
А ангиллын тэргүүн байрын шагналт Зү Ван
ДБЭТ-ынхан “Пан Азийн хөгжмийн наадам”-д оролцоод эзгүй ч өнгөрсөн баасан гаригт сонгодог урлагийн ордон хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Танхим дүүрэн үзэгч, тайзны голд Польшийн хөгжмийн зохиолч Ф.Шопений гүн бодолд автсан мэт хөрөг, сэтгэл нь хөдөлж, зүрх нь оволзсон төгөлдөр хуурчид... Манай улс хөгжмийн соёлоороо дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж буйг батлах “Ф.Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдааны шагнал гардуулах гала тоглолт болж буй нь энэ. “Урбанек” ХХКийн ерөнхий захирал Б.Лхагважавын санаачилгаар 2005 онд Ф.Шопений нэрэмжит уралдааныг ХБК-той хамтран хийж, улмаар 2011 онд суут зохиолчийн мэндэлсний 200 жилийн ойн хүрээнд олон улсын хэмжээнд зохион байгуулсан билээ. Өдгөө олон улсын хоёрдугаар уралдаанд Монгол, БНХАУ, БНСУ, ОХУ-ын 30 төгөлдөр хуурч хоёр насны ангилалд өрсөлдөж, Ф.Шопений нэрэмжит Хөгжмийн академийн профессор, нэрт төгөлдөр хуурч Эва Поблоцка, Шанхайн Хөгжмийн дээд сургуулийн дэд захирал, Моцартын нэрэмжит олон улсын уралдааны тэргүүн байрын шагналт Зие Танг, ОХУ-ын Эрхүүгийн Ф.Шопений нэрэмжит Хөгжмийн коллежийн захирал, А.С.Дурбажева нарын нэр хүндтэй уран бүтээлч шүүсэн юм.

Тус уралдааныг санаачлан, Польшийн талтай хамтран ажиллах дэмжлэг авч, түрүүлсэн хүүхдүүдийг Ф.Шопений нэрэмжит Хөгжмийн академид суралцах боломж олгоход үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Б.Лхагважав, дэмжин ажилладаг Польшийн Элчин сайд Таеуш Хомецки нарыг Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнасан юм. Ийн шагнал, алга ташилтын хур зэрэг нижигнэсээр, байр эзэлсэн авьяаслаг хөгжимчид ур чадвараа үзэгчдэд шалгууллаа.
Зовлон, жаргалын илэрхийлэл гэлтэй төгөлдөр хуурын хар, цагаан даруулаас баяр баясал, уйтгар гунигийн аяз эгшиглэж, хөгжимчид “Stainway and sons” төгөлдөр хуурыг нэг уйлуулж, нэг инээлгэн “ноолж” гарав. Тэд савх мэт хуруугаараа даруулуудыг гижгэдэхэд өнөөх нь ийм эгшиглэнтэйгээр дуу алдав уу гэлтэй. Сонор мялаам төгс аялгууг эгшиглүүлэхийн тулд хөгжимчид хаан хууртайгаа нэгэн цул болдог нь лавтай. Тоглолтын эцсийн мөчид тэргүүн байрын шагналт, БНХАУ-ын хөгжимчин Зү Ван симфони оркестртой тоглох давуу эрхийнхээ дагуу Улсын филармонын уран бүтээлчидтэй хоршин тоглов. Гаднын уран бүтээлч түрүүлсэнд үзэгчид дурамжхан байсан ч түүний тоглохыг сонсоод шүүгчдэд эргэлзэхээ болив. Тэр үнэхээр сайн юм. Өөрт өө итгэлтэй, нүдээ анин инээмсэглэн тоглох тэрбээр зарим үед маань унших мэт уруулаа хөдөлгөнө. Ямар ч байсан тэр оюун санаагаараа бидэнтэй байгаагүй юм. Манай уран бүтээлчид хоёр этюд толилуулахдаа дундуур нь ёслолгүй, үргэлжлүүлэн тоглож байсан бол Зү Ван эхнийхийг нь сонсгоод мэхийн ёсолж байсан нь онцгой харагдав.

-Монголд анх удаа ирж байна уу. Урьд нь Монголын төгөлдөр хуурчдын тухай мэддэг байв уу?
-Мэддэггүй байлаа. Уралдаан шүүж, төгөлдөр хуурчдыг үзэхэд сэтгэл өндөр байна. Хөгжмийн техник талаасаа сонирхолтой санагдсан. Тэмцээнд оролцогчдын багш нар нь Орост бэлтгэгдсэн болоод ч тэр үү, суурь сайтай юм. Монголчууд дуунд дуртай ард түмэн. Хөгжимчид нь ч чадварлаг учир амжилтад хүрэх бүрэн бололцоотой.
-Орон, орны хөгжимчдөд соёлын ялгаа хэр гардаг бол?
-Монголын сонгодог урлаг хагас зууны түүхтэй бол Европт хэдэн зуун жилийн өмнөөс үүссэн. Тэгэхээр харьцуулж ярихад хэцүү. Урлагт хамгийн чухал нь цаг хугацаа.
-Ирэх жил танай улсад Ф.Шопений нэрэмжит олон улсын уралдаан болно. Бэлтгэлээ хэр базаасан бэ. Төрөөс яаж дэмждэг бол?
-Уралдаан дууссаны маргаашаас л дараагийнхдаа бэлтгэж эхэлдэг. Соёлын яамнаас гадна олон ивээн тэтгэгч дэмжиж ажилладаг.
-Монголын энэ уралдааныг яаж олон улсад нэр хүндтэй болгох вэ?
-Эхлээд олон орны хөгжимчдийг оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. А зэрэглэлийн бүх уралдаанд сүүлийн шатанд хөгжимчид оркестртой тоглодогийг анхаарах хэрэгтэй.
-БНХАУ-ын хөгжимчин манай уран бүтээлчдээс хэр ялгаатай байв?
-Тэр хүү сайхан тоглохоос гадна, огт алдаагүй. Бас зэмсэгнээс шалтгаална. Монголын уран бүтээлчид ХБК-ийн ердийн төгөлдөр хуур дээр хичээллэж байгаад уралдаанд оролцохдоо мэргэжлийн хөгжим дээр тоглосон. Гэтэл хятад хүү анхнаасаа сайн хөгжим дээр бэлтгэл хийдэг байсан.
-Дараагийн “Ф.Шопен ба XXI зууны Монгол” уралдааныг шүүх үү?
-Урилга авбал мэдээж дуртайяа ирнэ. Тэр үед Хөгжим бүжгийн коллеж консерватор болсон байна гэж найдъя.
-Манай хөгжимчдөд юу гэж зөвлөх вэ?
-Олон улсын уралдаанд оролцоход доод тал нь хагас жил бэтгэл хийдэг. Ф.Шопенаас гадна алдартай уран бүтээлчдийг судалж, бүтээлийг нь тоглож байх хэрэгтэй. Хамгийн гол нь тоглохоосоо өмнө сайн сонсож сурах хэрэгтэй.
No comments:
Post a Comment