Thursday, November 21, 2013

Г.Ханхүү: ГАДААД ХҮНТЭЙ ХЭЗЭЭ Ч ГЭРЛЭХГҮЙ ГЭЖ БОДДОГ БАЙЛАА




Айл бүрийн хойморт урилгагүй заларсан ч хэзээний л гэр бүлийн гишүүн мэт хүндтэй зочин болж, хүмүүст цагаан инээд бэлэглэдэг нэгэн бол “Hey Hey”, “Нэг минут нэг сая” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Ханхүү. Тэрбээр Монголын утга зохиолын нэгэн том төлөөлөгч, хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Галбаатарын хүү билээ.
Сайн эцгийн нэрийг өндөрт өргөж яваа тэрбээр “Нийгэмд олон хар бараан зүйл байхад дээр нь телевизээр түүнийг нь гаргавал улам л дарамт болно. Тиймээс хүмүүсийг хөгжөөж, цөөн хором ч болов бухимдлыг нь мартуулахыг хичээдэг” хэмээн хэлсэн. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Нэр чинь их гоё юм. Аав тань хэл бичгийн хүн болохоор ийм өвөрмөц нэр хайрласан байх даа?
-Анхны хүү гэдгээр нь ийм нэр өгсөн. Хан гэхээр урд зүгийн аястай юм биш үү гээд өвөө жаахан дургүй байсан гэсэн. Бага байхад хүүхдүүд, өөрийгөө ханхүү гэлээ гээд их шоолдог байлаа. Би ч их ичнэ. Харин ахлах ангид ороод нэрээрээ бахархаж эхэлсэн. Хүний нэр их утга учиртай, хувь заяанд нөлөөлдөг гэж боддог. Аливаа зүйлд манлайлагч ханхүү нь байх юмсан гэж хичээж явна. Заримдаа хүнтэй танилцаад нэрээ хэлэхээр тоглож байна гэж бодоод “Тэгвэл миний нэр Гүнж” гээд янз үзэх тохиолдол ч гардаг байсан. 
-Хүний нэр хувь заяанд нөлөөлдөг гэлээ. Цаанаас зурсан хувь тавилан байдаг гэдэгт чи итгэдэг үү?
-Гэр бүлийнхэн, аав ээжүүд хүүхдийнхээ амьдралын замыг тавьдаг. Харин бид тэр замыг бүдгэрүүлэх үү, тодруулах уу, урт байлгах уу гэдгийг өөрөө шийднэ. Нэгэнт энэ хорвоод хүн болж төрсөн бол амьдралыг туулаад л дуусгана. Зөв амьдарч, ээж аавыгаа амьд байгаа дээр нь бага ч гэсэн баярлуулах юм сан гэж бодох юм.
-Мундаг аавын хүү учраас хүмүүсийн хандлага өөр байдаг уу?
-Ажил дээр дарга нар Г.Ханхүү гэхээсээ илүү Д.Галбаатар багшийн хүү гэж цоллодог учраас хариуцлага улам их нэмэгддэг. Аавынхаа хэмжээнд хүрч чадахгүй ч сайн нэрийг нь унагаахгүй юмсан гэж хичээдэг.
-Д.Галбаатар багш шавь нараа “Мэдлэг хуримтлуулж байвал хичээлд заавал суух шаардлагаг үй” гэдэг. Дуу цөөтэй хэр нээ донжийг нь олоод ёжилчихдог болохоор оюутнууд ч их айна. Харин үр хүүхдүүддээ ямар сургамж хэлдэг бол? 
-Манай аав их ардчилсан хүн л дээ. Ахлах сургуулиа төгсөөд МУИСийн хууль эсвэл сэтгүүлзүйн ангийн аль нэгэнд орох боломж тохиосон. Ааваас асуутал, сонголтоо өөрөө хий, чиний л амьдрал гэсэн. Ер нь манай гэрт тогтсон журам гэж байхгүй. Мэдээж буруу юм хийвэл дуугүй сууж байгаад ганц л хэлнэ. Барагтай бол дуугарахгүй. Тийм хүнээс хүмүүс их эмээдэг шүү дээ.
-Хуульч болж магадгүй байжээ. Яагаад сэтгүүлч болохоор шийдсэн юм бэ?
-Багадаа Г.Золжаргал ахыг герман хүнээс эх хэлээр нь ярилцлага авахыг хараад үнэхээр биширсэн. Тэгээд би ч бас ийм чадварлаг сэтгүүлч болох юмсан гэж мөрөөдсөн. Телевизийн хөтлөгч, сэтгүүлч болно гэж бодоогүй. Сонины сэтгүүлч л болно гэдэг байсан. Оюутан байхдаа ангийнхаа дөрвөн хүүтэй нийлээд “Нийгмийн толь” гэж сонин гаргадаг байлаа. Бүгдээрээ өөрсдөдөө том албан тушаал өгчихсөн. Би сониныхоо эрхлэгч нь байлаа. Манайхан намайг Японд сурч байхад одоогийн “Нийгмийн толь”-ийнхонд эрхийг нь зарсан юм билээ. 
-МҮОНТ-ийн өндөр босгыг яаж давсан бэ? 
-Оюутан байхад багш нар МУИСийг төгссөн л бол заавал нэр хүндтэй байгууллагад ажиллаарай гэж захи даг байсан. Үндэсний телевизэд орох миний мөрөөдөл байлаа. Японд до лоон жил сурч ирээд бүх зүйлийг тэгээс эхэлсэн. “Hey hey” нэвтрүүлгийг анх өөрсдийн мөнг өөрөө хувийн студид бичүүлээд ТМ телевизэд өгдөг байсан. Хоёр жил нэвтрүүлгээ хувийн зардлаар хийгээд эдийн засгийн хувьд хэцүүдсэн. Тэгээд л МҮОНТ-д хүсэлт тавьж хоёр жил гэрээгээр ажиллаад саяхнаас жинхэлсэн. Мөрөөдлийн минь нэг хэсэг биелсэнд баяртай байгаа. Одоо мундаг телевизэд орчихлоо гээд баярлаж суухаасаа илүү “хэн бэ гэдгээ үзүүлэх хэрэгтэй” гэж боддог. Монголдоо энтертайнмэнт нэвтрүүлгийг хөгжүүлж, өөрөө салшгүй нэг хэсэг нь болох юмсан. 
-Нэвтрүүлгийн оролцогчидтойгоо чөлөөтэй харилцаж, өөрийнхөөрөө байдаг тань үзэгчдийг телевизийн өмнө уяж чаддаг гол нууц болов уу?
-Би аавыгаа дуурайсан дуугүй талдаа хүн. Миний мэргэжил хэдий сэтгүүлч ч гэсэн хөтлөгч хийж байгаа учраас өөрийгөө өөрчлөх шаардлага гарсан. Тэгэхээр миний дотор хоёр Ханхүү оршдог гэсэн үг. Зарим хүн “Чи телевизээр гардгаасаа тэс өөр болчих юм. Их зантай юм аа” гэдэг. Жинхэнэ Ханхүү дуу цөөтэй болохоор надаас телевизээр гардаг шиг нүүрэмгий, наргианч хүнийг хүсээд байдаг байх л даа
. -“Hey hey” нэвтрүүлгийн үеэр хүмүүсийг тогонд цохиулдаг. Та өөрөө тэр “цахилгаан сандал”- даа сууж үзсэн үү?
-Үзэлгүй яах вэ. Хүнд аюултай байна уу, хэр өвдөх вэ гэдгийг өөрийн биеэр туршина. Булчин задрах гэж байгаа юм шиг л өвддөг. Манайд бүр хөдөлмөрийн аюулгүй байдлын байцаагч ирж шалгасан. Хүний биед аюул учруулахааргүй л юм билээ. Гэхдээ зарим оролцогчид биед цэврүү үсэрчихлээ гэдэг юм.
-Саяхан Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Чи тамхи татдаг уу? 
-Татдаг байсан. Мянганы сорилтын сангаас зохион байгуулсан “Архи тамхи шинэ үеийн сонголт биш” кампанит ажилд оролцсон. Хүмүүст “тамхи хортой” гэж сурталчилдаг хүн өөрөө татаж болохгүй гэж бодоод гарсан. Урьд нь хүмүүст “тамхиа хаяна” гэж амлаад амлалтдаа хүрдэггүй байсан. Харин өөртөө амлаад, хичээвэл хэцүү зүйл биш юм билээ. Багадаа дүрсгүйтээд тамхи зуучихсан сууж байгаад аавдаа баригдаад алгадуулж байсан.
-Малайз эхнэртэй гэж сонссон. Эмэгтэйчүүд гадаад хүнтэй суувал үндэстэн мөхөхийн шинж гэдэг бол эрэгтэй хүн харь эхнэр авбал генээ сайжруулаад сайн хэмээдэг. Гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Японд сурч байхдаа танилцаад 11 жил үерхсэн. Хоорондоо японоор ойлголцдог. Би өөрийгөө их хаадтай харьцуулсан юм биш шүү. Гэхдээ эрт үеэс л монгол хаад харь орноос хатан авч цусаа сэлбэдэг байсан. Монгол эрээс гарсан хүүхэд монгол хүүхэд. Харин малайз аавтай, монгол ээжтэй байвал гадаад хүүхэд болж таарна. Тэгэхээр би өөрийгөө буруу зүйл хийсэн гэж боддоггүй. Аав минь чимээгүй байж байгаад хуриман дээр үг хэлэхдээ “Тэр холын малайз охин монгол залуутай Япон улсад учирна гэдэг бол хувь тавилан” гэсэн. Манай эхнэр айлын ганц охин. 
-Эхнэртэйгээ ойлголцохгүй тохиолдол гардаг уу. Хайр гэж юу вэ? 
-Бид хоёр япон хэлээр харилцдаг. Олон жил тэнд амьдарсан болохоор бэрхшээл байдаггүй. Гэхдээ эдийн засаг, эрүүл мэнд, шинжлэх ухааны тухай ярих болбол ойлголцоход хэцүү. Заримдаа монголоор ярих юмсан гэж боддог л юм. Шууд хайрладаг, дасдаг гээд хайр олон янз байдаг. Эхнэртэйгээ анх үерхэж эхлэхдээ гадаад хүнтэй хэзээ ч гэрлэхгүй гэж ярьдаг байсан хүн суучихсаныг бодоход дасаж хайрласан юм шиг байна. 
-Хэвлэл мэдээллийнхэн их завгүй байдаг. Чөлөөт цаг гарвал юу хийдэг вэ?
-Манай телевиз хариуцсан ажлаа хийсэн л бол заавал цагт баригдаж ширээний ард суу гээд байдаггүй, их чөлөөтэй. Гэхдээ шинэ жил, баярын үеэр ажил дээрээ хонох ч үе бий. Эрч үүд ч яахав, эхнэртээ бүгдийг даат гадаг болохоор хүндрэл багатай. Ха рин эмэгтэйчүүд үр хүүхэд, ар гэр, ажил гээд олон зүйл нуруун дээрээ үүр дэг учраас хэцүү байх. Цаг гарвал сагсан бөмбөг, боулинг тоглох дуртай. Ер нь биеэ эрүүлжүүлж, өөрийгөө хөгжүүлэхийг боддог. Англи хэлээ сайжруулахгүй бол болохгүй болоод байна. Зарим хүн ойр зуур ярьдгаа хэл мэддэг гэх юм. Сайн мэдэхгүй бол тэгж ярих зохимжгүй.
-Аав тань профессор хүн болохоор хүүгийнхээ боловсролд их анхаарал тавьдаг байх даа?
-Аав намайг бага байхад “Орос хэл бол бүх хэлний үндэс суурь. Орос хэлийг л сайн ойлгож байж бусдыг нь сурч чадна” гэж сургамжилдаг байлаа. Би тэгэхээр нь “Тэр орос хэлийг чинь сурахгүй байж байгаад өөр хэл сурч үзүүлнэ” гэж хэлж байсан. Одоо бодоход үгийг нь л зөрөх санаатай тэгж хэлсэн юм уу даа. Харин би орос хэл сураагүй мама папатайгаа л байна. 
-Сагс тоглодог, өндөр болохоор охид араас чинь их гүйдэг байсан уу?
-Охидыг гуйхгүй, өөрөө ч гуйлгадаггүй тийм л хүүхэд байсан. Зарим хүүхэд намхан ч гэсэн авьяастай болохоор сагс сайн тоглоно. Харин би намхан, дээр нь муу тоглодог болохоор шоовдорлогдоно. Харин нэг зунжин сагс тоглосоор овоо өндөр болсон.
-Оюутан байхдаа поп урсгалаар дуулдаг хамтлагийн гишүүн байсан гэсэн үү?
-1998 онд шүү дээ. Тэр үед хүүхэд бүр л хамтлаг байгуулдаг байлаа. Би ч юугаар дутах вэ гээд сургуулийнхаа хоёр хүүтэй нийлээд “Кардинал” нэртэй хамтлаг байгуулсан. Солгой хоолойтой байж клиптэй гэж байгаа. Нэг удаа “UBS” телевизээр Б.Ангирмаа эгч хөгжмийн нэвтрүүлэг хөтл өөд “хамгийн хамгийн” тодруулж байсан юм. Хамгийн муу дуутай клип гэхээр нь сонирхоод харж байтал ах хүү өөрөө гараад ирдэг байгаа. Б.Ангирмаа эгчийн ачаар хүн чаддаг зүйлээ л хийх ёстойг ойлгосон. Хэрвээ тэр үед хип хоп дэлгэрч байсан бол реппер гээд л явах байсан байх даа.

No comments:

Post a Comment