Sunday, January 5, 2014

Татъяна Никулина:Хүмүүс Никад хайртай, Тэр эндээс яваагүй байгаа



“Бусдын амжилтад уурлаж, атаархалгүй харин ч тэдэнтэй хамт баярлаж, уйлах хэрэгтэй. Амьдралынхаа хором мөч бүрийг баяр баяслаар дүүргэж байж аз жаргалтай амьдарна шүү дээ. Хэзээ нэгэн цагт хүмүүс бүгдээрээ энэрэнгүй, ухаалаг болно гэдэгт би итгэж байна” хэмээн ЗХУ-ын ардын жүжигчин, алиалагч Юрий Никулин хэлсэн удаатай. “Авга Никулин” хэмээн багачуудын хайрладаг алиалагч 1921 оны арванхоёрдугаар сарын 18-нд Смоленск мужийн Демидов хотод шог зохиолч Владимир Андреевичийн хүү болон мэндэлжээ. Түүнийг дөрвөн настай байхад аав нь Москвагийн сонинд ажиллахын зэрэгцээ циркийн театрыг удирдах болсон тул төрөлх хотоосоо нүүсэн байна. 1939 онд цэрэгт татагдсан тэрбээр эх орны дайн, Финляндын дайнд оролцсон, ахлагч түрүүч цолтой. Дайны дараа Оросын театр урлагийн академи, Шепкиний драмын сургууль тэргүүтэй хэд хэдэн театрын сургуульд суралцахаар шалгуулсан ч марзан төрхөөсөө болж тэнцээгүй гэнэ.
Эцэст нь Москвагийн циркийн алиалагчийн ангид орж, бүх л хүнд хэцүүг сурч, алдарт алиалагч Карандашийн туслахаар ажиллан 1950 он гэхэд мэргэжлийн алиалагч болжээ. Парик өмсөж, улаан хамар зүүдэг байсан түүнийг нэгэн ахмад циркчин “Будаж хэрэггүй, Чи угаасаа алиа царайтай” хэмээхэд нь нүднийхээ доод зовхийг харлуулахаас өөр будалт хийхээ больсон гэнэ. Бүх Оросын хайртай жүжигчин Никулин 1981 онд Цветный Бульварь дахь циркийн найруулагчаар ажиллаж байгаад дараа жил нь захирал нь болсон гэдэг. “Эрдэнэ нуусан гар”, “Ы ажиллагаа”, “Кавказад олзлогдсон бүсгүй”, “Шурикийн адал явдал” зэрэг киногоороо бидний эчнээ танил болсон ЗХУ-ын ардын жүжигчин Юрий Никулиний эхнэр Татъяна нөхрийнхөө тухай дурсамжаа “Караван” сэтгүүлийн уншигчидтай хуваалцсаныг хүргэе. Саяхан би түүх өгүүлж, дурсамж сэдрээсэн гэрэл зургуудаа эргүүлэн үзлээ. Мянга, мянган зургаа ялгах гэж хэдэн долоо хоног зарцуулсан.
Дурсамж тээсэн хуучин зураг, хальсыг хэзээ ч зүгээр л нэг үзээд өнгөрнө гэж үгүй. Зураг дарсан үеийн минут, хором мөч бүрийг энэ хальснууд эргүүлэн авчирдаг. Гэхдээ эд надад хэрэггүй ээ, Никагийн минь хажууд юу ч биш шүү дээ, түүнийгээ би сэтгэлдээ хангалттай дурсан санадаг. Би Тимирязовын академид суралцаж байхдаа морин спортоор хичээллэдэг байлаа. Нэгэн өдөр циркийн үдэшлэгт уригдсан юм. Тэнд би анх Никагаа харсан. Охид түүнээс харцаа ч салгаж чадахгүй байсан. Тэр үед хань минь хараахан нэр алдартай болоогүй байсан ч яг л од шиг , хүмүүс тойрон хүрээлж байсан. Би тийм ч хөөрхөн охин байгаагүй ээ. Гэхдээ л Юра минь охидын дундаас зөвхөн намайг л бүжгэнд урьсан юм. Түүний энгийн, хөгжилтэй яриа миний сэтгэлийг татсан. Энэ учрал тохиолдол биш, хувь заяа байсан. Би түүнийхээ тоглолт бүрийг алгасалгүй үздэг байлаа. Тэр тоглолтын үеэр морин дээр гарахаар оролдон бүтэлгүйтэж буй нь үзэгчдийн элгийг хөшөөдөг байж билээ. Нэг удаа Ника бүдэрч унаад морины хөлд гишгүүлж, цус нөжтэйгээ хутгалдан хэвтэж байсан. Тэр хэсэг хугацаанд нүдээ нээх боломжгүй болж, айхтар хавдан, гавлын яс нь цуурсан учир хэдэн сар эмнэлэгт хэвтсэн. Би түүнийг эргэж очиход тэр мөн ч их гайхсан даа. Тэр өдрөөс хойш сар гаруйн турш өдөр бүр би түүнийг эргэж, энэ хэрээр бид дотноссон. Удалгүй Юра ч надад гэрлэх санал тавьсан, би ч татгалзаагүй. Гэрлэлтийн товчооноос бидэнд гэрлэхэд гурван сарын хугацаа өглөө. Энэ үед Юра өөр хотуудад аялан тоглолтоор явж, цалингаа над руу явуулдаг байсан. Би түүгээр нь хуримын даашинз авснаа л санаж байна. Одоо бидний хуримын зураг хаана ч байхгүй ээ, үрэгдэж алга болсон байна лээ.
Бид 20 гаруй жил нийтийн байрны нэг өрөөнд амьдарсан. Циркийн ахмад жүжигчин ингэж амьдарч болохгүй гээд нэг байр өгсөн. Тэрэнд нь одоо хүртэл амьдарч байна даа. Тэр минь хэчнээн хүнд тус болсныг тоолоод барахгүй. Мөн ч олон хүнд буян болсон доо. Нэг удаа Ленинградад тоглолтоор явсан юм. Биднийг зочид буудалд байхад 10 орчим насны хүүгээ дагуулсан эмэгтэй ирээд “Та миний хүүг алдартай циркчин болгоод өгөөч, бид их хүнд амьдралтай” гэсэн. Юра ч сандарч энэ тухай дараа ярилцъя гэсэн.
Эмэгтэй Юрагийн гараас зөөлнөөр атгаад “Энэ хүүхдийг энд үлдээлээ, яахаа та өөрөө л мэд, хувь заяа нь таны гарт байна” гэсэн. Юра “Надад ч амьдрахад хэцүү л байна” гэх зуураа хүүг харахад өнөөх нь газар ширтэж, их л өрөвдөлтэй харагдсан даа. Юра ч хүүг авахаар шийдсэн. Маргааш нь эмэгтэй хүүдээ хэдэн төгрөг өгөөд, биднийг вокзал дээр нулимстай үдсэн. Ханийн минь хүн чанар л түүнийг бүрэлдүүлдэг. Хэрвээ тэр хүүд нөхөр минь туслаагүй бол Юрий Никулин биш байх байсан юм.
Нэг удаа Ника дотнын нөхөр Коля Густав нь их л хэцүүхэн амьдарч байгааг дуулсан. Дайны үеэр алс холын тосгоноос ирсэн, бичиг үсэг ч мэдэхгүй цайлган хүүтэй Ника нөхөрлөж, үмх талхаа хуваалцаж, нэг шинель нөмөрч унтдаг болтлоо дотноссон юм билээ. Коля төмөр замын байцаагчаар ажиллаж, вагончикт амьдардгийг дуулаад Юра тэдний хот руу аялан тоглолтоор явсан. Ингээд хотын даргатай нь уулзаж, орох оронтой болгож, тэтгэврийг нь тогтоолгосон. Юра дайны тухай ярих дургүй, хүнд жилүүд түүний сэтгэл зүй, зан аашинд айхтар нөлөөлөөгүйд бурхандаа баярладаг. Хань минь миний ээжтэй их дотно. Хөгжилтэй зан, илэн далангүй байдал, сонирхол нь тэднийг ойр болгосон гэж би боддог. Юра “Хадам ээж биш, миний хоёр дахь ээж” гэдэг байсан. Ээж минь түүний тоглолт бүрийг алгасалгүй үздэг байлаа. Юрагийн ээж ч хүүгийнхээ тоглолтыг үзэж, түүгээр бахархдаг байсан. Харин түүний аав Владимир Андреевич л мэдлэг боловсролтой хүн атлаа хүүгийнхээ амжилтад атаархдаг байсан. Тэр хошин жүжиг, шог зохиол, фельетон бичдэг байсан ч хэвлэгдэх нь ховор болохоор их бухимдана. Хүүгийнхээ тоглолт, киноны нээлтэд ирж байсныг нь би ер санадаггүй. Юра өөрийнхөө алдар нэрд барддаггүй, даруу зантай. Од гэж магтуулах их дургүй. Хэчнээн том шагнал, гавьяа хүртсэн ч Никулин өөрчлөгдөөгүй. Тэр архи уудаггүй, сайн найзуудтайгаа хааяахан хоёр гурван жүнз л хүртэнэ.Петр Баталовтой нэг өдөр гавьяат жүжигчин цолоор шагнуулчихаад бие биедээ баяр хүргэж, шөнийн хоёр цаг хүртэл уусныг нь л санадаг. Тэр аялан тоглолтоор явах үедээ гэрийн хоолоо их санана. Хань минь гоймонтой котлет, гурилтай тахианы шөлөнд их дуртай. Биднийг Австралид тоглолтоор очиход үнэхээр муухай буудалд оруулсан. Давчуу жижиг өрөөнийх нь бүх эдлэл, даавуу нь хүртэл хуучин, гэрэл муутай бүүдгэр. Миний ч уур хүрч, “Гавьяатаа арай дээр өрөөнд оруулж болоогүй юм байх даа” гэхэд Юра тайвнаар “Амттай пирошкийг бүгд хүртдэггүй шүү дээ” гэж билээ. Түүнээс хойш би энэ талаар нэг ч гомдоллож байгаагүй.
Юрагийн бүх юм энгийнээс энгийн, шуудай шиг өргөн шулуун өмд өмсөнө, гутал нь үдээсгүй. Нэгэн баяраар циркийн хамт олон нь түүнд гэнэтийн бэлэг барьж, шүүгээнд нь хар, цагаан хоёр костюм өлгөчихсөн байсан. Юра тэдгээрийг амьдралдаа тоотой хэдэн удаа л өмссөн. Түүнийг оршуулахдаа цагааныг нь өмсгөсөн юм. Юрагийн баруун хавирганы орчимд булдруу ургасан. Эмнэлэгт үзүүлье гэхээр зүгээр гэж хойш тавьсаар байв. Тэр булдруу л түүнийг өөд болоход нөлөөлсөн гэж боддог. Удалгүй Ново-Катерин эмнэлэгт мэс засалд ороход эмч нар “Нөхрийн тань биеийн байдал хүнд байна. Сүрьеэ өвчний улмаас бий болсон том идээт буглаа байна. Түүнийг нэг пенициллин аварч болно, гэхдээ олдоц муутай” гэсэн. Би олон эмнэлгээр явж мухардалд ороод эцэст нь яаманд очиж, уйлан дуулсан. Тэдний сэтгэл ч зөөлөрч, пенициллинээ авсан. Ээж маань Украиныг зөөлөн уур амьсгалтай сайхан газар гэж зөвлөснөөр бид тэнд очсон. Сайн эмч нарын ачаар Ника ч хөл дээрээ бослоо. Тэр үед Ника хэдийнэ алдар нэрд гарсан учир Шевченкод тоглолт хийхийг урьсан. Тэнд олон хүн бужигналдаж байлаа. Никаг минь өвтгөчих вий гэж би их айж билээ. Техникийн саатал гарлаа хэмээн зарлуулсан ч Никулин гарч тоглосон. Тэр ямар ч үед тайван байж чаддаг. Би 47 жил түүнтэй ханилахдаа биеэ барьж чадахгүй болтлоо уурлаж байхыг нь хоёрхон удаа харсан. Шуйдин Никулин хоёр Карандашийн туслахаар ажилладаг байсан. Удалгүй Шуйдин, тэр хоёр бие даан тоглолт хийж, нэр алдартай болсон. Гэтэл Карандаш тэднийг үргэлж шүүмжилж, муулах болсон. Сүүлдээ тэсэхийн аргагүй муу үгээр доромжлох болов. Ника ч тэвчихээ больж сүх аван түүн рүү далайж “Би чамайг ална шүү” гэсэн юм. Карандаш юу ч дуугараагүй. Аз болж циркийн ажилтнууд тэднийг салгасан. Надад нэгэн кинонд тоглох боломж олдсон. Гэтэл Юра уурлаж “Би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь чи миний дэргэд байх ёстой. Бид холдвол гэр бүл салж ч болох юм” гэсэн. Гэхдээ л “Эрдэнэ нуусан гар” кинонд нөхрийнхөө хяналтан дор тоглосон. Тэр киноны олон саналд дарагдахын хажуугаар циркийн даргаар ажиллаж, үнэхээр завгүй байсан. Гэхдээ гэрийн ажилд залхуу. Гэр ахуйн талаар ямар ч ойлголтгүй, ариун цэврийн цаас аваад ир гэвэл авдраар нь авчихаад хүмүүст үнэгүй тарааж мэдэх л хүн байсан даа.
Харин хүүхдүүдийнхээ хүмүүжилд их анхаарна аа. Тэтгэвэрт гарахаараа хүүхдүүддээ зориулж ном бичнэ гэдэг байсан. Бяцхан Максим эцгийнхээ нар нь. Түүнийг Москвад төрүүлж байхад Юра Ленинградад тоглолтой байлаа. Хүүтэй болсноо дуулаад хоёр өдөр Ленинградын циркийг донсолтол тэмдэглэсэн гэсэн. Максимыг наймтай байхад нэг бөөр нь ажиллагаагүй болсон. Никулин үргэлж л түүнийг өмөөрдөг, намайг үг хэлүүлдэггүй. Том болсон хойноо ч машиныг нь унаад шөнөжин зугаалж үүрээр орж ирэхэд нь загнана гэж үгүй. Хүүгээ ажилд оруулахаар хөөцөлдөж, “Өглөө” нэвтрүүлгийн найруулагчаар тавиулсан ч дур зоргоороо шинэ зүйл оруулдаг байсан нь удирдлагуудад нь таалагдаагүй учир ажлаасаа халагдсан. Тэр цагаас Максим эхнэрийн хамт аавынхаа өгсөн машинаар бараа зөөж, наймаа хийх болсон. Юра 1997 оны наймдугаар сарын 21-нд өөд болсон. Авсыг нь циркийн манежид түр байрлуулсан. Хайртай алиалагчдаа баяртай гэж хэлэхээр олон мянган хүн ирсэн. Тэр үеэс хойш 16 жил өнгөрчээ. Би одоо Юратай хамт кино үзэж чадахгүй, түүний тоглолтыг үзэж чадахгүй. Гэхдээ л хүмүүс Никад хайртай, тэр эндээс яваагүй байгаа...

No comments:

Post a Comment