16 настай шавилхан хүү Д.Мөнх Говь-Алтай аймгийн Урчуудын эвлэлийн салбарт дагалдан зураачаар очоод, анхны томилолтоороо Тонхил сум руу явжээ. Шуудангийн машинд дайгдсан хүү замын холд зүүрмэглээд нэг сэрэхэд зорьсон газраа очсон байв. Хаашаа явж, хэнтэй уулзахаа мэдэхгүй зогсож байгаад хүүхдийн гэнэн зангаар нэг хүүтэй барилджээ. Тэгтэл дарга бололтой хүн ирж “Явцгаа та нар. Аймгаас том төлөөлөгч ирэх гэж байхад ноцолдож байдаг задарсан тархинууд вэ” хэмээн загнаж гарч гэнэ.
Ноцолдож байсан өнөөх хүү ч тавхайгаа гялалзуулаад алга болов. Харин дарга “Үзэж хараагүй хүү байх шиг байна. Юун хүүхэд вэ” гэхэд нь гэмшсэн аятай шилээ маажаад “Аймгаас ирсэн зураач Д.Мөнх байна аа” хэмээн итгэлгүйхэн хэлжээ. Дарга ч сандарч “Д.Мөнх гуай уучлаарай, би тантай уулзахаар ирлээ” гэхэд нь өөрөөсөө олон ах хүнд гуай гэж авгайлуулсандаа цочих шиг болсон гэдэг.
Ингэж л урлагийн гавьяат зүтгэлтэн, алдарт зураач Д.Мөнх “гуай” хэмээн авгайлуулж, гавьяат гэж дуурсагдах болсон түүхтэй.
-Төрийн шагналт зураач Д.Маньбадар гуайн бийрийг угааж, будгийг нь бэлддэг байсан гэж сонссон. Уран зурагтай анх танилцсан тухайгаа хуучилна уу?
-Аав, ээж минь тууварчин болохоор хот, хөдөөгийн хооронд мал туудаг байлаа. Намайг зутраахгүй гэсэндээ хотод садангийн айлд үлдээчихнэ. Тэдний гэрийн эзэн намайг гарын уртайг анзаараад, Д.Маньбадар гуайтай уулзуулсны ачаар хээ угалзны их мастер, төрийн шагналт мундаг хүний дагалдан болсон. Урчуудын эвлэлийн хорооны хонгилд ардын зураач О.Цэвэгжав гуайн “Баатар Аюуш” хэмээх Халх голын тулалдааныг харуулсан их том зураг байдаг байсан. Монгол цэрэг пулемётны гол төмрөөр япон хүний толгойг хага цохиж байгаа дүрслэлтэй зургийг хараад яагаад ч юм намайг цохиж алчих гээд байх шиг санагдаад, багш дээрээ ганцаараа орохоос айдаг байсан. Хүн орж, гарахад хань татаж орно. Ингэж л зурагнаас айсаар байгаад зураач болсон хүн дээ.
-Та ихэвчлэн байгалийн зураг зурах юм. Яагаад заавал байгалийг дүрсэлдэг юм бэ?
-Дээр үед гэрэл зургийн аппарат ховор, зурагт байгаагүй учраас миний үед аливааг реалист чиглэлээр зурахыг илүүд үздэг байсан. Харин сүүлийн үеийн зураачид сэтгэлгээний бүтээл туурвиж, реалист бүтээлүүд хоцрогдоод байна. Оросын эрдэмтэд хэлэхдээ “Онгон байгаль устаж, алга болох гээд байна. Үзэсгэлэнтэй байгаа дээр нь одоо л сайн зурж, хадгалж ав” гэж сануулсан. Тухайлбал, бидний үед Дорнодын цэлийсэн талын тэнгэр нь хүртэл цэлмэг хөх, номин ногоон уулс нь налайж, хонь мал нь сул асгасан сувд шиг бэлчдэг байж. Харин одоо гол ус ширгэж, газар нутгаа энд тэндгүй нь нүхэлж байна. Ийм эмгэнэлтэй байхад зургаараа ч болтугай өвийг нь хадгалж, үр хойчдоо хадгалуулах хэрэгтэй. Энэ бол хөгшин зураач миний үүрэг юм даа. Би анх Эрдэнэт үйлдвэрийг барихаас өмнө Эрдэнэт уулыг зурж байсан. Тэр үедээ овойж, дүнхийгээд сүрлэг байсан уул одоо доошоо шигдээд орчихож. Тэгэхээр Эрдэнэт уул ямар байсныг миний бүтээлээс харах боломжтой.
-Та байгалийн зурагнаас гадна хөрөг зурдаг. Хөрөг зургийг амилуулахад юу хамгийн чухал вэ?
-Хөрөг зурдаг зураач бүрийн арга өөр. Зарим нь харцаар амилуулж байхад, нөгөө нь хөдөлгөөнөөр, аль эсвэл амьсгалаар хөргийн эзнийг харуулж байх жишээтэй. Бүр морь харж байгаагаар ч тэр хүнийг илтгэж болно шүү дээ. Эмэгтэй хүнийг зурахад ч олон янз. Түүнийг хайрлаж зурах, хүндэлж зурах, өхөөрдөж зурах бүгд ялгаатай. Бодол санааг нь яаж харуулах вэ, яаж илүү гоо үзэсгэлэнг нь тодотгох вэ гээд их юм бодно. Бүр час улаанаар, нов ногооноор ч илэрхийлж болно шүү дээ.
-Тэгвэл та ямар өнгөнд дуртай вэ. Ганцхан өнгөөр зур гэвэл алийг нь сонгох вэ?
-Энгийн хүмүүсээс ингэж асуувал өмсөх дуртай хувцасныхаа өнгийг хэлэх байх. Харин би бүх өнгөөр л зурах дуртай. Зураач хүн өөрөө өнгө зохиодог. Улаан гэхэд хорин янз байна. Хэрвээ ганц өнгөөр зур гэж тулгавал хараар л зурах байх даа. Гэхдээ хар өнгө миний бэлгэдлийн өнгө биш.
-Уран зураг бол харах яруу найраг гэдэг. Та яруу найраг сонирхдог уу?
-Сонирхолгүй яах вэ. Урлагийн хүн бүх төрлийг нь л сонирхож байх хэрэгтэй. Сонсох яруу найраг гэвэл дуу хөгжим болно. Харин зургийг хэлгүй урлаг гэдэг юм. Үзэж байгаа хүн хэрхэн мэдэрч байгаагаас л шалтгаална. Намайг бага байхад Л.Түдэв гуай манай орос хэлний багш байлаа. Нэг удаа тэр сумын үдэшлэгээр шог зураг, дуу, шүлгийн уралдаан зарладаг юм байна. Би ч Д.Нацагдорж “Миний ээж” шүлгээ үргэлжлүүлж бичсэн бол ийм байх байлаа гээд дөрвөн мөрт бичээд өгчихсөн. Уралдааны дүн гарахад “Нутгийн олон түмэндээ нэр сайтай ижий Нуугисан өтгөн цайндаа түмнийг татсан ижий Таньдаг, таньдаггүй хамаагүй дайлж суудаг ижий Талын чинээ сэтгэлтэй алгын чинээ ижий “ гэж бичсэн шүлэг маань нэгдүгээр байранд орж, “Пионерийн үнэн” сонинд хэвлэгдэж байлаа.
-Тэгвэл та яруу найрагч, зохиолчидтой хэр найзалж, нөхөрлөж байв?
-Л.Түдэв, Д.Пүрэвдорж, Ч.Лхамс үрэн гээд олон зохиолчтой найзалж явсан. Д.Пүрэвдорж гуай их цовоо, үгийн баялагтай, уран цэцэн яриатай, маш хөдөлмөрч хүн. Миний зурсан зураг номонд нь ч орж явлаа. Гадаад, дотоодод олон удаа цуг явж, юу эсийг хийх вэ дээ. Шатар тоглоод маргалдаж, барилцаж авсан удаа байхад Хятадын шар айрагны үйлдвэрт хэн нь хурдан уухаа үзэх гэж нэг амьсгаагаар пиво залгилж байсан үе ч бий. Хамгийн сүүлд шарилынх нь чулуун дээр хөргийг нь сийлж өгөөд үдсэн дээ.
-Зураач, зохиолчид уух дуртай байх юм. Та сархад хэр хүртэж байна даа?
-Манай дээр үеийн зураачид болох Ү.Ядамсүрэн, Д.Маньбадар, Г.Одон нар огт уудаггүй байсан юм. Харин миний үеийнхэн л их хүртдэг байсан. Зураачдыг уух дуртай болгосон хүмүүс бол зохиолчид шүү дээ. Бид ч тэдний шүлэг, зохиолыг унших гэнэ, тэд бидний зургаас мэдрэмжээ хөглөх гээд их найзалж, нөхөрлөнө. Зохиолчид албан газарт бүтээлээ туурвиж, хамаагүй тэндээ ууж болохгүй учраас зураачдын урланд ирээд хүртчихээд явна. Тэгсээр л зураачид уудаг болсон. Харин одоо уудаг зураач ховор.
-Таны бодлоор монголчууд уран зургийг хэр үнэлдэг болсон бэ?
-Манай улс хөгжиж, ард түмний амьдралын чадавх дээшилж байна. Хүмүүс уран зураг ойлгож, гэртээ ч их тавьдаг болж. Гэхдээ бидний бү- тээлийг үнэлж байгаа нь сайшаалтай ч ханш муу учраас үнэгүйдээд байх юм. Хөдөлмөр гаргаж, зовж зурсан зургийн үнэ хөлс будгийнхаа үнэд арай гэж хүрэх юм.
-Тэгвэл таны бүтээлээс хамгийн үнэд хүрсэн нь хэдэн төгрөг байв?
-Миний нэлээд гүрийж байж зурсан нэг зураг 1500 төгрөг хүрч байсан. Дээр үеийн ханшаар их мөнгө шүү дээ. Харин одоо бол хоёр, гурван саяар л авах юм. Хөгшин хүний зургийг сонирхох хүн ч цөөхөн. Би 40 жил хөдөө амьдарч байгаад ирсэн болохоор намайг таних нь ховор.
-Таны онгод ямар байдлаар ордог вэ. Хэр их зовж зурах вэ?
-Зүгээр байж байгаад л зурчихна гэж байхгүй. Зурна гэдэг чинь сэтгэлээрээ жингүйдэж, орчлонгоос тасарч байж мэдрэхийг хэлнэ. Зурах зүйлээ их судална. Би чинь Монголынхоо бүх газраар явж, судалсан хүн шүү дээ. Богд уулыг зуръя гэхэд яаж сүрлэг зурах вэ, гоо сайхныг нь хэрхэн харуулах вэ, ан амьтдыг нь хаана дүрслэх, өмнөх зураачдаас яаж илүү гарах вэ гээд олон зүйл бодно. Хоёр гурван сараар шаналж, хоногшоод ирэхээр шөнө зүүдэнд харагдана. Тэрийг л бүтээлдээ буулгана даа. Уран бүтээлчид онгод байдаг, байдаггүй гэж их ярьдаг. Онгодыг үргээж болохгүй. Тэр тархи, ухамсарт ороод ирсэн сэтгэмжийг үргээлгүйгээр болгоомжтой буулгахгүй бол нисээд явчихна. Суудлаа засаад, өрөөнийхөө хаалгыг хаагаад, өөрт тааламжтай орчноо бүрдүүлж, 100 грамм татвал татчихаад онгодоороо зурж суутал эхнэр орж ирээд, ногооны мөнгө нэхвэл өнөөх бодсон, санасан зүйл байхгүй болно гэсэн үг.
-Монголынхоо бүх нутгаар аялсан гэлээ. Таны бодлоор хам гийн сайхан нутаг хаанах вэ?
-Монголын нутаг бүхлээрээ сайхан болохоор салгаж хэлж болохгүй. Тухайлбал, шумуул ихтэй, өмхий лаг шавартай, хүн очихын аргагүй, бүгдийг сороод авчихдаг, мал амьтан унаад үхсэн цөөрөм байдаг. Тэр өмхий цөөрөм бусдаасаа хамгийн сонгодог нь. Намаг гэсэн утгаа төгс илэрхийлж байна шүү дээ. Тэгэхээр бүх юм өөрийн гоо сайхантай. Мөнх цастай уул олон байхад хамгийн их цастай, хүний мөр гараагүй тэр л хамгийн яруу сайхан нь.
-Та амьдралынхаа ихэнх хугацааг урлагт зориулсан гавьяатай хүн. Эргэн харахад харамсаж байсан зүйл бий юү?
-Анх зурж эхлэх үедээ бүжигчин болох шахсан шүү. Ташкентад бүжгийн сургуульд долоон жилийн хугацаатай сургана гэсэн зар хараад шалгуулахад 1500 хүүхдээс шалгарч үлдсэн. Зураг зурах сонирхолтой болохоор хаячихсан. Хэрвээ явсан бол ардын жүжигчин Ю.Оюун, О.Ганбаатар нартай цуг сураад мундаг балетчин болчих боломж байлаа. Хувь тавилан намайг зураач болгосон гэж боддог.
-Хэрвээ танд цаг хугацааг ухраах боломж өгвөл хэдэн насандаа очих вэ?
-Ямар гоё асуулт вэ. Хэрвээ болдог бол өнөөдрийн 70 гарсан насаа ухрааж 18-тай үедээ очмоор байна. Тэгээд 53 кг-ийн жинд барилддаг чөлөөт бөхийн тамирчин болох байсан. Миний үед чөлөөт бөх байдаггүй, үндэснийх л байлаа. Үндэсний бөхөөр барилдах гэхээр Б.Түвдэндорж гэж мундаг хүн байсан болохоор ганц гараараа л нуугиулна биз. Би чинь тэр үед сонирхохгүй юм байхгүй, дугуйчин, тэшүүрчин, шатарчин, даамчин, хөгжимчин явлаа. Эргээд залуу болбол зохиол бичиж, ер нь боломжтой бүгдийг сурах байсан.
-Таны шуналыг юу хамгийн ихээр хөдөлгөдөг вэ?
-Би их шуналтай хүн. Бизнесмен, эдийн засагчид мөнгөнд шунадаг байх. Харин уран бүтээлчид бид хийж байгаа бүтээлдээ л шунана. Нэг зураг зурж эхэллээ гэхэд гүйцээх гэж яарна. Зураг сайхан болох тусам улам шунана.
No comments:
Post a Comment