Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын зээ дүү А.Буянбаттай ярилцлаа. Тэрбээр 20 гаруй жил үлгэрийн ном зарж амь зууж байгаа аж. А.Буянбат “Ахад дургүй хүмүүс ирээд зодчихож магадгүй” хэмээгээд зургаа авахуулсангүй.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Миний аавыг Юмжаагийн Аюуш гэдэг. Би гурван эгчтэй, айлын бага. 23 дугаар сургуулийг 1979 онд төгсөөд элсэлтийн шалгалт өгөхөд Германд инженерээр сурах боломж олдсон. Гэвч “Хэлний бэлтгэлд хоёр жил, мэргэжлээрээ таван жил сурч байж төгсөнө, шар айрагны лүү болно, гадаад эхнэр дагуулж ирнэ, наймаачин болчихно” гэж ээж, эмээ болгоомжлоод явуулаагүй. Ингээд Цэргийн дээдэд өргөдөл бичээд Орост сургуульд явсан. Тэр үед дарга нарын хүүхдүүдтэй сурдаг байлаа. Намайг Маршалын дүү гээд халдаж найзалдаггүй байсан. Төгсөөд Хилийн цэрэгт холбоогоор ирсэн мэдээллийг дарга нарт илтгэдэг нарийн бичгээр ажилласан.
-Тэгээд яагаад номын наймаачин болчихов оо?
-Тэр үед цэргийнхэн сайд нар шиг өндөр цалинтай. Тэндээ дөрвөн жил ажиллаад ахлах дэслэгч цолтой байхад ардчилал гарч, олон офицер халагдсаны нэг нь би. Гурван сар ажилгүй хэвтэж байгаад гаалийн ажилтан боллоо. Энийг ч гаргаад өг, тэрийг ч оруулаад өг гэж хүмүүс гуйгаад их хэцүү юм билээ. 1990-ээд оны эхээр оросуудыг нутаг буцаах боллоо. Тэд угаалгын машин, зурагт зэрэг эд хэрэглэлээ Орос руу авч явах гэхээр худалдаж авсан талонгүй бол боломжгүй. Ингээд л оросууд намайг “найрч” өглөө эрүүл гарсан хүн орой халамцуу харина. Удалгүй 45 хоногтой охин минь өөд болж, эхнэр ч орхиод явсан. Солонгос хүнтэй суугаад, одоо Америкт хими цэвэрлэгээний газар ажиллуулдаг. Хүүгээ 13 жил хараагүй. Саяхан нэг ачтай болсон. Бэр маань өнгөрсөн зун Монголдоо ирсэн ч би хөдөө байж таараад уулзаж чадаагүй ээ. Найз маань орос толь бичгүүдээ зараад өгөөч гэж гуйхаар нь аваад гарсан чинь их хурдан борлогдсон. Ингээд сурах бичиг, уран зохиолын ном зардаг боллоо. Тэгтэл нэгэн олон улсын байгууллага сурах бичиг хэвлээд сургуулиудаар тарааж эхэлсэн. Наймаа минь ашиггүй боллоо. Ингээд Монголын ирээдүй болсон хүүхдүүддээ зориулж оньсого, түргэн хэллэг, үлгэрийн ном, IQ хөгжүүлэх бодлогын хураамж зарахаар шийдсэн дээ.
-Тэгээд хүүхдийн ном зарах хэр ашигтай байна даа.
-Анх Төв шуудангийн хажууд зогсдог байлаа. Гадаа зогсдог болохоор цагдаа нар торгоно. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цагдаа нар ээлжлээд торгоод байхаар нь “Мөнгөн завьяа” дэлгүүрийн ойролцоох нүхэн гарц дотор ном худалддаг болсон. Би номнуудаа үйлдвэрээс нь авч чаддаггүй, худалдаачид цагаан сар, шинэ жилээр мөнгө муутай болоод хямдруулахаар нь авч хурааж байгаад зун 150 төгрөг нэмээд л зардаг. Гурван жилийн өмнө өдөржин зогсоод тамхины мөнгө л олдог байсан бол одоо 8-10 мянган төгрөгийн ашигтай. Хүүхдийн баяраар 30 мянгыг олж байлаа. Хүний гар дээрээс ном авахаа больсон. Хүүхдүүд ирээд номоо зарчихаар хулгайн ном байж таардаг. Ингээд зогсож байхад хамт сурч байсан нөхөд тааралдаж “Тийм том сургуульд сурч байсан хүн одоо гуйлгачин шиг гудамжинд зогсож байх юм” гэдэг, би дуугардаг ч үгүй.

Зүүн гар талаас А.Буянбат, Ж.Нансал, Ю.Аюуш
-Та ганцаараа амьдардаг хэрэг үү. Аав тань хаана байдаг вэ?
-Манай аав өдгөө 86-тай, эгчтэй хамт “Найрамдал” зуслангийн ойролцоо цэвэр агаарт амьдардаг. Яг хаана амьдардгийг нь мэддэггүй, машин унаагүй болохоор тийшээ очоогүй таван жил болж байна. Эгч нар л эргэж тойрдог. Би яах вэ, орос “сургуулиар” гоймонтой тахианы шөлөө хийж идээд л амьдарч байна.
-Аав тань ихэр байх аа?
-Тийм ээ, багадаа эндсэн гэнэ лээ. Манай өвөөгийнх 12 хүүхэдтэй өнөр бүл. Өвөө хоёр бухаараа газар хагалж, тариа тариад талхаа барьчихдаг байсан гэсэн. Аав 10 настайгаасаа баян айлын хонийг хариулдаг байсан. Дээр үед лам нар сүсэгтэн олны өрг өл барьцаар хөрөнгөжиж, элбэг дэлбэг амьдардаг байсан болохоор ахын эгч нарыг ламтай суулгасан юм билээ. Тэгтэл хувьсгал гарч, ор сураггүй алга болцгоосон. Бид архиваас сургийг нь гаргах гэж оролдсон ч бүтээгүй.
-Хүүхэд нас тань хэрхэн өнгөрсөн бэ. Бал даргын хамаатан болохоор жирийн амьдралтай айлынхаас өөр байв уу?
-Намайг багад аав Гадаад худалдааны яамны орлогч сайдаар ажилладаг байсан. Ажил нь их хэцүү, манайхан гэр бүлээрээ ядаргаанд орох шахна. Шөнийн гурван цагт ажлаас нь залгаад “Тэмээний тариа авсан чинь онгоцоор явуулах гэхээр үнэ нь гурав дахин нэмэгдэх гээд, вагоноор явуулахаар хөлдчих гээд байна яах вэ” гэж залгаж байсныг санадаг. Сүүлд Батмөнх даргын үед Болгарт худалдааны төлөөлөгчөөр томилуулсан. Аав хар 24 машинаар хүргүүлж ирнэ, дарга нарын үйлчлүүлдэг тусгай үйлчилгээний дэлгүүрт орох эрхтэй. Бусдаар манайх жирийн л нэг айл байсан. Ямар сайндаа л би эгч нарынхаа жийнсэн өмдийг өмсөж байх вэ дээ. “Цэдэнбал даргынх алтан аяга халбагатай, дөрвөн тонн алт нь Финландад байгаа” гэж хүмүүс цуурдаг байсан. Би яагаад тэгж ярьдаг байсныг ойлгодоггүй. Бидний аав, ээжийн үеийн дарга нар өөд болоход эд хөрөнгө нь гэж хэдэн чемодан хувцас, төмөр ор, Карл Марксын ботиуд л үлддэг байсан.
-Авга ахынхаа тухай дурсамжаас хуваалцахгүй юу?
-Хүүхэд байсан болохоор гэрт нь дураараа давхиад очиж болохгүй, буутай комиссарууд манана. Баяр ёслолоор л гэр бүлээрээ зочилно. Шинэ жилээр өгдөг бэрсүүт жүржийг нь авахыг тэсэн ядан хүлээдэгсэн. Тэднийх чихэр өгсөөр байгаад гэдсээ ч даахаа больсон бүдүүн овчарктай байсан. Ямар хачин, бүдүүн нохой вэ гэж би гайхдаг байлаа. Ахынд гаднынхны өгсөн чамин чулуу, эвэр, баримал, бэлэг дурсгалын зүйл их. Хожим улс хурааж аваад далд хийчих шиг боллоо. Тэднийд Кастро, Мао дарга гээд удирдагчдын гарын үсэгтэй ном их. Тэрнээс нь хэдийг авчихгүй яав даа гэж одоо харамсдаг. Ах намайг аравдугаар ангиа төгсөхөд баяр хүргэж финланд костюм, гутал, орос цаг дурсгаж байсан.
-Филатова гуайн тухай хүмүүс сайн, муу янз бүрээр л ярьдаг. Таны бодлоор ямар хүн байсан бэ?
-Улсын наадмаар тэднийд очиход Зоригоо надад модон онгоцоо үзүүлсэн. Бид хоёр булаацалдаж байгаад зодолдож Филатова гуайд хөөгдсөнөөс хойш надад дургүй болсон. Түүний хоолыг цэргийн онгоцоор зөөдөг байсан гээд л Оросын алдартай сэтгүүлч түүний тухай худал баримттай ном хэвлүүлсэн байсан. Тэднийх Михайл гэдэг орос тогоочтой байсан юм. Филатова гуай ширүүн зантай ч хэсэг хугацааны дараа уур нь гарчихна. Хүмүүс байр цохуулж, хүүхдээ гадаад явуулчих санаатай түүнд их тал засна. “Найрамдал” зуслан, Хүүхдийн урлан бүтээх төв, Үндэсний соёл амралтын хүрээлэн байгуулсан гээд хүүхдийн төлөө олон зүйл хйисэн хүн дээ.
-Танайхныг одоо “Найрамдал”- ынхан урьдаг уу?
-Урьж залуулаад байх гавьяатай хүмүүс биш шүү дээ. Төв Хорооны дарга нарын авгай амьдрал хэцүү гээд улсаас тусламж гуйдаг юм билээ. Харин би Цэргийн дээд сургуульд явуулсанд улсдаа баярладаг, ард түмэндээ өртэй үлдсэн. Манай ээжийн аав Ж.Нансал “Хүнд битгий атаархаж бай. Өөрийнхөө толгойг л дааж яв” гэж захидаг байсан. Нас залуу, цус шингэн байхдаа амьдрал бүтэхгүй юм гээд өвөөдөө гомдоллоод очиход “Хөл гар чинь тасраа юу, явж ажил хий” гэнэ. Коммунист хүн байсан болохоор намайг наймаа хийхэд дургүй байсан.
-Тэр өвөө чинь бас дарга байсан гэл үү?
-Манай ээжийн хойд аав Ж.Нансал өвөө Ажилчны районы намын хорооны зааварлагч байсан. Ээжийн төрсөн аав Ноостын Элээ гэж хүн Лхүмбийн хэргээр буудуулсан гэсэн. Эмээ их зовлон үзсэн хүн дээ. Элээ гуай лам нарын бослого дарах гэж явахдаа эмээтэй танилцаж, хоёр хүүхэдтэй болсон. Дотоод явдлын яамыг “Фашист байгууллага болчихож” гэж хэлээд буруудсан гэнэ лээ. Эмээ ч ардын дайсан нэр зүүж, өмч хөрөнг өө хураалгаад Завханы таньдаг айлуудад зарцлагдаж, аргаа бараад моорогт өөд бологсдыг угаадаг байсан гэсэн. Тэгж явахдаа Ж.Нансал өвөөтэй танилцсан юм билээ. Хэдийгээр мах цусны тасархай нь биш ч Ж.Нансал өвөө л биднийг хүн болгож хүмүүжүүлсэн.
-Цэдэнбал даргатай авахуулсан энэ зургаа тайлбарлахгүй юу?

Авга ах Ю.Цэдэнбалын хамт
-1985 бил үү, 1986 онд түр хугацаагаар эх орондоо ирэхэд нь авахуулсан. Энэ зургийг авахуулж байхад намайг “Ямар ажил хийж байгаа вэ, эхнэртэй болсон уу” гээд л асууж байсан. Нэг асуултаа дахин дахин асуугаад л, би залуу байсан болоод ч тэр үү яасан олон асуудаг юм гэж дотроо дургүйлхэж байлаа.
-Түүнийг бурхан болсны дараа та нарт шахалт дарамт ирдэг байсан уу?
-П.Очирбат Ерөнхийлөгчийн үед бидний ах дүүгийн 60 гаруй хүний 20, 30 жилийн цалингийн цэсийг шалгасан. Сонин хэвлэлээр янз бүрээр бичихэд нүүр хийх газаргүй, цонхоор үсэрчихмээр санагдаж байсан. Одоо ч хааяахан хүмүүс сүрдүүлнэ. Саяхан эмнэлэгт хэвтэж байхад хэдэн залуу “Наад өвгөнөө цонхоор шидчих, машинаар дайрчих” гэж л байсан.
-Тэдний хүү Зоригтой холбоотой байдаг уу?
-Эгч нартай л холбоо баридаг. Зориг эмч хүүхэнтэй гэрлэж Ася нэртэй охинтой болсон. Монголооор бараг ярьдаггүй юм билээ. Тэр охин зүүгээр хатгахад цус нь тогтдоггүй, таардаг цус ховортой байсан. Багад нь бүх цусыг нь солиулаад одоо энх тунх амьдарч байгаа. Ахын том хүү Владислав их мундаг, Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн Монголын төлөөлөгч байсан. Эхнэр ч авалгүй байж байгаад 49 настайдаа өөд болсон доо.
No comments:
Post a Comment