Sunday, March 9, 2014

СҮНС ХҮРТЭЛ “ХУДАЛЧ”

  Өнгөрсөн бямба гаригт нэгэн гэмт хэргийн шүүх хуралд ажиглагчаар оролцлоо. Ширэнгэнд хүн амины хэрэг гарчээ. Нэг залуу нас барж, эхнэр нь ор сураггүй алга болов. Түлээчин, лам, цагдаа, хохирогчийн хадам ээж, дээрэмчин мэдүүлэг өгөв. Хэрэгтнийг илрүүлэхээр шүүгч түшмэд ихэд хичээн, сураггүй болсон эмэгтэйн Киёмизү сүмд мөргөл үйлдэхдээ хэлснийг нь сийрүүлж, тэр ч байтугай төлөгчөөр дамжуулан тэнгэр болоочийн сүнснээс мэдүүлэг аван, тун ч хачирхалтай шүүх хурал хийлээ. Даанч гэмт хэрэгтэн илэрсэнгүй. “Black box” театрт “Ширэнгэнд” жүжгийг толилуулсан нь энэ. “Ширэнгэнд” нэр шигээ нууц ихтэй бүтээл аж. Ийм модернист бүтээлийг тайзнаа тун чадварлаг амилуулсанд тус театрын хамт олонд баяр хүргэмээр. Өнгөрсөн долоо хоногт зочилсон Төрийн шагналт, зохиолч Д.Батбаяр, соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар тэргүүтэй эрхмүүд дахин ирсэн нь энэ театрын уран бүтээлчдийн чансааг илтгэх мэт.
“Хүн хүний хайр” жүжгийг тоглохдоо театрын баруун талд, шатан дээр тайзаа байрлуулж байсан бол энэ өдөр үзэгчдийн суудлын голд засчихаж. Тайз тойруулсан суудлын хамгийн урд суухад бүрх малгай духдуулсан, хар шил, хослолтой залуу хажууд тухлав. Тэгснээ жүжиг эхэлмэгц ухасхийн босож тайзнаа гарлаа. Мэдүүлэг өгч буй түлээчин гэнэ. Тэрбээр өнөө өглөө Ямасин явдаг замын ойролцоох ойд цогцсыг харжээ. Цэнхэр өнгийн суйкантай (хормойгүй кимоно) цээжин дээрээ ганц шархтай эр өөд харан хэвтэж байв. Ойр орчмоос сам олсноос гадна, модноос олс унжиж, тэмцэлдсэн бололтой, өвс талхлагдсан байхыг ажиглажээ. Түүний дараа ламыг дуудахад мөн л үзэгчдийн дундаас түлээчний адил хар хослол, шилтэй эр тайзнаа гарав. Лам “Тэр залуу зээрд морин дээр эмэгтэйгээ суулган Сэкиямагаас Ямасин руу явж байсан. Эмэгтэй цэцгэн хээтэй кимонотой, өргөн хүрээ бүхий тортой малгайтай байсан. Би гэлэн хүн учир энэ мэтээр шинжихдээ маруухан. Эрэгтэй нь 20 сумтай нум саадаг агсаж, бүсэндээ илд зүүсэн байсныг сайн санаж байна” хэмээв. Номын сахил хүртсэн ариун явдалт тэрбээр хэдийгээр эмэгтэй хүнийг шинжихдээ маруухан гэж өөрийгөө зөвтгөсөн ч аль хэдийнэ анхааралтай гэгч нь ажиглаад амжжээ.
Шүүгч цагдааг дуудлаа. Хэргийн гол сэжигтэн Тазёмар үг хохирогчийн моринд булгиулж, гүүрэн дээр ёолон хэвтэж байхад нь өнгөрсөн шөнө энэ цагдаа баривчилжээ. Дээрэмчин цэнхэр суйкантай, бүсэндээ сэлэм хавчуулсан, нум сумтай байсан нь өнөө талийгаачийнх. Гэхдээ ламын мэдүүлгээс зөрж буй нь нум 17 сумтай байсан гэнэ. Дараагийн мэдүүлэг өгсөн хүн бол сураггүй болсон бүсгүйн ээж. Түүний дүрд гавьяат жүжигчин Ц.Цэнд-Аюуш тогложээ. Түүний яриа бас л бусдынхаас зөрөв. Эмгэний хэлснээр бол хосууд өчигдөр Вакае руу явсан аж. Тэрбээр “Хүргэний минь хувь тавилан ийм байжээ гэж бодлоо ч охиныхоо төлөө түгшиж байна. Хүргэнийг хөнөөгөөд зогсохг үй охиныг минь...” хэмээн хүн гэдэг өчүүхэн амьтны дотроо нуун хадгалдаг өөдг үй чанарыг өөрийн эрхг үй ил гаргаж, хүний үр үрэгдэхэд харамсалгүй, амин хувиа хичээж, охиноо л бодно. Энэ мөчид гэмт хэрэгтэн хэргээ хүлээв. Тэр огт гэмшсэнг үй, баригдсандаа ч харамсаж, бачимдсангүй, өөрөөрөө бахархах янзтай байлаа. “Би тэр эрийг хөнөөсөн ч эхнэрийг нь хороогоогүй, хаачсаныг мэдэхгүй. Намайг яаж ч эрүүдээд мэдэхгүй юмыг хэлүүлж чадахгүй. Хосуудтай тааралдаад бүсгүйг эзэмдэхээр шийдэж, холгүй орших хиргэс үүрээс толь, илд олсон, хямдхан зарна гэж хууран ой руу дагуулж явсан” гэв. Тэдний шунал хөдөлж дээрэмчнийг даган явсан нь алдаа байжээ. Дээрэмчин өнөөх эрийг боож унаган модонд хүлээд ам руу нь навч чихсэн гэнэ. Дээрэмчин “Тэр бүсгүй өврөөсөө чинжаал хутга гаргаж ирээд эм хүнд баймгүй зоригоор над руу дайрсан ч би хэн билээ дээ. Хүүхний гараас хутгыг унагааж, эзэмдэж чадсан юм. Намайг явах гэтэл хүүхэн “Та хоёрын нэг нь заавал үхэх ёстой. Хоёр хүний нүдэн дээр доромжлуулснаас үхсэн нь дээр. Аль амьд гарсантай нь явна” хэмээн хашгирсан. Эрийг нь алахаар төлөвлөөгүй байсан ч тэр бүсгүйг эхнэрээ болгох хүсэлдээ автсан юм. Хүлээстэй байгаа хүнийг алах эр би биш тул суллаж байгаад тулалдаж, яг 23 дахь далайлтаараа тэр залууг хөнөөсөн. Тэр надтай хорь гаруй удаа илд зөрүүлсэн цорын ганц хүн юм шүү” хэмээн саймшрав. Түүний хэлснээр бол тулаанаа дуусган эргэн харахад бүсгүй аль хэдийнэ зугтсан байжээ.
Сүмд нүглээ наминчлахдаа эмэгтэйн өгүүлсэн нь ч бусдынхаас тас зөрөв. “Хүлээстэй нөхөр минь намайг хүйтнээр зэвүүцэн харж байсан. Дээрэмчнээс бус тэр үзэн ядсан, эгдүүцсэн харцнаас айсандаа би ухаан алдсан. Сэрэхэд дээрэмчин явсан байсан. “Энэ явдлын дараа тантай хамт амьдарч чадахг үй. Амиа хорлоно. Гэхдээ миний гутамшгийг харсан таныг ч амьд үлдээхгүй” гэж нөхөрт өө хэлсэн. Үзэн ядалт дүүрсэн нүдтэй, амаараа дүүрэн навчтай тэрбээр “Ал” гэсэн ганцхан үг хэлсэн. Чинжаал хутга цээжинд нь зоогоод би ухаан алдсан. Нар шингэх үед би сэрж, амиа егүүтгэхээр төрөл бүрээр оролдсон ч тэгэх зориг, чадалгүй болсон” гэв. Гайхаш тасарсан шүүгч түшмэд сүнсийг яриулав. “Ариун биеэ бусдад өгчихөөд нөхөртэйг өө амьдарна гэдэг хэцүү хэмээн дээрэмчин эхнэрт минь гоё ганган үг хэлж, толгойг нь эргүүлсэн. Эхнэр минь “Намайг аваад яв. Гэхдээ түүнийг алаад өгөөч” гэж хашгирч байсан. Эхнэрийнхээ хэлсэн үгнээс болж би одоо харанхуйд төөрч будилж явна. Дээрэмчин “Энэ ичгүүргүй эмийг алчих уу, чи зөвшөөрч байвал толгойгоо дохиорой” гэсэн. Намайг шийдэж ядах зуур эхнэр зугтан алга болсон. Дээрэмчин миний хүлээсийг тайлаад явсан хойно нь би өөрийгөө хороосон” гэв.
Ийн долоон мэдүүлэг хоорондоо зөрж, талийгчийг хэн алсан нь, эмэгтэй хааш одсон нь олдсонгүй. Адал явдалд дуртай, алуурчныг хэн байсныг олохыг зорьж буй үзэгчдэд эл жүжиг таалагдахгүй л болов уу. Олз хайсан түлээчин, ариун хүний дүр эсгэсэн лам, мундаг сүйхээтэй эр болж харагдсан дээрэмчин, журамт бүсгүйд тоглосон эхнэр... Худал гэдэг хүний төрөлхийн чанар гэлтэй. Нэр хүнд, алдар нэр ер нь юу ч хэрэггүй, сүнс хүртэл худалч аж. Хорвоогийн үнэн хаана байна вэ? Та тэдний хэнд нь итгэх вэ? Сонголтоо хийх мөчид та өөрийгөө олох болно...

No comments:

Post a Comment