
Эхний жил мэддэг хичээлийг нь заагаад байсныг анзаарсан тэрбээр ихэнх цагаа кинотеатрт өнгөрүүлсээр 300 орчим кино “цааш харуулжээ”. Ингээд хоёрдугаар дамжаандаа ортол ангийхнаасаа хоцролгүй яах вэ. Кино урлагт нэгэнт дурласан хүү хоёрдугаар дамжаагаа дүүргээд л сургуулиа орхижээ. Нэлээд бэрхшээлтэй тулгарч байсан ч “Монгол кино үйлдвэр”-т туслах ажилчнаар оржээ.
С.А.Герасимовын нэрэмжит Бүх Оросын Кино урлагийн институтэд суралцах чин хүсэл түүнийг хөглөж байсан ч намын итгэл найдвар хөсөрдүүлсэн гэмтэнд бүтэшгүй мөрөөдөл байв. “Монгол кино үйлдвэр”-ээс хоёр ч удаа түүнийг сургуульд явуулахаар тодорхойлж байсан ч Намын үзэл суртлын хэлтсийнхэн түтгэлзүүлчихнэ. Ингээд долоон жил хүлээсний эцэст 1990 онд хээрийн шувуу нисэн үл хүрэх газраас С.Бямба эрдэм өвөртлөхөөр одсон юм. Тэр одоо том найруулагч болжээ. Азийн Канн гэгддэг Бусаны кино наадмаас хамгийн ирээдүйтэй найруулагчид өгдөг “Шинэ давалгаа” шагналыг “Алсын удирдлага” бүтээлээрээ хүртэж Монголын кино урлаг гаднын хэвлэлүүдийн анхаарлыг татав. Шагнал авсныхаа дараа анхны дэлгэрэнгүй ярилцлагаа манай сонинд өглөө.
-Алсын удирдлага киноны санаагаа яаж олсон бэ?
-Жаахан хүү байшингийн дээвэр дээрээс зэргэлдээ байрны айлын зурагтыг удирдаж кино үздэг тухай түүхийг олон жилийн өмнө миний найз, зураглаач Пүрэвдорж ярьж өгсөн юм. Надад сонирхолтой санагдсан ч тэр үед одоогийнх шиг хоорондоо ойрхон барилга байгаагүй учир арай л хийсвэр юм шиг санагддаг байлаа. Удалгүй барууны орнуудад очиход барилгууд нь хоорондоо хэдхэн алхмын зайтай, хөршүүдийнхээ амьдралыг алган дээрээ тавьсан юм шиг харах боломжтой байдгийг анзаарсан. Хамгийн инээдтэй нь тэд тийм ойрхон амьдардаг хэрнээ бие биеэ таньдаггүй. Гэтэл манай монголчууд өргөн уудам нутагт бие биенээсээ хэдэн зуун км зайтай амьдардаг ч нэгнийхээ жаргал, зовлонг мэддэг. Суурин болон нүүдэлчин амьдралын ялгаа нь энэ. Мөн техник технологи бидний амьдралыг хялбарчилж байгаа сайн талтай ч бие биенээс нь холдуулж байна. Гар утас, цахим харилцаа гарч ирсэнээс хойш хүмүүс нүүр, нүүрээ харж ярилцах нь багассан. Эдгээр санаа л кино хийх анхны сэдэл төрүүлсэн. Кино бүтээнэ гэдэг урт хугацааны хөдөлмөр учир явцын дунд өөр санаануудаар баяжуулсан тал бий.
-Киноны гол дүр Цог хүү хөрш байрны бүсгүйд дурлан алсын удирдлагаар төсөөллөө биелүүлэх гэдэг. Тэр дотроо чухам юу бодож байсан юм бол?
-Тэр хүүгийн дүр бидний бүтээлийн амин сүнс нь. Өсвөр насныхан хурдан том хүн болж шийдвэр гаргахыг хүсдэг. Гэтэл шийдвэр нь тэр бүр зөв байдаггүй шүү дээ. Гэхдээ өсвөр насны хамгийн сайхан нь үргэлж мөрөөдөж, ирээдүйгээ өөдрөгөөр хардаг. Манай өнөөдрийн нийгэм яг өсвөр насны хүү шиг. Бид дэлхийн өндөр хөгжилтэй улс болохыг мөрөөддөг. Гэтэл бидний гаргаж буй шийдвэр тэр бүр зөв байж чадахгүй л байна. Бид заримдаа яг юу хүсээд байгаагаа мартаад, мөрөөдөл, бодит амьдралын хоорондох ялгаа зааг дунд төөрч, будилж байна. Хуучин нийгмийн үнэт зүйлс өөрчлөгдөх нь мэдээж, гэхдээ өнөөдөр бид ямар итгэл үнэмшил ямар хүсэл мөрөөдөлтэй болчихов? Энэ тухай л бид эрэгцүүлэн бодохыг хичээсэн хэрэг.
-Төсөөлөл мөрөөдөл хоёрын ялгаа нь юу вэ?
-Хэцүү асуулт байна. Ганц үгээр тайлбарлах боломжгүй л дээ. Мөрөөдлөө бодит мэт хүлээж авбал төсөөлөл болно.
-Математикчийн ангид суралцаж байхдаа үзсэн кинонууд найруулагчийн мэргэжилд дурлуулсан гол шалтгаан уу?
-Тийм л юм шиг байна. Гэхдээ манайх баялаг номын сантай айл байлаа. Багадаа ном уншиж, гэрэл зураг дардаг байсан. Энэ нь дүрслэлийн аргаар өөрийгөө илэрхийлэх урлагт дурлуулсан ч байж магадгүй.
-Хүссэн сургуульдаа орохын тулд долоон жил хүлээсэн гэдэг. Зорилгодоо хүрэхийг хүсэж байсан үе, сургуульдаа орсны дараах мэдрэмж хэр зөрөөтэй байв?
-Манай киночид “Монгол кино үйлдвэр”-т ажиллаж байж урлагийн гараагаа эхэлдэг зарчимтай байсан. Тэр нь ч зөв. “Монгол кино үйлдвэр”-т 1983-1990 онд ажиллахдаа хар ажлаас эхлээд л бүгдийг хийсэн.Зарим үед за больё, больё хэзээ ч бүтэхгүй юм байна, намайг сургуульд явуулахгүй нь гэж шантрах үе байсан. Одоо бодоход хамгийн чухал үе, мөч байжээ. Алтан үеийнхэн гэгддэг тэр хүмүүс амьд сэрүүн, эд хийж бүтээж байсан үе шүү дээ. Тэдний кино хийх арга барил надад нөлөөлсөн гэж боддоггүй л дээ, гэхдээ тэд намайг хүн болгож төлөвшүүлсэн. Амьдрал мэдэхгүй надад сонголтоо яаж хийх, урлаг гэж юу вэ, юу нь зөв, аль нь буруу юм гээд л олон зүйлийг мэдэж, өөрийгөө таних ухаанд сургасан. Нас яваад байсан учир үргэлж хурдхан хийж бүтээхсэн гэсэн яарсан сэтгэлээр долоон жилийг үдсэн. Сургуульд орохоос өмнөх үе, орсны дараах мэдрэмж хоёр нэг их ялгаатай байгаагүй ээ.
-“Хөгшин” оюутанд ямар нэгэн асуудал тулгарч байв уу?
-Үгүй дээ. Манай сургуулийнхан дунд миний үеийнхэн цөөнгүй байсан. 250 сая хүнтэй Зөвлөлт холбоот улсын цорын ганц кино урлагийн сургууль учраас өрсөлдөөн ихтэй. Тэнд суралцах нь зарим нэгний хувьд бүтэшгүй мөрөөдөл байлаа. Авьяастай, ажлын туршлагатай, хийж бүтээх чин хүсэлтэй байж л тэнд суралцана. Тэгэхээр насны ялгаа нэг их чухал байдаггүй юм.
-Би үеийнхнээсээ эрт сургуульд орсон учир 16 хүрэх жилээ оюутан болсон. Арай төлөвшиж амжаагүй байсан болоод ч тэр үү, эхний хоёр жилдээ “дэвж” байгаад гэнэт л хичээх ёстойгоо ухаарсан. Харин та амьдралын наадах цаадахыг мэддэг болсон, төлөвшсөн үедээ сурсан учир илүү хичээж, сайн уран бүтээлч болоход нөлөөлсөн үү?
-Тийм сургуульд сурах гэж долоон жил хүлээчихээд хичээхгүй, цагаа дэмий үрвэл утгагүй шүү дээ. 1990-ээд оны үед нийгэм хэцүү, сургууль бидэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй учир практик дадлагаа хийх бэрхшээлтэй байсан. Уг нь сайн цагт оюутнуудыг аравхан минутын кино хийхэд нь сургуулиас зургийн баг томилж өгөөд, санхүүгийн туслалцаа үзүүлдэг байсан юм билээ. Намайг оюутан байхад Москвагаар дүүрэн Монголын ганзагын наймаачид, тэр дунд өчнөөн таньдаг хүн. Тэднийг дагаад наймаанд явчихмаар санагдсан үе зөндөө л байсан. Долоон жилийн хүлээлт намайг барьж, сонголтод минь үнэнч байлгасан.
-Урлаг нийгмээсээ түрүүлж, хүмүүсийг гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үүрэгтэй байдаг. -Ийм том үүрэг хариуцлага хүлээх мэргэжил сонгочихоод, би чадах болов уу гэж айж байсан уу?
-Тийм айдас огт байгаагүй. Хэрвээ айх байсан бол хэзээ ч зориглохгүй. Сонголтоо нэгэнт хийсэн бол үнэнч л байх хэрэгтэй.
.jpg)
-Аль аль нь чухал. Тэр бүгдийн нийлбэр нь кино “хэл”. Кино урлаг бол кино л урлаг. Энэ чинь тайзны урлаг биш, утга зохиол биш, кино л урлаг. Зөвхөн тэр урлагт л байдаг үнэ цэнэ бие даасан төрөл болгож байгаа юм. Кинонд утга зохиол, тайзны урлаг, дүрслэх урлаг гээд олон урлагийн төрлүүд нийлж байгаа юм шиг хэрнээ бүгд нарийн жин, тунгаараа эвсэн зохицож байж сайн бүтээл төрдөг. Үүнийг л киноны “хэл” гэж ойлгож болох юм. Тийм учраас киноны хэлээ сайн эзэмших нь чухал гэж давтан давтан хэлээд байна л даа.
-Зарим зохиолч бүтээлийн эхлэлээ бичих л хамгийн хэцүү гэдэг. Харин кино бүтээхийн юу нь илүү хэцүү вэ?
-Кино хийхээсээ илүү, хүнд хүргэх хэцүү. Зарим мундаг уран бүтээлч хүмүүс юу гэх нь хамаагүй гэдэг. Гэтэл эцсийн дүндээ хүмүүст л зориулж хийж байгаа шүү дээ. Киногоо олон нийтэд зориулах уу эсвэл, бүтээлийг чинь ойлгох цөөхөн ч гэсэн зүрх сэтгэлийг хайж байна уу гэдэг өөр. Нэг талаас бүтээлээ хүнд хүргэмээр байдаг бас өөрийнхөө санааг илэрхийлмээр байдаг... Энэ хоёрыг тэнцүүлж, хүмүүст ойлгуулна гэдэг их хэцүү.
-Уран бүтээлч хүнд цаанаас өгөгдсөн урлагийн нарийн мэдрэмж бий гэдэг. Гэтэл энгийн хүмүүс яг уран бүтээлчийн түвшинд ойлгоно гэдэг бүтэшгүй тийм үү?
-Мэдээж кино бүтээсэн хүн, урлаг судлаач, үзэгчийн мэдрэмж хоорондоо ялгаатай. Эцсийн эцэст таны бүтээл хүмүүсийн зүрх сэтгэлд их бага хэмжээгээр хүрэх ёстой. Боловсролын түвшингээс хамааралгүй, үнэхээр л сайн бүтээл болж чадсан бол хэн ч ойлгоно.
-Кино хийх явцын дунд санаа нь тэс өөрөөр эргэх тохиолдол бий юү?
-Үргэлж. Бестселлер яаж бичих вэ гэдэг ном уншаад ч юм уу, Холливудын кино үзээд дуурайгаад хийхийг урлаг гэхгүй. Урлаг гэдэг цаг мөч тутам өөрчлөгдөн хувьсаж байдаг. Тухайн цаг үе, эргэн тойрон, толгойд эргэлдэх бодол бүгд уран бүтээлд нөлөөлнө. Жишээлбэл, техникийн шалтгаанаар зураг дахин авах болдог. Яг өмнө зураг авсан газраа камераа байрлуулаад жүжигчнээ яг л урьдын адил тоглууллаа гэж бодъё. Тэгвэл дахин авсан зураг, урьд авсан хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа гарах болно.
-“Алсын удирдлага”-ыг хийхдээ гадаадын зураглаач, эвлүүлэгчтэй хамтарч ажилласан. Танд сайхан кино хийх санаа байгаад байдаг, гэтэл хамтарч ажиллах монгол чадварлаг хамт олон, техник технологи байхгүй болохоор хэцүү байдаг уу?
-Орчин үед олон орны уран бүтээлч хамтарч кино хийх энгийн үзэгдэл болсон. Дэлхий даяарчлагдсан шүү дээ. Бид л ингээд эмзэглээд байдаг болохоос биш, аль орны уран бүтээлчтэй хамтарч, хаана зургаа авсан нь тэр бүтээлийн эх орныг тодорхойлдоггүй. Киноны хөрөнгө мөнгө хаанаас, аль улсаас гарч байна гэдэг хамгийн чухал.
-Хүний төсөөллийн ертөнц хязгааргүй, тэнд юуг л бол юуг хүссэнээрээ бүтээх шидтэй. Та сайхан санаа олоод, ажил болгоё гэтэл таны төсөөлсөн шиг сайхан зүйл камерын хальснаа буух боломжгүй бол бачимддаг уу?
-Үгүй л дээ. Чи тэрийг нэгэнт л хийхээр шийдсэн бол бачимдах шалтгаан байхгүй. Бачимдаад л эхэлбэл тэрийгээ бушуухан хаях хэрэгтэй.
-Кино урлагийн бүтээл хийхэд эрх чөлөө дутах үе байдаг уу. Эрх чөлөө гэж юу вэ?
-Эрх чөлөөгүйгээр урлаг бүтээнэ гэж үгүй. Шоронд ч гэсэн эрх чөлөөтэй хүн байдаг. Хамгийн гол нь эрх чөлөө бидний зүрх сэтгэлд л байдаг юм. Эрх чөлөөгүй хүмүүс кино хийгээд эхэлбэл аятайхан бүтээл төрөхгүй. Урлаг хэзээ ч дарангуйлал дор оршдоггүй.
-Өнөөдрийн С.Бямбааг юу бүтээж, бүрэлдүүлсэн бэ?
-Цаг хугацаа. Хоёр өөр нийгмийг дамжаад амьдарлаа. Энэ хоёр нийгэм аль аль нь өөрсдийн ямар нэгэн юмыг бидэнд үлдээж, нөлөөлж байгаа.
-Бид өөрсдийн “Би”-гээсээ өөр дүрд тоглох шаардлага байнга гардаг. Заавал тэгэх ёстой юм уу?
-Бид энэ тухай үргэлж бодож байх хэрэгтэй. Хүн нийгмийн дунд амьдарч байгаагаа мартаж болохгүй. Нийгэм өөрөө бидэнд энэ багийг зүүлгэдэг. Зүүхээ больчихвол утгагүй болчихно. Бид үүнээс илүүг бодож олж чадаагүй учраас энд хамт амьдарч байна. Би л эрх чөлөөтэй хүн гээд давхиад байвал сүйрэл рүүгээ л ойртоно уу гэхээс сайн зүйлд хүрэхгүй. Гэхдээ хүн чанараа авч үлдэхийн тулд энэ багийг ямар зорилгоор зүүсэн билээ гэдгээ үргэлж эргэцүүлж, өөрийгөө хайр найргүй, үнэнчээр шүүх хэрэгтэй. Бид үргэлж өөрсдийгөө өрөвдөж, зөвтгөдөг. Үүнээсээ болж баг зүүж байгаагаа үзэн яддаг, заримдаа ингэх ёстой мэтээр боддог. Гол нь хэзээ нь өөрийгөө зөвтгөж, буруутгахаа ялгаж салгаж байх хэрэгтэй.
-Тэгвэл хүн төрөлхтөнд баг зүүхээ болих үе ирэх болов уу?
-Үгүй дээ.
-Та өөртөө хатуурхдаг уу?
-Миний мөн чанарыг надаас өөр хэн ч мэдэхгүй. Би л өөрийгөө яллаж шүүхгүй бол урагшаа алхах хэцүү. Ялангуяа уран бүтээлч хүн өөртөө харгис хандах ёстой.
-Тэгвэл өөрийгөө тоож байж амжилтад хүрэх үү, голох ёстой юм болов уу?
-Хүнийхээ онцлогоос л шалтгаалах байх. Өөрийгөө хөөргөж, мундаг гэж бодохгүй л бол амжилтад хүрдэггүй хүн олон бий. Гэхдээ би тийм биш л дээ.
-Зүүдийг зэргэлдээх ертөнц гэдэг. Та тэр ертөнцөөсөө бүтээлийн санаа авч байсан уу. Хамгийн сүүлд юу зүүдэлсэн бэ?
-Зүүдээ санадаггүй. Хийж байгаа зүйлийнхээ талаар үргэлж бодоод, удаан хугацаанд хийгээд байвал зүүдэлдэг л юм. Гэхдээ зүүднээсээ гайхалтай санаа олж байсангүй.
-Кино найруулагч бүр философич байх ёстой гэж Д.Батбаяр гуай хэлж байсан. Үүнтэй санал нийлэх үү, таны баримталдаг зарчим юу вэ?
-“Киночин” гэлтгүй хүн бүр л философич байх ёстой. Би хэн бэ, миний амьдралын утга учир юу вэ, маргааш гэж юу вэ, би ямар байр суурьтай хүн бэ гэдгээ үргэлж бодож байх хэрэгтэй. Ялангуяа уран бүтээлчид энэ талаар тунгаахгүй бол сайндаа л хошин шогийн жүжигчин болно.
-Кино наадамд оролцохдоо олон зүйл сурч мэдсэн байх. Өөртөө тусгаж авсан, хамгийн чухал нь юу байв?
-Кино наадмуудад л хамгийн чанартай кинонууд оролцдог учир хамгийн сайн сургууль болдог. Би наадмын үеэр элдвийн үдэшлэгт оролцож, хүмүүстэй уулзахаасаа илүү аль болох олон кино үзье гэж боддог. Энэ салбарт 30 гаруй жил ажилласан учир надад хангалттай туршлага бий. Энэ уран бүтээлч энэ хэсгийг ингэж хийсэн юм байна даа гэж харна уу гэхээс тэгж хуулах юм шүү гэж харахгүй.
-Хамтарч ажиллах санал ирэв үү?
-Байнга л санал ирж байгаа. Кино хийхэд хөрөнгө санхүү босгох гээд олон асуудал байдаг. Ялангуяа хамтарч хийх бүтээлүүд урт хугацаа шаарддаг болохоор тэр болгон биелэлээ олоод байдаггүй л дээ. Одоо хоёр гурван зохиол уншиж л байна.
-Дараагийн бүтээлийн санаагаа олсон уу?
-Дараагийнх ч байна, тэрний дараагийнх ч байгаа. Миний бодлоор найруулагчдын толгойд арван жилийн ажлын төлөвлөгөө хар зураг, хүсэл мөрөөдөлтэйгөө байж л байх ёстой. Олон хүний хүч хөдөлмөрөөр уран бүтээл бүтдэг, ганцхан надаас шалтгаалахгүй учир хэзээ ажил хэрэг болохыг мэдэхгүй юм.
-Ахмад үеийн найруулагчидтай уулзахад орчин үеийн кинонууд Холливудыг дуурайж байна, монгол уламжлалаа шингээсэн бүтээл хийх хэрэгтэй байна гэж байсан. Таны бодлоор дэлхийн хэмжээний кино хийхийн тулд яах ёстой вэ?
-Өөрийгөө л чагна. Манайхан үргэлж хэлбэр дуурайж байна. Хэлбэр агуулга хоёулаа чухал. Сэтгэлгээний хямралаасаа гарах хэрэгтэй байна.
-Цас, бороо, үүл гээд юу ч байж болно. Таныг хамгийн сайн илэрхийлж чадах зүйл юу вэ?
-Дугуй дүрс. Би үхлийн дараах амьдралд итгэдэг л дээ. Амьдрал мөнх эргэлдэж байдаг. Дугуй гэдэг арга билгийн нэгдэл. Арга билэг үргэлж нэгдэж, хосолж л амьдрал үргэлжилдэг.
No comments:
Post a Comment