Sunday, March 9, 2014

Д.АРИУНСАЙХАН: КИНОЧИД ГЭЖ ТУСДАА, НЭГ ТӨРЛИЙН ХҮМҮҮС БАЙХ ШИГ БАЙНА



 Кино гэхээр найруулагчид, жүжигчдийн нэр цуурайтдаг бичигдээгүй хуультай. Гэтэл киноны арын албанд олон чадварлаг уран бүтээлч зүтгэдэг. Тэдний нэг нь кино зураач. Монголынхоо кино урлагийн нэр хүндийг өргөж яваа кино зураач Д.Ариунсайхантай ярилцлаа.
Германы Бабелсбергийн кино телевизийн дээд сургуулийн профессороор ажилладаг тэрбээр “Алсын удирдлага” киноны нээлтэд оролцохоор эх орондоо ирсэн. “Хадаг” киногоороо 2007 онд Киприйн олон улсын кино наадмаас “Шилдэг зураачийн ажил”, “Шилдэг хувцасны зураачийн ажил” шагнал, “Стелла ба дорнын од” бүтээлээрээ Хахенбургийн кино наадмын “Алтан арслан”, Бильфийн Хүүхэд залуучуудын наадмын “Fred den Golden Goss”, 2008 онд Чикагогийн олон улсын хүүхдийн кино наадмын “Best of fest award” шагналыг тус тус хүртжээ.
Хамгийн сүүлд Д.Ариунсайхан Каннын олон улсын кино наадамд өрсөлдөх Гүржийн найруулагчийн бүтээлд ажилласан юм билээ.
-Анх театрын зураачийн ангид сурч байсан юм билээ. Яагаад кино зураач болохоор шийдсэн бэ?
-Дүрслэх урлагийн дунд сургуулийн анхны гэрэл зураг, рекламны ангид суралцсан. Энэ ангид дахиж элсэлт аваагүй. Манай анги тавхан оюутантай байлаа. Би төгсөөд Германд энэ мэргэжлээрээ суралцана гэж боддог байсан ч Мэдээлэл, радио телевизийн улсын хорооноос зураач, зураглаач, найруулагчийн мэргэжлээр оюутан явуулах болсон. Би шалгуурт нь тэнцээд, хүүхэлдэйн киноны зураачийн ангид суралцах бодолтой Герман явсан. Гэтэл надад анги хуваарилахгүй удаж байснаа “Дрезден хотын урлагийн дээд сургуулийн театрын зураачийн ангид шалгалт өгнө үү. Та дээд боловсрол эзэмших гэж ирсэн. Гэтэл хүүхэлдэйн киноны зураачийн анги дунд сургуульд л байдаг юм байна” гэсэн тайлбар өгсөн. Тэгээд театрын зураач мэргэжлээр гурван жил сурч байтал сургуулийн зарын самбарт “Бабелсбергийн кино телевизийн дээд сургуульд кино зураачийн анги шинээр нээгдэнэ” гэсэн зарлал байсныг харсан юм.
-Гурван жил сурсан мэргэжлээ орхиход хайран санагдаагүй юу?
-Театрын зураачийн ангид эхний жил үндсэн хичээлүүд их сонирхолтой санагдсан. Хоёрдугаар дамжаанаас дундад зууны үеийн жүжгийн тайзны зураг зуруулах болсон. Герман хэлээ сайн сурч амжаагүй байсан болохоор гүн ухаан, жүжгийн цаад санааг ойлгоход хүндрэлтэй байлаа. Энэ үед кино их үзнэ. Бертолуччигийн “Сүүлчийн эзэн хаан” од болж байсан үе. Олон дахин үзэж, шүтээд л ийм кино хийхсэн гэсэн хүсэлд автсан. Киноны зураач гэж ямар мэргэжил байдаг тухай анхны мэдэгдэхүүн байгаагүй ч театрын зураач миний хийх ажил биш гэдгийг мэдэрдэг байсан юм. Германы анхны кино зураачийн анги шүү дээ. Сонин хувь тавилан байгаа биз. Киног бүх урлагийн нэгдэл гэдэг. Би Хөгжим бүжгийн коллежийн хийлийн ангид таван жил сурсан учир суурь мэдлэгтэй. Дараа нь Нэгдүгээр сургуульд сурч байхдаа Залуу техникчдийн ордонд зураачийн дугуйланд сурсан. Гэрэл зургийн анги дүүргэсэн болохоор зураглаачтайгаа төвөггүй ойлголцоно, театрын зураачаар сурсан учир найруулагчтай драматург ярина гэх зэргээр давуу талтай байсан.
-Бүх талын мэдлэгтэй хэрнээ найруулагч болъё гэж бодож байгаагүй юу?
-Мэргэжилдээ дуртай хойно заавал найруулагч болно гэсэн туйлын хүсэл байхгүй. Гэхдээ 20 жил кино урлагт ажиллахдаа 30 гаруй кино хийлээ. Энэ бүхний дараа кино найруулахсан гэж бодогдох л юм.
-Та төгссөн сургуульдаа профессороор ажилладаг юм билээ. Бабелсбергийн кино телевизийн дээд сургуульд монгол оюутан суралцаж байв уу?
-Энэ жил манай сургуулийн 60 жилийн ой тохиож буй. Миний судалснаар 1970-аад оны эхээр дууны инженерээр нэг хүн суралцсан юм билээ. Би хоёр дахь нь. Надаас хойш ахиж Монголоос оюутан ирээгүй.
-Монголын олон чадварлаг хүн гадаадад боловсрол эзэмшиж, тэндээ ажиллаж байна. Эх орондоо ажиллая гэхээр цалин хөлс, нөхцөл нь гологддог гэдэг. Танд Монголдоо ажиллах бодол бий юү?
-Би “Хадаг”, “Алсын удирдлага” гээд монгол бүтээлд ажилласан шүү дээ. Кино уран бүтээлчид нэг газраа эргэлдээд байдаггүй, орон орноор явна.
-Монголдоо багшилж болно шүү дээ.
-Сүүлийн дөрвөн жил профессор гэсэн албан тушаалтай болчихоод сууж байна. Монголын кино урлагийн сургуулиудаас багшаар ажиллуулах хүсэлт одоогоор ирээгүй байна. Кино бол багийн ажил. Найруулагч, зураглаач, жүжигчид, продюсер нийтдээ чадварлаг байж гэмээнэ сайн уран бүтээл төрнө. Гэтэл Монголд найруулагч, зураглаачийн сургалт аль, аль нь олон улсын хэмжээнд дөхөөгүй байна. Би ганцаараа сайн зураглаач бэлдээд амжилтад хүрэхгүй, эрт байна. Гэхдээ хоёр жилийн өмнө сургалт зохион байгуулсан. Саяхан Зураачдын холбооны киноны чиглэлээр ажилладаг зураач нартайгаа уулзсан.
-Ирснээсээ хойш монгол кино үзэж амжив уу
-Уржигдар “Ану хатан” киноны хураангуй хувилбарыг үзлээ. Түүхий кино байна лээ. Гэхдээ тийм том хэмжээний, түүхэн киноны ард гарна гэдэг хэцүү. Зүрх, зоригийг нь үнэлж байна.
-Манай уран бүтээлчдийн нийтлэг алдаа нь юу вэ?
-Бэлтгэл ажил хамгийн чухал гэдгийг дутуу үнэлээд байна. Бэлтгэл сайтай кино л амжилтад хүрдэг. Мөнгөө ч хэмнэх боломжтой. Манай уран бүтээлчид хөрөнгө оруулсан хүмүүстээ хурдхан киногоо гаргаж өгөх гэж яараад байдаг. Театрын бүтээлд алдаа гарвал дараа нь тоглохдоо засаж болдог. Гэтэл киног дахин засварлах боломжгүй. Бэлтгэл ажилд олон хүн оролцох албагүй шүү дээ, дөрвөн чадварлаг хүн байхад л хангалттай. Мөн мэргэжлийн продюсер дутаад байна. Мөнгө олж өгдөг хүнийг л продюсер гэж ойлгож болохгүй. Бүтээлээ зөвхөн Монголын зах зээлд гаргах биш, олон улсын наадамд оролцуулъя гэсэн бодолтойгоор хийж, уралдаан судалж, зохион байгуулагчидтай нь холбогдох хэрэгтэй.
-Германы соёлын бодлого ямар байдаг бол?
-Аливаа орны өв соёлоо дэлхий дахинд танин мэдүүлэх нэг чухал зүйл нь кино. Холливудын далайц, хүч дэлхийд ноёлж байгаа учир Европын орнууд кинондоо олон зуун сая еврогоор хөрөнгө оруулдаг. Тухайлбал Германд жилд улсаас 600 саяыг төсөвлөдөг бол Франц 800 сая евро өгдөг. Улс орнууд дэлхийн кино зах зээлд уран бүтээл нь Холливудын кинотой харьцуулахад хэдэн хувийн ашигтай, амжилттай байгааг судалж, эзлэх байр сууриа нэмэгдүүлэхээр хичээдэг. Жижиг орноос жишээ дурдахад саяхан Гүржийн кинонд ажиллалаа. Улсаас нь кино урлагт нэг сая еврогоор дөрвөн кинонд хөрөнгө оруулсан. Тэгэхээр нэг кинонд 250 мянган евро ногдсон нь бидний хийх бүтээлд хангалттай хүрэлцээгүй. Тэр киноны уран бүтээлчид Европын олон жижиг компанитай хамтарч байж боломжийн кино хийсэн.
-Кино зураач кинонд төсөвлөсөн хөрөнгөнд тааруулж зураг төслөө гаргадаг. “Алсын удирдлага” киноны хөрөнгө хүссэнээ хийхэд тань хангалттай байж чадсан уу?
-Анхнаасаа юу хийх боломжтой, боломжгүйг мэдэж байсан. Хамгийн чухал гэсэн зүйлсээ санасандаа хүртэл хийж чадсан. Кино гарсны дараа ингэдэг, тэгдэг байж гэх юм харагдсан. Кино бүртээ л тэгдэг юм. Эцэст нь тулсан төгс юм хийнэ гэж юу байх вэ.
-“Алсын удирдлага”-д Улаанбаатар ийм өнгөлөг билүү гэмээр сайхан харагдаж байсан шүү. Зураг авах газраа сонгох амаргүй байв уу?
-Хамгийн дээд давхрын, эсрэг байр руу харахад нарны туяа цонхон дээр тусаж, гялбуулахааргүй, хоёр байрны хоорондын зай тохирсон, айл нь зөвшөөрсөн байр олоход хэцүү байсан. Бидэнд аз дайрсан. Шинэ байрууд үзэж байгаад “Хурд” хороололд очлоо. Хараахан баригдаж дуусаагүй ч хажуу талын байрны дээврээс хот үзэмжтэй харагдаж, ерөнхий байдал нь тохирсон. Ингээд жилийн дараа шинэ байрны хамгийн дээд давхрын айлуудын хаалгыг тогшлоо. Зарим нь гэртээ байхгүй, нэг бол зөвшөөрөхгүй явсаар захын айлын хаалгыг тогшоод, “Эсрэг талын байрны дээвэр дээр байгаа хүн яаж харагдахыг харж болох уу” гэхэд зөвшөөрсөн. Тэдний ханын цаас, толь, тавилга аятайхан зохион байгуулалттай байсан. Учир явдлаа хэлж, нэлээд удсаны эцэст зөвшөөрүүлсэн юм. Хэр баргийн хүн гэртээ оруулаад байхгүй шүү дээ, тэр айлд их баярладаг.
-Германчуудыг бид цаг барьдаг, нямбай гэдэг. Дунд нь орж ажиллахад ямар хүмүүс вэ. Яс, үндсээр ялгаварладаг уу?
-Киночид гэж тусдаа нэг төрлийн хүмүүс байх шиг байна. Олон ч улсын кино уран бүтээлчидтэй хамтарч ажиллалаа. Аль ч газрын киночид ялгагдахааргүй, дуртай юмаа хийдэг, солиотой гэмээр хүмүүс байдаг юм билээ. Тэдэнтэйгээ хурдан хэл амаа ололцдог. Хүнд гарууд амьдардаг газраар явдаггүй болохоор амар тайван байдаг гэх үү дээ. Тэд ганц хоёроороо явахдаа их номхон, олуулаа нийлэхээрээ л үндсэрхэг болчихдог юм.
-Олон улсад ажилласан юм байна. Сэтгэлд хамгийн их хоногшсон газар хаана байв?
-Энд, тэнд хотуудад очихдоо зочид буудалд ордог. Хаа газрын зочид буудлууд адилхан шүү дээ. Харин Гүржид кино хийхдээ хөдөө, сайхан байгальтай газар сонгосон. Тэнд зочид буудал гэж байхгүй учир тосгоны даргынд нь амьдарсан. Гэрийн эзэн ааш зан сайтай, эхнэр нь амттай хоол хийдэг зочломтгой. Хашаанд нь тахианууд гүйгээд, дөрвөн үнээ нь мөөрөөд... Урд талын цэцэрлэгтээ жимс, ногоотой, дутагдах гачигдах юмгүй сайхан айл. Яваандаа тэдний тахиа нь цөөрөөд, нэг үнээгээ гаргаж өгөөд... Амьдрал дунд нь ороод, хэл соёлтой нь танилцаж, юу хүсэж мөрөөддөг, ямар хүмүүс вэ гэдгийг сонсоод суухад сайхан санагдсан. Тэр мөч сэтгэлд тод үлджээ.
-Жүжигчдэд юу өмсөхийг сонгож, ямар байшинд амьдардаг, юу хэрэглэдгийг урладгаараа таны мэргэжлийг загвар зохион бүтээгч, интерьер дизайнер, архетиктурын нийлбэр гэж ойлгож болох уу?
-Кинонд ерөнхий зураач, хувцасны зураач гэж бий. Монголд айхтар салгадаггүй юм шиг байсан. Ерөнхий зураач аль улсад, хаана зургаа авах вэ, кино ямаршуухан харагдах вэ гэдгийг шийддэг. Кино бүр өөрийн гэсэн онцлогтой учир огт уйдахааргүй ажил шүү. Тухайлбал, Казахстанд зураг авсан кинондоо 20 метр урт усан онгоц барьсан. Германд шил хайлуулж ваар хийдэг тухай дундад зууны үеийг харуулсан үлгэрийн кино хийсэн. Шил хэдэн градуст хайлдаг, түүхий эд гэж юу вэ, ямар зууханд шатдаг юм гээд л олон зүйлийг судлах шаардлагатай болсон.
-Та тэнд гаднын уран бүтээлч учир германчуудаас хэд дахин илүү ихийг судлах хэрэг гарсан байх?
-Кино зохиолд энэ хүн ингэв, тэр хүн тэгэв л гэж бичдэг. Кино зураач гол дүрийг хэн бэ, яаж аж төрдөг, ямар өнгөнд дуртай, юу сонирхдог зэрэг дотоод сэтгэлийг нь эд хогшлоор илэрхийлдэг. 1855 оны Крымийн дайны тухай кино хийхдээ Москвад хоёр сар судалгаа хийсэн. Төв архивт нь хоёр долоо хонож, эрдэмтэдтэй уулзаж, эрт үеийн хот, батальоныг барьсан. Дуусахгүй их ажил болсон доо. Гаднын зураач ирээд Монголын тухай кино хийх гэвэл энэ юугаа мэддэг юм гэж бид ярина. Түүнтэй адил гаднын мэргэжилтэн яаж ажиллах нь вэ гэдгийг танддаг. Тэгэхээр бага зэрэг илүү ачаатай гэх үү дээ.
-Зураач киноны ажлын ачааны хүндийг үүрдэг. Гэтэл найруулагч, жүжигчдийн нэр гардаг. Танд харамсалтай санагддаг уу?
-Нэр гарахгүй биш гарна. Гэхдээ жүжигчид, найруулагчдынхаас бага л даа. Камерийн урд зогсох тавилантай, ард гарах тавилантай хүн тусдаа бий. Би хойно нь байгаадаа баярладаг.
-Их гярхай болдог байх?
-Тэгэлгүй яах вэ. Москвад киночдын баяраар нэг зураглаачийнд очсон юм. Тэднийх хааных адил бүх эд хогшлоо алтадчихсан байсан нь содон харагдсан. Хүүхэдгүй хоёр хөгшин нохойтойгоо амьдардаг юм. Нэг өрөөндөө шалнаасаа тааз хүртэл хүүхэлдэй өрөөд тавьчихсан байсан. Тиймэрхүү содон зүйл толгойд үлдэж, ашиглагдах мөчөө хүлээж байдаг.
-Та уран зураг зурдаг уу?
-Хамгийн сүүлд 1996 онд үзэсгэлэнд оролцсон юм байна. Түүнээс үлдсэн гурван зураг бий. Кино зураач заавал уран зураач байх албагүй. Зураачид санаа бодол, хүсэл тэмүүллээ уран зургаар илэрхийлдэг. Харин миний илэрхийлдэг арга нь кино. Тэгэхээр би хүчээр уран зураг зуралтай биш.
-Кино зураачдын зургийг харахаар комик ном санаанд ордог. Зурагт ном хийе гэж бодож байсан уу?
- Тийм бодол төрж байсан, гэхдээ зураагүй.
-Би заримдаа ном уншихдаа найруулгынх нь алдааг анзаараад, зохиолынхоо амтанд орж чаддаггүй юм. Түүн шиг та кино үзэхээрээ мэргэжлийн үүднээс үзээд, таашааж чаддаггүй болов уу?
-Тэгж үзвэл тааруухан кино гэсэн үг. Сайн бүтээл тийм зүйлд сатаарах чөлөө өгдөггүй юм. Аль болох ялгаж салгаж харахгүйг бодож үздэг. Кино наадамд сайн найруулагч, дүр гээд хувааж шагнал өгдөг л дөө. Гэхдээ хамтын бүтээл шүү дээ.
-Шагнал авсан кино бүр сайн байж чадах уу?
-Хүн бүрт таалагдсан нэг юм гэж байдаггүй, дийлэнхийн таашаалд нийцэж болно. Тухайн үеийн наадамд өрсөлдөж буй бусад бүтээлийн чанар, шүүгчдийн мэдлэг, дур сонирхлоос шалтгаалах учир харьцангуй ойлголт.

No comments:

Post a Comment