна. Өөрөө ийм өчүүхэн байж хүмүүст яаж аятайхан тайлбарлаж өгөх вэ, юу хийвэл бусдаас нэг алхам урд явах вэ, хоцроод байвал юу болох вэ гээд олон зүйл бодох болсон. Кино үйлдвэрлэгчид төрөл бүрийн кино бүтээж, юмс цаг өнгөрөх тусам сайжраад байгаатай адил бид ч хичээж, үзэгчдийн эрэлт хэрэгцээг зарим талаар гүйцэлдүүлэх шаардлагатай.
-Үзэгчид юу хүсэж байгааг Та мэдэрч байна уу?
-Рестораны хоол хүмүүсийн хэрэгцээнээс хамаараад шарсан, жигнэсэн, чимэгтэй чимэггүй төрөл бүр байдаг. Ходоод болон үнэрлэх, амтлах эрхтэнд сонголт байгаа шиг сэтгэлийн цангааг тайлахад олон төрлийн бүтээл байх шаардлагатай. Дэлгүүртээ ганц гутал тавьчихаад сонгоод аваарай гэдэгг үй биз дээ. Гаднын театрууд энэ л жишгээр бүтээл тавьж байна.
-Өөрийгөө одоо л бүжигчин боллоо гэж хэзээнээс хүлээн зөвшөөрсөн бэ?
-Бүжиглэж чаддаггүй гэж боддог. Би чадаагүй юм, болоогүй юм. Гэхдээ үүндээ гомддоггүй, харин ч баярладаг. Тиймээс өөрийн хийж чадаагүйг шавь нараараа хийлгэж, хэд дахин чадварлаг болгохыг хүсдэг.
-Таныг ид бүжиглэж байхад урлагийн байгууллагууд уналтад орж байсан. Тэр үед Та арай хожуу, эсвэл эрт төрөхгүй дээ гэж бодож байсан уу?
-Харин ч би азтай. Социализмаас капитализмд шилжих сайхан үед төрл өө гэж боддог. Намайг бүжиглэж байхад оркестр 80 хөгжимчинтэй, 70 гаруй балетчинтай, үйлчилгээний 30 орчим ажилтантай хэрнээ хэдхэн үзэгчтэй байлаа. Тэр үед энэ тухай боддогүй байсан ч одоо баярладаг. Давс амсаагүй бол элсэн чихрийг тийм амттайг яаж мэдэх билээ. Түмэн жаргалын дунд өчүүхэн зовлон амттай гэдэг шиг хүнд үе туулахаар улам хатууждаг, ухаардаг. Одоо шавь нартаа үзэгчдийг голж болохгүй гэж захидаг. Нэг монгол хүн байгаад, тэр нь ядуу, сонгодог урлаг ойлгодоггүй байсан ч тэр хүнд үйлчлэх ёстой, хүнийг гадна үзэмжээр дүгнэж болохгүй. Гаднынхан, гоё хувцастай хүн ирэхээр манайхан сайн үйлчлэх гэдэг. Би тэрийг эсэргүүцдэг. Тэр ядуу, юу ч мэдэхгүй гэж бодож байгаа хүний дотор бурхан байдаг. Зарим бүжигчин гадаадад тоглох болохоор нойр хоолгүй бэлдээд байхаар би “Монголчуудынхаа төлөө тэгж ажиллаж сураагүй байж боль” гэдэг. Яагаад бид муу юмыг нь үзээд гаднынхан сайныг харах ёстой гэж. Бид Монголдоо хогоо хаядаг хэрнээ гадаадад очихоороо нэг их соёлтой боловсролтой хүн болох гэдэг. Эх орондоо байгаа шигээ л харааж зүхээд, шүлсээ хая л даа. Тэгэхээр байна аа, анхнаасаа л ямар ч үед хүн гэх мөн чанараа алдахгүй байх хэрэгтэй.
-Олонх хүн гадаадад ажилладаг бүжигчдээ мундаг гэж боддог. Үнэхээр явсан хүмүүс нь мундаг, үлдсэн нь тааруухан байдаг юм уу. Эсвэл энд үлдсэн бүжигчид илүү эх орондоо элгэмсэг үү?
-Эх орондоо хайргүй хүн хаана ч үгүй. Хүн болж төрснийхөө гавьяаг гаргаж, сурсан эрдмээ илүү том зүйлд зориулж, эх орныхоо нэрийг гаргах хүсэл, хүч хүн бүрт бий. Монголдоо байгаа бүжигчид муу юм уу гэлээ, үгүй үгүй. Хүн бүр хэрэгтэй, зөв газраа цаг цагаараа л байдаг юм. Шувууд явсан ч буцаад л ирдэг шүү дээ. Манай театрын гоцлоочдоос гадаадад ажиллаж байгаад ирсэн хүн олон. Зарим нэг нь сурснаа эх орондоо үзүүлэх сонирхолтой байсан ч хэзээ нэгэн цагт гадаад явах хүсэлтэй болохыг үгүйсгэхгүй. Хүний сэтгэл гэдэг хязгааргүй орон зайд оршдог. Тийм байхад бид яагаад хүлэгдэх ёстой гэж. Гадагшаа явах нь чадвартай биш, сэтгэлтэй холбоотой.
-Хүн нэг замаар явах л ёстой бол хувь заяа нь цаагуураа зохицуулдаг шиг санагддаг. Ингэхэд та балетчин болохыг өөрөө хүссэн үү, эцэг эх тань чиглүүлсэн үү?
-Нусаа хацартаа наачихсан жаал гадаа тоглож байхдаа нэг охиныг олж харсан. Бид ийм байхад тэр охин яагаад тийм цэвэрхэн, цэмцгэр юм бол гэж гайхаж араас нь дагалаа. Нөгөө охин автобусанд сууж яваад ХБК- руу орчихсон. Тийм сургууль байдгийг ч мэдэхүй хойноос нь орлоо. Гэтэл нэг орос хүн гарч ирээд юм хэлэхээр нь толгой дохилоо. Бидний үед хүүхдүүд үгүй гэж хэлдэггүй, юу ч болсон за гээд толгой дохидог байсан юм. Одоо бодох нь ээ, тэр орос хүн “Хөгжимд дуртай юм уу, шалгуулах гэж ирсэн үү” гэсэн байх. Намайг дагуулж ороод хөгжим сонсгоод, гар хуруу шалгасан. Энэ явдал бурхны зурсан зураг, хувь тавилангаар болсон уу гэдгийг дүгнэх чадвар надад байхгүй. Би буддын шашинтай, зурсан төөргөөрөө л явж байна. Хүн үйлийн үрээрээ, тодорхой шалтаг, шалтгаанаас болж махан биеийг олдог. Миний амьдралд Дашлхагва гэдэг хүний хүсэл бараг нөлөөлдөггүй. Хувь заяагаа арай дээрдүүлэх боломж хүнд байдаг л юм гэсэн. Гэхдээ үйлийн үр байдаг болохоор хүнд муу санаж, нүгэл хийлгүй явбал энэ замбуулинд арай зөөлөн гишгэж магадгүй юм. Энэ хорвоод зочноор ирсэн хугацаандаа чаддаг мэддэгээ хийж байгаад цаг нь болохоор амар амгалан буцах тухай боддог.
-Тэгэхээр Та бурханд итгэдэг хэрэг үү?
-Би бурханд, гоо сайханд, хайранд, сэтгэлд бүр их итгэдэг. Харин харж байгаагаа хуурамч даа гэж боддог. Яагаад гэвэл бодит юмс урьд нь байгаагүй, хожим ч үгүй болно. Сэтгэл гэдэг эрхтэн байхгүй болохоор л илүү ариун. Бөөрөнд итгэчихвэл хөөрхий минь, хөгшрөөд үгүй болдог эрхтэн. Гагцхүү сэтгэл хэзээ ч мөхөшгүй, бохирдошгүй, бурханлаг. Бусад нь устана, ялзарна, өмхийрнө, бордоо болно, шилжээд өөр бие болно. Би одоо мах иддэг. Гэхдээ намайг эцэс болохоор миний биеийг амьтад идэж, хэсэгхэн цадаасай гэж хүсдэг.
-Та олон оронд бүжиглэж, багшилсан. Таны бодлоор бүжигчин л бол бүжигчин үү, эсвэл улс үндэстний онцлог нөлөөлөх үү?
-Будаа иддэг хүмүүс чадалтай юу, мах иддэг нь хүчтэй юү. Монголчуудын гавлын яс том. Мах иддэг болохоор тархиндаа тэжээл их авдаг. Түүнээс биш бусдаас гоц ухаантай байж чадахгүй. Гэхдээ л жаахан ялгаатай. Бусадтай адил далайн ойролцоо шамбааралдалгүй, бурханд, тэнгэрт арай ойр амьдардаг. Цөөх үүлхнээ болохоор ухаан арай сийрэг, оюуны бохирдол багатай. Олуулаа амьдарвал наашаа цаашаа бол гэж уцаарлан, олон хүн тэжээх гэж бухимддаг шүү дээ. Цөөхүүл болохоор бид хайр их хүртдэг. Хайрлах чадвараараа бусдаас өөр. Оюунаараа гэхээсээ илүү мэдрэхүйгээрээ бусдаас илүү учир юу ч хийсэн амжилтад хүрдэг. Миний амьдарч байсан газруудад гэр бүлийг гэрээгээр шийдэж, дундаасаа мөнгө босгон хамт амьдардаг бол Монголд эхнэр ч, нөхөр ч хамаг байдгаа гаргадаг. Гэхдээ улс бүр өөр өөрийн чаддаг зүйлээ сайн хийдэг. Тиймээс би бусдыг оюунаар нь хэмжиж дургүй. Хүнлэг чанар, бусдыг гэх сэтгэлээр үнэлнэ. Бурхан хүн бүрт ижилхэн оюуны программ суулгадаг. Компьютерийн чадвар шиг хурдан удаанаараа ялгаатай болохоос биш, үр дүн адилхан.
-Үзэгчдийн өмнө дахин бүжиглэмээр байна уу?
-Үгүй. Би бүжиглэхээс илүү сайн бүжиг дэглэж, уран бүтээлчдэд аливааг тайлбарлаж өгөх дуртай. Бас шүлэг бичихээс таашаал авдаг.
-Нээрэн, Та шүлгийн номоо хэвлүүлнэ гэсэн яасан бэ?
-Дөхөж байсан ч наадамд зориулсан бүжиг дэглэх гээд номоо эмхтгэх, багштайгаа уулзах зав гардаггүй ээ. Хэдхэн жилийн өмнөөс шүлэг бичиж эхэлсэн, одоо ч дотоод чанарыг нь таниагүй явна. Бүжиг гэж байдаггүй. Балетад бүжгээрээ хэлж чадахгүй байгаагаа шүлгээр илэрхийлэх нь сонирхолтой.
-Яагаад бүжиг байдаггүй гэж?
-Бүжиг бол сэтгэлээс ундрах үелзэл болохоос биш хөдөлгөөний давтамж биш. Хоёр хүн тэврэлдээд ганхаж байхыг би бүжиг гэж хардаг. Бясалгаад сууж байгаа эрхмийг хамгийн дээд бүжиг хийж байна гэж боддог. Сэтгэлээ нээж, огторгуй тэнгэрт дүүлж чадаж байгаа бүхнийг бүжиг хийж байна гэж ойлгодог.
-Тэгэхээр та модерн бүжигт нэлээд дуртай байх нь ээ?
-Оюун хомсдуулж түгждэггүй бүхэнд, чөлөөт сэтгэлгээнд дуртай. Гэхдээ эрх чөлөө хэтэрвээс анархизм болно. Сонгодог урлаггүй, чөлөөт хөгжим дангаараа байж болохгүй. Ямарваа нэгэн зүйл заавал аясаа, хэмжээ хэмнэлээ олж байж сайхан болдог. Тийм ч учраас сонгодог бүтээлүүд хэдэн зуун жилийн настай.
-Балетчид багаасаа хичээллэж бүжигчин болчихоод цөөхөн хэдэн жил ажиллаад тэтгэвэрт гардаг. Урлаг, гоо сайхан танд харгис санагддаг уу?
-Тийм ээ, харгис. Би ч өөртөө харгис. Хүн өөрийгөө голж сурах хэрэгтэй. Цаг нь болбол урлагаа орхи, хугацаа хэтрүүлж болохгүй. Ромео, Жульетта хоёрыг дэлхий даяар мэднэ. Шекспир 12 настай хүүхдүүдийн хайрын тухай бичсэн. Харамсалтай нь 30 шахаж яваа хүмүүс тэдний дүрд тоглоод байдаг. 30 настай хүний хайр 12-той хүүхдүүдийнх шиг хиргүй тунгалаг, өгөө аваагүй, өөрийгөө золиослох чадвартай байж чадахүй. Үнэнч хайр гэдэг уран бүтээлчдийн хувьд хамгийн хэцүү. “Хунт нуур”-т ханхүүг гэрлэх насны залуу гэдэг болохоор хэдэн ч настай байж болно. Харин тодорхой нөхцөл заачихвал урлаг өөрөө хатуу. Хувь хүний үзэл гаргаж, дүрд тохирохгүй бол харамсаад байх хэрэггүй.
-Таны багш Урианхай байх аа. Шүлгийг тань юу гэж үнэлж байна?
-Бид шүлгээрээ холбогддоггүй. Уулзахаараа амьдралын утга учир, байгаль дэлхийгээ хайрлах, хүний зовлон жаргал, хүсэл мөрөөдлийн тухай ярилцдаг. Тэр хүнтэй хамт байхдаа ямар агуу гэдгийг нь мэдэрч, бахархдаг. Агуу хүмүүс хамгийн энгийн байдаг юм байна, ямар ч агуу зүйлгүй юм шиг харагдтлаа агуу байдаг юм байна. Тэр хүний амар амгалан байх , бууж өгөх чадвар, мөнх биш ертөнцөд оршихдоо ялж амьдрахгүйн утгыг мэдсэн нь, хуурамч хорвоог жинхэнэ мэт бодож хууртаагүй нь агуу. Энэ олон чадварын цаана агуу сэтгэлгээ, мэдрэмж байдаг.
-Урлагийн хүмүүс бусдыг бодвол илүү мэдрэмжтэй. Та “Хүмүүс ийм сайхан юмыг яагаад мэдэрдэггүй байна аа” гэж боддог уу?
-Би хувь тавилан байдаг гэж ярилаа шүү дээ. Хүн бүр ижил байвал амьдрал утгагүй. Ямар азаар өөр өөрийн гэсэн үзэл бодол, хүсэл мөрөөдөл, жаргалтай юм бэ. Зарим хүн хоолноос таашаал авдаг бол би идэхээр ядардаг. Хоолонд цаг үрэх дургүй учир бага хооллодог. Хүн бүр над шиг байвал утгагүй биз дээ.
-Балетчнийг жүжигчин, бүжигчний нийлбэр гэж боддог. Манайхан бүжгийн техник сайтай хэрнээ жүжиглэхдээ тааруу санагддаг. Таны бодлоор манай балетчдад ямар дутагдал байна вэ?
-Балетчин бол бүжигчин биш. Зарим балетчин өөрийгөө бүжигчин гэж бодоод алдаад байна. Хөдөлгөөнөөр илэрхийлдэг жүжгийг балет гэдэг. Бүжиг үзэхийг хүсвэл ямар нэгэн бүжгийн хамтлагийн тоглолт үзэхэд болно. Харин хүмүүс ДБЭТ-т жүжиг үзэх гэж ирж байгаа. Хэрвээ өнгөрсөн ням гаригт “Хунт нуур” үзсэн бол манай балетчид жүжиглэх ур чадвартаа анхаарсныг ажиглах байлаа. “Хунт нуур” бүжгэн жүжигт ханхүү ан хийж яваад Одеттад дурладаг. Хүн хун шувуунд дурлана гэдэг ямар их гайхамшигтай мэдрэхүй вэ. Дэлхий сөнөдөггүй л юм бол хайр гэдэг хүн төрөлхтний мөнхийн сэдэв. Хүмүүс театрт үнэнч хайрын түүх үзэх гэж очдог болохоос балетчдын эргэлт, үсрэлт харах гэдэгүй. Тиймээс манайхан дүрийн судалгаа хийж, уншдаг болсон. Тоосгыг бүтээлчээр эвлүүлэн өрөхгүй хоёр тийш зөөгөөд байвал үр ашиггүй хөдөлмөрлөнө. Түүн шиг үзэж, харж, уншиж, сэтгэж, бодож, сурахгүй юм бол ганц хөдөлгөөндөө анхаараад амжилтад хүрэхгүй.
-Ямар бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?
-Чингис хааны тухай бүжгэн жүжиг тавих бодолтой байна. Дэлхийн хүмүүс бидний өвөг дээдсийг алуурчид гэж боддог. Гэтэл Чингис хааны эзэлсэн нутагт шөнө дөлөөр царайлаг бүсгүй баадан дүүрэн алттай явж байсан ч зорьсон газраа саадгүй хүрдэг байсан тухай ном зохиолд өгүүлдэг. Цэргийн эрдэм, зохион байгуулах чадвар, ухаанаараа Жамух Чингис хаан хоёр тэнцүү байсан ч Чингисийг би илүү хайр мэдэрсэн хүн гэж боддог. Ээжийгээ, эхнэрүүдээ, эх орноо, ард иргэдийн шүтлэгийг хайрладаг хүн байсан гэдгийг гадаад, Монголын олон түүхээс уншсан. Тэр хүний бүтээсэн, мэдэрснийг хойч үедээ ойлгуулахыг хүсэж байна.


Б.ДӨЛГӨӨН

No comments:

Post a Comment