Thursday, November 21, 2013

Г.Ирээдүй: Арвандөрөвтэйгээсээ хойш гэрийнхнээсээ мөнгө аваагүй





14 настайдаа “Ноён IZ” компаниа байгуулж, цахим ертөнцийг ашиглан олон зүйл хийж болдгийг ойлгосон сүйхээтэй хүү бол Г.Ирээдүй. Тэрбээр одоо ШУТИС-ийн Мэдээлэл холбооны сургуулийн IT-ийн ангийн хоёрдугаар курст сурдаг бөгөөд сургалтынхаа төлбөрийг өөрөө олдог гэсэн. Хөдөлмөрийн амтыг эрт мэдэрсэн ч хүүхдийн гэмээр дэггүй зан нь арилаагүй түүнийг “Шинэ танил” буландаа урьж, ярилцлаа.
-“Ноён Айзи” компани ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Байгууллагуудын сурталчилгаанаас эхлээд интернэт орчинд хийж болох бүх зүйлийг хийдэг. Монголын Фэйсбүүкийн холбоог албан ёсны зөвшөөрөлтэйгөөр өнгөрсөн онд байгуулсан. Монголд фэйсбүүк хуудас хэрэглэдэг 500 мянган хүн байдаг юм билээ. Бусдын нэр хүндэд халдсан хуурамч хаяг, хуудсыг шалгаж, шаардлагатай гэвэл устгадаг. Удахгүй Нийслэлийн цагдаагийн газартай хамтрах бодолтой байгаа. Фэйсбүүкийн залуучуудын уулзалт, сайн үйлсийн аян зохион байгуулдаг. Мөн www.youtube.com хуудастай хамтарч, зөвшөөрөлгүй бичлэг, хараал, садар самуун агуулгатай зүйлсийг устгадаг. Анхны интернэт телевизийн сувагтай болохоор туршилтын цацалт явуулахад 3000 хүн үзсэн. Бас цахим ертөнцөөр цацагдах олон ангит кино хийж байгаа.
-Кинонд юун тухай өгүүлэх вэ. Зохиолыг хэн бичсэн бэ?
-Худал хэлээд өнөөдөр аргалж болох ч маргааш үнэнд баригдана гэсэн санаагаар залуусын амьдралыг харуулсан кино. Манай компани үндсэн долоон ажилтантай ч Айзи гэр бүлд хүсэл зорилгоороо нэгдсэн 100 гаруй залуу бий. Бид ярилцаж байгаад киногоо 64 ангитай байхаар төлөвлөж, эхний хорин ангийн зохиолоо бичсэн. Харин дараагийн ангиудын зохиолыг үзэгчидтэйгээ хамтран бичих юм.
-Таны “Ноён IZ” фэйсбүүкийн цахим хуудас 82 мянган дагагчтай. Яаж ийм олон дагагчтай болсон бэ?
-Намайг 14 настай байхад гэрийнхэн маань интернэт тавьж өгсөн. Найз охин минь гадаадад амьдардаг байсан учраас түүнтэй харилцах гэж ихэнх цагийг интернэт орчинд өнгөрүүлдэг болсон. Түүндээ зориулж, дуу, шүлэг, зураг интернэтэд тавьсаар нэг мэдэхэд миний цахим хуудсаар зочилдог хүмүүс ихэссэн. Тэднийг дагагч гэж ярих дургүй. Миний найзууд л гэж боддог. Хоногт зургаан цаг унтаж үлдсэн хугацааг цахим ертөнцөд өнгөрүүлдэг. Хичээлийн хуваариа ажлын гурван өдөрт шахаж зохицуулсан.
-Цахим ертөнцөөр “од” болохын давуу болон сөрөг тал юу вэ?
-Анх цахим хуудсаа нээхдээ миний нийтлэх зүйлийн 90 хувь нь орчуулсан зүйлүүд байх болно гэдгийг бичиж, сануулсан. Гэтэл хүмүүс намайг хулгайч гэх юм. Би хариуд нь та нар ч гэсэн хам хэрэгтнүүд гэдэг. Сайн тал нь би хүний доор захирагдаж ажиллах дургүй учраас хүссэнээ хийдэг. Сургуулиа төгсөөд энэ ажлаа хийнэ. Айзи гэр бүлд нэгдсэн залуучуудын үйлчлүүлдэг интернэт кафе, тоглоомын төв, хоолны газар, төрөл бүрийн сургалт семинар зохион байгуулдаг танхимтай болохыг хүсдэг.
-Нууц биш бол санхүүжилтээ хаанаас авдаг вэ?
-Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэгчээр байгууллагуудын туслалцаа, хийсэн ажлын үр шим, www.youtube.com хуудаст оруулсан бичлэгүүдийнхээ хандалтаас мөнгө олдог. Бид орлогынхоо 40 хувийг сайн үйлсийн аянд зориулдаг. Шинэ жилээр Нийслэлийн 114 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдэд бэлэг тарааж, амьдралын боломж муутай гурван хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн. Би арвандөрөвтэйгээсээ хойш гэрийнхнээсээ мөнгө аваагүй. Хааяа мөнгөгүйдэх үе гарвал тэднээсээ зээлээд, буцааж өгдөг.

No comments:

Post a Comment