
Тэд
Ромео, Жульетта хоёр ч атаархам, тийм нандин хайрын түүхийг өгүүлэхээр
“Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжгийн бэлтгэлээ базаагаад тун
завгүй. Гавьяат жүжигчин И.Одончимэг Сюэкө хэмээх бүсгүйн дүрийг бүтээх
аж. Тэрбээр жүжгийн бэлтгэл, рекламны зураг авалт гээд өнгөрсөн шөнө
нойргүй хоносон гэнэ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-“Сэрүүн хасын нууц” хэмээх жүжиг тоглох гэж байгаа юм байна. Танай хамтлагийнхан яагаад дорнын бүтээл сонгодог вэ?
-Сонгодог
зохиолыг өрнийнхөн л бичдэг гэж манайхан ойлгодог. Гэтэл дорнын соёл,
философи гэдэг бол агуу зүйл. Жинхэнэ сонгодог зохиол дорнын ард түмэнд л
байдаг гэж боддог. Бид өөрсдөө дорнын ард түмэн болохоор гадаад төрхийн
хувьд ч тэр, дотоод ертөнц, философи ойролцоо учраас жүжиг тавьбал илүү
дөхөм байх болов уу. Нөгөө талаар манай театрын түү хэнд дорнын жүжиг
ховор тоглосон байдаг. Европын сонгодог зо хиол, Мон голынхоо зохиолчдын
бү тээлийг л тоглодог. Тиймээс бид дорнын сайн зохиолуудыг үзэгч дэд
хүргэе гэсэн зорилго тавьсан.
-Таван
жил хайж байж зохиолоо олсон гэсэн. Энэ хугацаанд олон зохиол судалсан
байх. “Сэрүүн хасын нууц” юугаараа үнэ цэнэтэй вэ?
-“Аянгын
бороо” жүжгээс хойш манай хамтлагийнхан бүгд зохиолын эрэлд гарсан.
“Аянгын бороо”-ны дүрүүд гайхалтай. Дүр бүр нь жүжигчин хүнээс ур чадвар
шаардсан, ажиллагаа ихтэй, дараа нь ёстой л дүр бүтээсэн юм шиг сэтгэл
ханамж өгдөг сайн зохиол. Энэ жүжгээс аль ч талаараа дутахааргүй,
найруулагч нь “Би найруулсан” гэж бахархахаар тийм сайн зохиол олох
гэсээр нэг л мэдэхэд таван оныг үдчихэж. Нэг удаа “Чонон сүлд”-ийг
орчуулсан Д.Болдбаатар гуайтай уулзаж, ярилцах завшаан олдсон юм.
Түүнээс Тайванийн алдарт зохиолч Чюн Яогийн тухай сонссон. Тэр хүний
бичсэн зохиол бүр нь кино болж, Хятад, Тайванийн уншигчдыг хорь гаруй
жилийн турш байлдан дагуулсан юм билээ. Бидний мэдэх “Хуаньжу Гэг”,
“Бугын тэмдэгт тулга”, “Шиврээ бороо, шимшрэх сэтгэл”, ”Саран авхай”
гээд олон кино түүний зохиолоор бүтсэн. Чюн Яогийн гурван зохиолыг
уншаад “Сюэкө бүсгүй”-г сонгож жүжгийн зохиол болгон эмхтгэсэн. Жүжгийн
үзэгдэл бүр сонирхолтой, тааварлахад бэрх үйл явдлаар дүүрэн, гайхалтай
зохиол.
-Энэ жүжигт хорин настай бүсгүйн дүр бүтээнэ гэсэн. Дүрийн судалгаагаа хэрхэн хийж байна вэ?
-Жүжигт
бүсгүйн 20-той, 30-тай үеийн хоёр дүр гарна. Би 20 насыг тойроод биш
туулаад л гарсан болохоор юу нь хүнд байх вэ дээ. Харин арав гаруй кг
хассан шүү. Би чинь охиноо төрүүлээд 77 кг болсон. Тэр үеэсээ хойш 68 кг
болоод байтал энэ жүжигт тоглох болоод дасгал хийж, хоолны дэглэм
бариад арван кг хасаад байна. “Сэрүүн хасын нууц” жүжгээс олон зүйлийг
ойлгож болно. Сүүлийн үед эмэгтэйчүүд хайрын үнэ цэнийг мөнгөөр хэмжих
болсон. Тэд “Байртай, машинтай хүнтэй сууна, байргүй юм аа гэхэд тал
мөнгийг нь гаргачихаар залуутай гэрлэнэ” гэдэг болж. Эцэг, эх нь хүртэл
“За чи гуйлгачин юм дагуулаад ирэв ээ, босгоороо алхуулахгүй шүү” гээд л
зиндаа, зиндаагаараа суух хандлага түгээмэл болжээ. Хүн гэдэг ариусаж
байх ёстой амьтан шүү дээ. Гэтэл хүнд байдаг тэр нандин чанарууд алга
болж байна. Энэ бүсгүйн дүр одоо цагт ховордоод байгаа хайрын мөн чанар,
хайр сэтгэлд хандаж байгаа хандлагыг харуулсан. Гэхдээ би дүрээрээ ийм
зүйлийг харуулна гээд ярих утгагүй. Үзэгчид урлагийг өөрс дийнхөөрөө
ойлгох хэрэгтэй. Бие чинь зарсхийж, сэтгэл хөдөлж, зүрхэнд чинь ямар
нэгэн зүйл мэдрэгдэж байна гэдэг бол урлагийг ойлгож байна гэсэн үг.
-Анхныхаа охиныг тээх үедээ УДЭТ-аас хөөгдөж байсан гэл үү?
-Хөөгдсөн шүү дээ. Урлагийн хатууг мэдрүүлэх гэсэндээ Доржсамбуу
найруулагч намайг театраас хөөсөн. “Чи ажлаа сонго, нас байхад хүүхэд
хэзээ ч олдоно. Хүүхдээ сонговол театраас хөөнө” гэсэн юм. Би тэгэхээр
нь “ Урлаг миний толгойг түшихгүй, хүүхэд миний толгойг түшнэ” гэж том
дуугараад гарсан. Тэр үед би гадаадад урлагийн наадамд оролцох ёстой
байсан юм. Ингээд охиноо төрүүлээд жил болж байхад театраас “Чи
зэвэрлээ, ажилдаа орохгүй юм уу” гэж утасдсан. Тэр үеэс хойш театртаа
есөн жил ажиллаад 2000 оны намар гарсан. Театраасаа гарахад хэцүү
байлаа. Олон шөнө нойргүй хонож, бие сэтгэлээ зориулсан сайхан дүрүүдээ
орхиод гарна гэдэг жүжигчин хүний хувьд маш хүнд. Гэхдээ ингэх ёстой
гэдгийг зөн совин минь цаанаасаа л хэлээд байсан юм.
-Таныг
хошин урлагаас илүү драмаар явах ёстой хүн гэж харамсах хүн олон
байдаг. Анх тэр сайхан дүрүүдээ орхиод, хөнгөн жанрын дүрд тоглоход ямар
байсан бэ?
-Ялгаагүй
шүү дээ. Хошин урлаг гэхээр л хүмүүс их сонин ойлгоод байх юм. Адилхан л
тайзны урлаг. Дра мын урлаг гэдэг дотроо эмгэнэлт, инээдмийн, драмын
гээд олон төрөлтэй. Би нэг рүү нь л орсон хэрэг. Одоо би эмгэнэлт жүжигт
тоглох гээд л сууж байна. “Чи ийм гоё дүрүүдээ орхиод явлаа, хошин
урлагаар хол явахгүй ээ” гээд л драмынхан янз бүрээр хүлээж авсан.
Гэхдээ би драмаас гарснаараа алдаагүй гэж боддог. Би драмын театртаа
байгаад байсан бол ямар ч уран бүтээл найруулахгүй, ганц нэг зохиол
бичихгүй ч байсан байж магадгүй шүү дээ.
-Урлаг танаас хэр их золиос шаардсан бол?
-Урлагийн
хүн хувийн амьдралаа золихгүй байна гэж байдаггүй. Хувийн амьдралаа
золихгүй бол урлагийн хүн биш. Би олон хүүхэдтэй болохыг хүсдэг байлаа.
Гэтэл одоо би хоёр хүүхэдтэй, багыг нь амьдрах уу, эс амьдрах уу
гэдэгтээ тулж байж төрүүллээ. Аавыгаа, дотнын хүмүүсээ өнгөрөхөд хажууд
нь байж чадаагүй, тоглолттой үе таарсан. Заримдаа ээжийгээ өвдөхөд
хажууд нь байж, асарч чаддаггүй. Ер нь хамгийн хайртай хүмүүстээ хэзээ ч
өөрийнхөө хүссэнээр цаг заваа зарцуулж үзээгүй. Баяр ёслолыг ч бусад
шиг тэмдэглэж байсангүй.
-Та аавынхаа тухай ярихгүй юу?
-Саяхан
л хажууд байсан шиг санагддаг юм. Бүх л ажил үйлс нь бүтдэг, хийморилог
эр хүн байсан. Миний ижий, аав хоёр л ар гэрийн ажлыг амжуулна. Надад
их хайртай. Аав маань ээж, дүү нартай ам зөрвөл надад ирж хамаг юмаа
ярьж, гомдлоо тайлаад, сэтгэлээ амраадаг байсан. Арван хэдтэйгээсээ л
машин барьж сурсан жолооч хүн л дээ. Бүр 70 хүрчихээд машинаа унаад л
явдаг байсан. Хараа нь муудаад, би замд таарсан саадыг хэлж, ийшээ яв,
тийшээ яв гээд замыг нь заадаг байсан болоод ч тэр үү, намайг урдаа
суулгаж явах их дуртай. Нэг удаа хөдөө тоглолтоор явж байгаад жолоочид
“Наана чинь ийм юм байна, хүүе цаана чинь” гээд сурсан зангаараа
зааварлаад байсан чинь “За хүүхэн гуай, та тэр уул усаа л харж яв, би
замаа мэдье” гэсэн. Манай аав намайг загнасныхаа дараа ааруул өгч
аргаддаг байлаа. Би арааны шүлс асгаруулсан исгэлэн бор аарууланд
нугасгүй хүүхэд байсан. Яаж ч уурлаж байсан исгэлэн ааруул өгчихвөл
дороо л зүгээр болдог. Аав намайг уурлуулахаараа ааруулны эрэлд гардаг
байж билээ.
-“Odno’s
talk show” нэвтрүүлэг үзэгчдийн таашаалд нийцсэн. Та асуултаа өөрөө
бэлтгэдэг байсан уу. Хөтлөгч хийх ямар санагдсан бэ?
-Цаанаас бэлдсэн асуултын зарим нь таалагдахгүй бол өөрөө бэлтгэнэ. Дан
бэлэн асуулт асуугаад байвал би биш юм шиг болчихдог. Хүнээс асуулт
асуугаад л нэг их ярилцаж суугаад байдаггүй хүн болохоор хэцүү байсан.
Хүмүүс “Их уйллаа, нөгөө хүнээ яриулахгүй өөрөө яриад байна” гээд янз
бүрээр шүүмжилсэн. Шүүмжлэлд анхаараад ингэе, тэгье гэхээр найруулагч
Б.Чингүүн “Та өөрийнхөөрөө л бай. Хүмүүсийн санаанд нийцүүлэх байсан бол
бид сэтгүүлчээр хөтлүүлэх байсан юм” гэсэн. Нэвтрүүлгийнхээ зочны тухай
бяцхан судалгаа хийнэ, асуулт бэлтгэнэ, тоглолтоо хийнэ гээд охиндоо
зарцуулах цаг багасаад байсан учраас одоохондоо ток шоугаа түр
зогсоосон. Найруулагч маань утасдаад л, нэвтрүүлгээ хэзээ хийх вэ гэдэг.
Цаашдаа би ток шоугаа хөтлөх үү, үгүй юү гэдгээ одоохондоо хэлж
мэдэхгүй байна.
-Хүмүүсийн
багийг тайлж, чин сэтгэлээсээ ярилцах нь энэ нэвтрүүлгийн гол зорилго
гэж сонссон. Тэгвэл та өөрөө хэр их баг зүүдэг вэ. Одоо баг зүүж байна
уу?
-Анх
Б.Чингүүн найруулагч санал тавихад зөвшөөрөх болсон гол шалтгаан нь энэ.
Хаана ч очоод ярилцсан баг зүүсэн хүмүүс л тааралддаг. Мэдээж
өөрийнхөөрөө байна гээд бүх юмаа тоочоод байх утгагүй. Гэх дээ яагаад
хүнтэй чин сэтгэлээсээ ярилцаж болохгүй гэж. Би одоо баг зүүгээгүй,
үнэнээ л ярьж байна. Хааяа баг зүүх хэрэг гаралгүй яах вэ. Янз бүрийн л
зан араншинтай хүн таарна шүү дээ. Одончимэг гэдэг хүний амьдралдаа
баримталж явах гол зарчим, үзэл бодол, чиг шугамыг манай ээж
төлөвшүүлсэн. Хорвоод туйлын үнэн юм гэж байхгүй. Гэхдээ би аль болох
бага худлаа ярих юмсан, хүнд үнэн үг олон хэлэх юмсан, болж өгвөл
аливаад чин сэтгэлээсээ хандчих юмсан гэж хичээдэг.
-Таны хувьд хайр гэж юу вэ. Одоо тоглох гэж байгаа жүжгийн Сюэкө бүсгүйнх шиг хайртай учирч байсан уу?
-Хайр
гэдэг бол яг одоо дурлаад, яг одоо тэврэлдээд, яг одоо галзуураад,
хүсээд байгаа зүйлийг хэлэхгүй. Галзуурал дуусаж, түймэр дэгдээд
өнгөрсний дараа, нам гүм болсон цагт хайр мэдрэгдэнэ. Хорин хэдхэн
насандаа, дөчин хэдтэйдээ энэ л миний хайр байсан гэж хэлэх эрт.
Магадгүй би үхэхийнхээ өмнө энэ л миний хайр байж дээ гэж ойлгох байх.
-Тэгэхээр Т.Бархүүд хайртай, үгүйгээ мэдэхгүй гэсэн үг үү?
-Хайртай байлгүй яах вэ. Гэхдээ амьдрал дуусаагүй байхад дүгнэж хэлэх
эрт шүү дээ. Магадгүй өөр хайртай учрахыг үгүйсгэхгүй. Хэнийг хамгийн их
хайрласнаа, хэнд хайртай байснаа үхэхийнхээ л өмнө мэднэ.
-Ингэхэд та хоёр яаж нийлсэн бэ. Хайрын түүхээсээ хуваалцахгүй юу?
-Бараа
манай хамтлагт 2004 онд орсон. Аливаад хандаж байгаа хандлага, цэвэрч
нямбай зан, архи тамхи хэрэглэдэггүй гээд олон сайн чанартайг нь хараад
азтай бүсгүй л эхнэр нь болно гэж бодсон. Ийм л хүн миний нөхөр
байгаасай гэсэн шаардалагад нийцэж байсан. Гэхдээ тухайн үед эр хүн
гэсэн утгаар нь харж байгаагүй. Анх сэтгэлээ илчлэхэд нь шооконд орж,
хэзээ ч ийм зүйл байж болохгүй гэж хэлсэн. Магадгүй тэр үеэс л эр хүний
нүдээр харсан байх. Эхэндээ хоёулаа зүрх сэтгэлээ удирдаад, нийлэхгүй
байхыг хичээж байсан ч нэг мэдэхэд л нэг гэрт орсон. Ийм зүйл болохоос
өмнө өөрөөсөө олон дүү хүнтэй сууж байна гэж зүүдэлж байсан. Миний сайн
таньдаг хоёр ч хүн энэ үед өөд болсон юм. Тэр үед л амьдралынхаа тухай
их бодож, гэнэтийн шийдвэр гаргахад нөлөөлсөн. Би дандаа маргаашаараа
амьдарч ирсэн. Гэтэл би яагаад өнөөдрөөрөө амьдарч болохгүй гэж, найз
шигээ гэнэт цаг бусаар яваад өгвөл яах вэ гэж бодсон. Ганц амьдрахаас
хойш яагаад Бархүүтэй сууж болохгүй гэж, цавуугаар наасан биш дээ
болохгүй бол больж л орхиё гэж бодогдсон.
-Охин чинь хэрхэн хүлээж авсан бэ?
-Манай
охин Японд сурч байхад тэр хоёр интернэтээр харилцдаг байсан. Бархүү
манай охинд эхлээд надад сэтгэлтэй болсон тухайгаа хэлсэн юм билээ. Охин
маань “Та хоёр бүтэхгүй ээ” гээд л сургамж өгдөг байсан гэсэн. Та хоёрт
сургамж өгөөд, би ээж нь ч юм шиг гээд л охин шоолно. Одоо тэр тухайгаа
ярьж хөхрөлддөг юм.
-Охинтойгоо хамт ээж болсон гэх яриа дуулдсан. Энэ үнэн үү?
-Тийм
ээ. Би чинь хоёр охинтой болсон шүү дээ. 45 хоногийн зөрүүтэй. Ихэр юм
шиг л байдаг. Би ерөөсөө өөрийгөө эмээ болсон гэж боддоггүй. Төрөөд
удаагүй байхад охин минь амаржсан болохоор тэр мэдрэмж хүчтэй ирээгүй
байх
No comments:
Post a Comment