Thursday, February 27, 2014

“ХЯМРАЛ ХУДАЛДАГЧ” СТРОМАЕ


БЛИЦ: 
Нэр: Пол Ван Хавер
Төрсөн он сар өдөр: 1985 оны гуравдугаар сарын 12
Иргэншил: Бельги
Цахим хуудас: http://stromae. net/
Цомог: “Cheese” 2010 он “Racine Carree” 2013 он
Шагнал:
NRJ Awards: “Франц хэлээр дуулдаг шилдэг гадаад дуучин” 2009 он
Music Industry Awards: “Alors on danse” дуугаараа “Оны шилдэг дуу” 2010 он
Европын холбооны шагнал: “Шилдэг дуучин” 2010 он
“Victoires de la musique” наадам: “Cheese” цомгоороо “Шилдэг электроник болон бүжгийн цомог” шагнал 2011 он
Ultratop Download Award: “Бельгийн хамгийн олон дууг нь татсан дуучин” 2011 он
Octave de la musique наадам: “Оны шилдэг дуучин” 2011 он
“Namur” Франц хэлээрх олон улсын кино наадам: “Papaoutai” дуугаар “Шилдэг клипийн шагнал” 2011 он
MTV Europe Music Awards: “Шилдэг Бельги дуучин” 2013 он
NRJ Awards: “Франц хэлээр дуулдаг шилдэг гадаад дуучин” 2014 он
 2013 оны тавдугаар сарын 22-ны бороотой өглөө Бельгийн Брюссель хотын Луиза метроны буудал дээр дуучин Стромае орилж, хүмүүсийг хоргоон, метронд дайруулахаа шахаад цагдаад зэмлүүлж, Youtube. com-д од болжээ. Хэд хоногийн дараа Францын телевизийн шоу “Ce-Soir”- оор энэ тухай гарч, шуугиан тарьсан бичлэгийн учир олдсон байна. Од болон гялалзаж буй залуу үнэндээ “Formidable” (Гайхалтай) дууныхаа дүрс бичлэгээ ийн нууцаар авсан юм санж. Найз бүсгүйдээ хаягдаад шаналж буй залуугийн түүхийг өгүүлэх клип хожим Францын Грэмми гэгддэг “Victoires de la Musique” наадмаас гурван ч шагнал авсан юм. Стромае нэрээр олонд танигдсан түүний жинхэнэ нэрийг Пол Ван Хавер гэдэг. Түүний аав Африкийн Руанда улсын иргэн бол ээж нь бельги гаралтай. Хүү Брюссель хотод мэндэлсэн бөгөөд архетиктор мэргэжилтэй аав нь түүнийг багад нь эх орон руугаа буцаж, 1994 оны Равандагийн хоморголон устгалын үеэр амь үрэгдсэн байна. (100 хоногийн дотор 937 мянган хүн амь үрэгдсэн). Пол Ван Хаверийн хөгжмийн мэдрэмжтэйг ажигласан ээж нь 11 настайд нь ‘l’Acadйmie Musicale de Jette’ урлагийн сургуульд элсүүлснээр бөмбөр тоглож, хөгжмийн онолын мэдлэгтэй болсон байна. Тэрбээр 12 настайгаасаа латин, франц хип хоп сонсож, 16-тайдаа анхны дуугаа Стромае нэрээр гаргажээ.
Стромае гэдэг нь маестро буюу мэргэн, чадварлаг гэсэн утгатай үгийн үеэр тонгоруулсан хэлбэр аж. Үүнээс хоёр жилийн дараа J.E.D.I хэмээх хүүтэй хамтран “Suspicion” хэмээх хип хоп хамтлаг байгуулж, “Faut que t'arrкte le Rap” дуундаа анхны клипээ хийсэн ч амжилт ололгүй, хамтлаг таржээ. Энэ үеэс Стромае хичээлдээ шамдах болсон ч дуу хуур гэсээр хичээлээ их тасалсан учир сурлагадаа ч муудаж, дүн нь ч стандарт хэмжээнд хүрэлгүй, радиод ажилд оров. 2009 онд хөгжмийн менежер Винсент Верденен түүний авьяасыг олж харснаар амжилтын хаалгыг нь нээж өгсөн юм. Эдийн засгийн хямрал, үхэл хагацал, ажилгүйдэл, шархалсан зүрх, зовлон бүгдээ мартаад зүгээр л бүжиглэ хэмээн уриалдаг “Alors on danse” дуу нь түүнд өндөрт дүүлэх жигүүр хайрлав. 2010 оны тавдугаар сар гэхэд эл дуу Бельги, Швейцарь, Румын, Грек, Итали тэргүүтэй 19 улсын шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж, мөн оны есдүгээр сард дэлхийн од Кэнни Уэйст өөрийн хэв маягаар дуулснаар бүр ч олонд таниулжээ. Ингэж Францын томоохон хөгжийн байгууллага “Меркури”- гийн харьяа “Вэртиго” дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулж, “Бяслаг” (Cheese) анхны цомгоо гаргасан юм.
Өвдөг хүрсэн урт шуумагтай оймс, гурвалжин дөрвөлжин “сахилгагүй” хээ бүхий ягаан, шар цоглог өнгөтэй төрөл бүрийн цамц өмсдөг, өндөр туранхай бие, урт гартай, хүүхэлдэйн киноны гол баатрыг санагдуулам энэ уран бүтээлч төд удалгүй Францыг байлдан дагуулсан юм. Багаасаа аавгүйн зовлонг мэдэрч өссөн залуу Papaoutai (Аав хаана байна) дуугаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм. Өчигдрийн байдлаар эл дууны клипийг youtube хуудаст 117 сая хүн үзсэн байв. Эцэггүй хүмүүсийн шархыг хөндөж, дэлхий нийтийг уяраасан эл бүтээл африк аяыг орчин үеийнхтэй хослуулсан хөгжим, өр өвдөм үг, клипний өвөрмөц санаа, балет, хип хоп, африк хөдөлгөөн хольсон бүжгийн дэглэлт, хувцасны хэв маягаараа төгс зохицож, сонсогчдод шинэ мэдрэмж төрүүлж, шүүмжлэгчдээс өндөр оноо авсан юм. Түүний судсаар африк цус урсаж байгаа ч өөрийгөө бельги гэдэг. “Би Бельгид төрсөн, Бельгид амьдардаг, бельги хүн. Африкт очиход надтай цагаан арьстан шиг л харилцдаг. Би аавыгаа харж байгаагүй, гарал угсаагаа ч мэдэхгүй. Гэхдээ Европт, Африкт ч хүн бүр хөгжмийн аян дээр бүжиглэдэг. Дуу хөгжимд хил хязгаар гэж үгүй” хэмээн нэгэн ярилцлагадаа хэлжээ.
Сэтгүүлч түүнээс хамгийн их үлгэр дуурайл авсан хүнийх нь тухай асуухад “Ибрахим Феррер. “Bueng Vista” нийгэмлэгийн клубт дуулдаг юм. Би багаасаа л түүнийг сонсож ирсэн. Ээж түүний уран бүтээлийг анх надад танилцуулсан юм. Түүний хөгжимд Испани, дорнын нөлөө, конго аялгуу холилдсон, нэг л сүнслэг шид байдаг” гэсэн байна. Ибрахим Феррерийн уран бүтээл Стромаед нөлөөлсөн болоод ч тэр үү, 1990-ээд оны хип хоп, электроник хөгжмийг салса, ромбо маягийн аятай хослуулсан өвөрмөц стильтэй билээ. Түүнийг зарим нь “Хямрал худалдагч” гэдэг. “Хуурамч баярхал, ДОХ, байгаль экологийн асуудал, гэрлэлтийг үзэн ядах зэрэг хүнд сэдвүүдээр дуулж, гутранги үзлийг (pessimism) эрчимжүүлдэг” хэмээн нэгэн шүүмжлэгч хэлэхэд “Би бүх зүйлийг муу гэж хэлэх гээгүй, бүх юм сайхан болно ч гээгүй. Зүгээр л бодит байдлыг, амьдралыг дуулдаг. Миний уран бүтээлүүд миний илэрхийлэл” хэмээн Стромае хариулж байжээ.

No comments:

Post a Comment