Thursday, December 5, 2013

Гэрлээр бүтээсэн ид шид


2013-08-14 15:00:00

 Шинжлэх ухаан технологийн эрчимтэй хөгжлийн үрээр үхсэнийг амилуулах хэвийн үзэгдэл болжээ. Өөд болоод 10 жил болсон рэппер Түпак өнгөрсөн жил Коачелла хэмээх наадмын үеэр тайзнаа гарч ирэн Snoop Lion-той хамтран дуулсан нь олныг алмайруулж эрүүг нь мултлах шахсан бол их Монгол улс байгуулагдсаны 2222 жилийн ойн наадмын үеэр Их эзэн Чингис хаан суудлаасаа босож ард түмэндээ сургаалиа хайрлаж, Монгол түмнийхээ омог бахдалыг төрүүлсэн билээ. Холлаграми, 3D мэпинг хэмээх технологийн ачаар ийн энэ ертөнцийн бус хүмүүстэй уулзуулж, холыг ойртуулж зохиомол нэгэнд амьдрал бэлэглэдэг болжээ.
Унгар, Английн физикч Деннис Габор голлаграм буюу гурван хэмжээст дүрслэлийн онолыг 1947 онд боловсруулж 1971 онд Нобелийн шагнал хүртсэн. Түүний онол хөгжсөөр өдгөө виртуал, хийсвэр 3D гэх мэт үгс үгийн санд идэвхтэй хэрэглэгдэж программ хангамж, компьютер графикийн тусламжтайгаар бүтээсэн зохиомол дүрийг бодит мэт харах боломжтой болсон. Холограм нь грек хэлний Holos буюу бүх зүйл, grapho буюу зургийг бичих, дүрслэх гэсэн үгнээс гаралтай. Хүний хоёр нүдний фокус ихэвчлэн нэг цэгт төвлөрдөг. Хоёр нүдэнд өөр өөр дүрслэл үзүүлснээр хүний тархи тухайн дүрсүүдийг нэгтгэн гурван хэмжээстээр хүлээн авдаг байна. Гэрэл зургийн хөдөлгөөнийг гэрэлтүүлэг, ойлтын арга ашиглан нүдний өмнө ид шид бүтээдэгт холограммын нууц оршино. Технологийн хөгжлийн эх орон Японд 2010 онд зохиомол дуучин тоглолтоо хийж, олон шүтэн бишрэгчдийн хайрыг татах болсон.
Хацүнэ Микү хэмээх виртуал од жинхэнэ мэт дуулж, бүжиглэн бие даасан тоглолтоороо 33 уран бүтээл толилуулсан юм. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт ҮСАХ-нд болсон “Sunset” үдэшлэгт анхны виртуал хамтлаг “Горилаз” ая дуугаа өргөн, бүжигчин Линдсей, Хацүнэ Микү, Шрек хүүхэлдэйн киноны дүрсгүй жигнэмэг Жинжер бүжгийн гайхамшгийг үзүүлэв. Мөн Паркийн цайзын ханан дээр далайн амьтад сэлэн, ер бусын үзэсгэлэнтэй харагдсан. Мэдээж тэд бодит бус хийсвэр ертөнцийн “оршин суугчид”.
Ид шид хэрхэн биеллээ олдог тухай DJ Н.Өлзийгөөс товч тодруулснаа хүргэе.
-Холограмм, 3D мэпинг гэж юу вэ?
-Наадмаар Чингис хааныг амилуулсан нь 3D мэпинг. Хүүхэлдэйн кино хийхтэй адил анимейшн хийнэ гэсэн үг. Нэг секундийн дүрслэл бүтээхэд багадаа 25 кадр хэрэгтэй. Түүнийгээ гэрлийн ойлтоор ямар нэгэн обьект барилга, байшин дээр проектроор тусгана. Ингэхдээ яг тохируулж тусгахын тулд обьектоо судалж компьютер график ашиглан нарийн тооцоолно. Харин Холограмм нь аливааг бодит мэт нүдний өмнө гаргаж буй юм. Илбийн аргатай нэлээд төстэй. Бодит мэт дүрсийг анимейшн хэлбэрээр бэлтгэн проектроор шалан дээр тусгана. Шалан дээрх нь тусгайлан ойлгодог дэлгэцтэй байна. Тэр дэлгэц нь 45 градусын налуу нэвт харагддаг хальсан дээр дүрсээ ойлгож бодит мэт харагддаг.
-Проектор, хальс нь нэлээд үнэтэй гэж сонссон. Танай шоу хэр их зардалтай бүтсэн бэ?
-Проектор нь 75 мянган ам.доллар бол хальс нэг метр нь 400 ам.доллар байдаг. Энгийн проектроос хамаагүй илүү хүчин чадалтай гэрэл тусгадаг 3D проектор ашигладаг. Монголд хоёрхон ширхэг байдаг юм. Үүний нэгийг нь тайзан дээрх холограммдаа ашигласан бол нөгөөг Паркийн Ордны ханан дээрх 3D лазер шоунд хэрэглэлээ. Хальс 24 ширхэг орсон гэхээр ойролцоогоор 10 мянган ам.доллар болно. Бусад өндөр өртөгтэй багаж, техникийг тооцвол 30 гаруй мянган ам.доллар болно. Талбай дээрх лазер шоу миний ажигласнаар 600-800 сая төгрөг болсон байх. Манай EMDC электро дуу хөгжмийн холбоо анх электро хөгжмийг хөгжүүлэх зорилготой байгуулагдсан. Электро хөгжимтэй техникийн дэвшлийг хослуулах ёстойг ойлгоод энэ чиглэлийг сонирхох болсон. Бидний хийж буй үйл ажиллагаа ашгийн бус.
-Энэ технологи хэзээнээс Монголд нэвтэрсэн бэ?
-Английн нэгэн дижей, мэргэжилтэнг EMDC-гийн санаачилгаар 2011 онд “Tiger Translate” шоунд урилгаар оролцуулсан. Түүний 3D гэрлийн шоу хийх туршлагаас бид хуваалцсан. Тэгээд Сүхбаатар аймгийн 70 жилийн ойгоор хамгийн анх ийм шоу хийсэн. Харин холограммыг дуучин Ж.Алтанцэцэг анх тоглолтдоо ашиглаж байсан.
-Чингисийн талбай дээрх 3D лазер шоу бусад орны энд хүрч чадсан уу?
-Яг адилхан. Гэхдээ мэргэжлийн хүний нүдээр харахад Чингисийн талбай дээрх лазер шоунд тооцооллын алдаа байсан. Байгаль, машины гэрэл ихтэй учир лазер их бүдэгхэн туссан. Аль болох ойрхон тавьж, хурц гэрэл тусгах хэрэгтэй. Гэхдээ тавхан хоногийн дотор хийнэ гэдэг амаргүй ажил

No comments:

Post a Comment