Saturday, September 6, 2014

Дан.НЯМАА: ХҮН БУРХНААС ӨГСӨН ӨНГӨӨР ОРЧЛОНГ ХАРДАГ БАЙХ ДАА

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Дан.Нямаатай ярилцсанаа хүргэе.
-Би амьдарч байгаагаа хавар илүү мэдэрдэг юм. Харин уран бүтээлч, тэр дундаа хайр, байгалийн уянга бичдэг хүнд хавар ямархан мэдрэмж төрүүлдэг бол?
-Хавар хамгийн сайхан улирал. Цасан дороос цэцэг өндийж, бүсгүйчүүд өвлийн хувцсаа нимгэлээд л, модод буурцаглах дөхөөд, тэнгэр хүртэл өнгөө олж тунгалагшдаг. Байгаль дэлхий амь ордог, түүнийгээ дагаад хүн сэрдэг, сэтгэл нь цэлмэдэг. Хавар олон яруу найрагч гэгэлздэг болов уу. Ялангуяа хайрын шүлэгчид энэ улиралд илүү ихийг бичдэг байх. Би шүлгүүдийнхээ он, сарыг харахад ихэнхдээ намар, хавар бичсэн байдаг.
-Яруу найраг бичихийг бясалгахын нэр гэж боддог. Та шүлэг бичсэнээр амьдралаас юуг ойлгож авсан бэ?
-Яруу найраг гэдэг сэтгэлийн бясалгал. Орчлонг өөрийнхөөрөө таних ухаан, шүншиг, сүсэглэл юм. Зарим тохиолдолд шүлэг тэнгэрийн зарлиг, онгодоор бичигддэг гэдэг ч уран бүтээлчийн оюун сэтгэлд хэдэн арван жил, эсвэл цөөн хоногоор бүрэлдэж, эхийн хэвлий дэх ураг шиг төрөх хугацаагаа хүлээж байгаад, тодорхой нэг агшинд мэндэлдэг байх. Ийм шүлг үүд бясалгалаар төрдөг байж мэднэ. Миний хувьд хайрын шүлг үүд цахилгаан мэт гялсхийдэг, дөнг өж татаад арилдаг солонго шиг нэгэн агшинд төрдөг. Хэн нэгэн залуу хэн нэгэн бүсгүйтэй учрах ерөөл хэдэн зуун жилийн өмнөөс төл өвл өгдөөгүй байдаг байх. Сайхныг харж, гоё сайханд сэрж мэдэрсэн шүлгүүд ихэнхдээ агшин зуурынх байдаг. Тэгэхээр уран бүтээл гэдэг нэг талаар сэтгэл зүрхэнд хэдэн жилээр бойждог, эсвэл гоё сайхнаар сэрж мэдэрч агшин зуур төрдөг.
-Таныг хайрын шүлэгч гэдэг. Ийм олон хайрын шүлэг бичихээр эхнэр тань харддаг болов уу?
-Харддаг тохиолдол олон байдаг гэнэ лээ. Миний үеийн нэг яруу найрагч бүсгүй анхны нөхөртөө бүх хайрын шүлгээ уруулаад, сайдаж, муудалцсаар салж байсан. Эхнэр минь шүлэг унших дуртай ч уран бүтээлээс болж намайг харддаггүй. Гэхдээ нэг удаа надаас асууж байсан юм. Түүний уран зохиолын багш найз нь “Уран бүтээл бол өөрийн намтар түүхээс төрдөг. Чи мэдэх үү, Нямаагийн хайрын шүлгүүдэд тийм зүйл анзаарагддаг” гэж хэлээд миний шүлгүүдийг уншиж энэ ийм тийм агшнаас төрсөн байж магадгүй гэж тайлбарлаж өгсөн байсан. Эхнэр надаас “Яг тэгж төрсөн үү” гээд л асуусан. “Юу гэж тийм зүйл байх вэ. Шүлэг гэдэг тухайн агшны өгөгдөл, бичмээр санагдсанаа л буулгадаг. Магадгүй чамд байдагг үй гоё сайхныг өөр бүсг үйгээс олж харвал хайрын шүлэг бичдэг” гэж хэлсэн. 33 жил ханилахдаа шүлгээс болж наана цаана болоогүй ээ.
-Дурлахаа боливол сэтгэхээ болино гэдэгтэй санал нийлэх үү?
-Аливаа зүйлийг хайрлаж, хэн нэгнийг хараад сэтгэл хөдөлж, гоо сайхныг олж харна гэдэг сэтгэл нь, сэтгэлгээ нь, орчлонд хандах хандлага нь амьд байна гэсэн үг.
-Та амьдралдаа хэр олон удаа дурлаж байв?
-Дурлалыг тоолоход хэцүү. Дурлана гэдэг хэн нэгнийг хуурч, өөрөөсөө урваж байгаа хэрэг биш. Хүн үй түмэн удаа гоо сайханд сэрж мэдэрч байвал гоё биз дээ. Тэрийг заавал тоолох, хэмжих ёстой гэж би бодохгүй байна.
-Хөөрхөн юм сайхан байж чаддаггүй гэдгийг юу гэж тайлбарлах бол?
-Сайхан гэдэг өөрөө их цараатай, гоё үзэгдэл юм. Хөөрхөн бол тодорхой агшинд төрсөн сэтгэгдэл. Сайханд хүн шунадаг, биширдэг, татагддаг бол хөөрхөнд зүгээр л сэтгэгдэл төрөөд өнгөрдөг.
-Бичсэн бүтээлээс нь зохиогчийг хэн гэдгийг таньж болох уу?
-Тухайн зохиол бүтээлээс яруу найрагчийн хувь араншинг таньж болдог. Уран бүтээл зохиолчийн араншин байхг үй юу. Зохиогчийн ая дан, дотоод эгшиглэнг сонсож болно. Бүтээл дотроос зохиогч өөрөө харагдахгүй байвал тэр сайн болоогүй байна гэсэн үг. Хүн муутай хэрнээ өндөр зэрэглэлийн шүлэг олон бичсэн яруу найрагч бий. Их сайхан сэтгэлтэй мөртлөө тааруухан зохиол бичсэн нь ч байдаг. Тэгэхээр уран бүтээлээс дотоод араншинг, хувь төрхийг олж харж болно уу гэхээс хүн чанарыг мэдэх боломжгүй.
-Та МУИС-ийн нягтлан бодогч-эдийн засагчийн ангийг төгссөн юм билээ. Яруу найраг бичих зөн хэзээнээс төрсөн бэ?
-Зохиолч-нягтлан гэхээр сонирхолтой баримт олон бий. Тухайлбал, Б.Явуухулан гуай, Ч.Лхамсүрэн, Ц.Гайтав, С.Пүрэв, Г.Догмид, Б.Лхагвасүрэн гуай хүртэл нягтлан бодогч мэргэжилтэй юм билээ. Тэгэхээр мэргэжил тухайн хүний шүлэг бичих учир начирт нөлөөлөхгүй. Бага байхад зохиолч болно гэсэн зөн совин сэтгэл дотроос үргэлж ээдэг байсан. Аравдугаар анги төгсөхдөө “Тэртээ тэргүй зохиолч болох учир монгол хэл, уран зохиолын ангид орж дэмий, философийн ангид оръё, надад ашигтай” гэж бодоод шалгалт өгтөл нэг хүнд ялагдаад, хувь заяагаараа эдийн засгийн ангид орсон. Ардын хянан шалгах хороонд ажиллаж байхад МҮОНР-д эдийн засагч мэргэжилтэй сэтгүүлч хэрэг болоод намайг авсан юм. Радиогийн нэр дээр Орост сурсан, сэтгүүлч мэргэжилтэй хүнээ Ардын хянан шалгах хороонд миний оронд өгөөд шүү. Ингээд бодохоор хувь заяа гэдэг өөрийн зам мөртэй, хүн түүнийг дагаж амьдардаг юм уу гэмээр шидтэй бодол төрдөг юм. Хэрвээ би монгол хэл уран зохиол, философийн ангид орсон бол Орост сурсан хүнээрээ хэзээ ч намайг сольж авахгүй байсан. Радиодоо ээнэг дотно, чин үнэнээсээ хайртай даа. Хүний амьдрал нэг бодлын урт, нөгөө талаар богино юм. МҮОНР-гийн 80 жилийн ой болж байхад би бараг тэн хагаст нь ажилласан гэхээр урт амьдарсан юм шиг хэрнээ цаг хугацаа яасан хурдан өнгөрдөг юм бэ гэж бодмоор. Цаг хугацааны утга учрыг эргүүлж тойруулж хайна гэдэг зовлонтой. Хүн нас насны үедээ ялгаатай байдаг юм байна. 35 наснаас өмнө цаг хугацааны тухай боддоггүй юм байна. Одоо намайг хүмүүс Нямаа гуай, Нямаа гуай гэх юм. Уг нь сэтгэл зүрхээрээ, мөрөөд өмтгий, догдлонгуй чанараараа залуу хэвээрээ байх шиг өөрт санагддаг.
-Ганц удаа ч болов мэргэжлээ сольё, өөр газарт ажилд оръё гэж бодож байв уу?
-Огт тэгж бодож байгаагүй юм байна. 1980-аад оны эхээр миний бичсэн найрууллууд “Утга зохиол, урлаг” сонины тэргүүн нүүрэнд үргэлж гардаг байсан. Тэгэхэд намайг сонинд ир ээ гэсэн ч би радиогоосоо явъя гэж бодоогүй. 1980-аад оны дундуур хэдэн баримтат киноны тайлбар бичсэн. Кино үйлдвэрээс ирнэ үү гэсэн, явж төвдөөгүй. Залуу байхын л энэ ажилдаа дуртай, өглөө бүр яардаг.
-Радиогийн “бүдүүн дуут” Б.Цэдэндамба гуайн тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Гайхалтай, бадрангуй яруу найрагч. Шүлгийг нь багаасаа л уншдаг байлаа. Дайчин, давшингуй, сэтгэл хөдлөлтэй хүн. Цаанаасаа л, бурхнаас тэр хүнийг радиогийн сэтгүүлч болгож төрүүлсэн гэмээр. Яриаг нь сонсохоор жигтэйхэн гоё дүрсэлж ярьдаг хэрнээ бичсэн нь ярьдаг шиг нь сэтгэлд буудаггүй.
-Хүний хоолой өөрчлөгддөг болов уу?
-Хөдөө гадаа томилолтоор очиход хүмүүс таниад байдгийг бодоход үгүй юм шиг байна. Би радиогийн сэтгүүл зүйн ном гаргах гэж байгаа юм. Алтан фондод үлдсэн залуугийн, дунд насны үед бичүүлсэн нэвтрүүлгүүдээ сонслоо. Тэгэхэд хоолой арай шингэн ч байсан юм уу гэж бодогдсон шүү.
-Утга зохиолын ертөнцөд долоон Нямаа байдаг гэдэг. Хооронд нь андуурч хөглөж байсан тохиолдол олон биз?
-Долгорын Нямаа гуайтай их андуурдаг юм. Тэр хүн шагнал урамшуулал авах болоход хүмүүс над руу утас цохино, би шагнал авахад До.Нямаа гуай руу ярина. 1980-аад оны дундуур манайхны хэн ч юм бидэнд шүлэг бичсэн байсан.
Найрагтаа дөнгүүр нь Долгорын Нямаа
Найруулалдаа дөнгүүр нь Данзангийн Нямаа
Оростоо дөнгүүр нь Цэндийн Нямаа 
Романдаа дөнгүүр нь Батын Нямаа
Хөдөөдөө дөнгүүр нь Дамбын Нямаа 
Хөвсгөлдөө дөнгүүр нь Жамбын Нямаа
Өгүүллэгтээ дөнгүүр нь Готовын Нямаа
Үнэндээ бол бүгдээрээ Ямаа гэж.
Орчлонгийн жамаар одоо гурав нь үлдэж дээ.
-Таныг Т.Галсан гуайнд амьдарч байсан гэж дуулсан.
-Миний оюутны амьдрал дуусахад очих газар байгаагүй. Гол төлөв радиогийн байрандаа хонож өнжиж ажилладаг байлаа. Тэр үеэр Т.Галсан гуайтай танилцаж, тэднийд хоёр жил амьдраад чемоданаа бариад эхнэртэйгээ айл болж гарч байлаа. Манай нутгийн хүн шүү дээ. Өглөө яаж эрт босдогийг, уран бүтээлдээ хэрхэн анхаарал хандуулдгийг, номын өвдөө яаж ханддагийг Галсан гуайгаас л сурсан. Тэднийд амьдарсан хоёр жил уран бүтээлийн зөв замаа олсон. Галсан гуайнд байхдаа “Алс цагийн аяс” анхны шүлгийн номоо бичиж байлаа. Нэг удаа Галсан гуай гурван дугуйт худалдаж аваад роман, тууж бичих гэсэн үү Баянхонгор руугаа нэг жилийн хугацаатай явсан юм. Би гэрт нь үлдэж, хүүхдүүдийг нь цэцэрлэгт хүргэж өгөөд яг л том хүү шиг нь байсан.
-Баянхонгорын Баян-Овоо өдийд ямар байгаа вэ?
-Манай сум хангай, говь, тал хосолсон нутаг шүү дээ. Одоо л цас сэмрээд, ногооны үндэс сэрж, өвөл ичсэн жижигхэн хорхойнууд сэрж ядаад л, ид мал төллөж байгаа. Ижий, аав минь насаараа мал малласан. Өдийд очиход мал нь төллөөд л улаан дөрвөлжин даавуун дээр цагаанаар “Сумын мэнд төлчин” гээд биччихсэн дарцаг униндаа хавчуулчихсан байхсан даа.
-Нутаг гэхээр хамгийн түр үүнд юу нь санаанд ордог бол?
-Миний төрсөн хаваржаа алтан харганатай. Тэр жил уран бүтээлийн цэнгүүнээ Баянхонгорт хийж, манай хэдэн найрагч хаваржаанд минь очсон юм. Манай хаваржаанаас Их Богд харагддаг юм. Бавуудорж, Чимэддорж, Эрдэнэ-Очир шүлэг зохиолоо уншаад л. Алтан харгана алтарч харагдаад л. Машлай гуай “Чи нутгаасаа чулуу авдаг уу” гэсэн үгүй гэлээ. Тэгсэн “Би бурхны зарлигтай хүн, айлтгүй” гээд алтан харганаас нэг мөчир хугалж өгсөн. Усанд хийгээд дөрвөн жил боллоо. Цэцэглэхгүй ч гэсэн өнгөө алддаггүй юм билээ.
-“Амьдрал аа, би чамд хайртай”, “18 нас” гээд л та олон дууны шүлэг бичсэн. Дуу төрсөн түүх бүр сонин гэдэг. Хамгийн сонин түүхтэй бүтээлээсээ хуваалцахгүй юу?
-“Камертон”-ы “18 нас” дуу. Энэ дуу өөрийн хувь тавиланг хөөгөөд л дуу болсон юм. 1990- ээд оны эхээр нэг продакшн залуу насны тухай дууны уралдаан зарласан. Би “18 нас” гэж бичээд явуулсан. Гэтэл тэр дууны уралдааныг дүгнээгүй, би ч мартсан. Тэгсэн сүүлд охин хүү хоёр таны шүлэг дуу болчихож гээд сонсгосон. Дуу болоод таван жил болсон хойно нь шүү дээ. Би 1996 онд “Амьдрал аа, би чамд хайртай” уран бүтээлийн цэнгүүнээ хийсэн юм. Тэгсэн “Камертон”-ыхон ачааны машинаар дүүрэн хөгжмийн зэмсэг ачаад ирсэн. Дүү нартаа баярлалаа, энэ олон хөгжмийг буулгана гэвэл бөөн ажил болно гэсэн. Манай үзэгчид ч нийтийн дуу сонсдог хүмүүс байсан юм. Тэгээд надад “18 нас” цомгоо дурсгаад явсан даа. Түүнээс хойш 22 жил болоход нэг ч тааралдсангүй.
-Тэгээд шүлгийг тань ямар замаар олж авсныг асуугаагүй юу?
-“Камертон” шинэ дуу хийх гээд л уралдаан зарласан болов уу гэж одоо боддог. Тэр дуу “Камертон”-той хамт дэлхийг тойрчихлоо. Уран бүтээл гэдэг хүн шиг хувь тавилантай. Зохиогчийн гараас гарсан л бол минийх биш, ард түмнийх болж, зүрх сэтгэл рүү нь очдог. Араас нь залбираад л, сайн явж байвал баярлаад л сууж байдаг. Уран бүтээл үүрэндээ өтлөхгүй, ингэж энд тэнд явна гэдэг шидэт чанар юм уу даа.
-Дууны шүлэг яруу найргийн ялгаа нь юу вэ?
-Сайн шүлэг дуу болдог гэж боддог. Б.Явуухулан гуайн олон шүлгүүд дуу болсон. Одоо хамгийн муу шүлгүүд дуу болоод, эхлэн бичигчид, хөгжмийн зохиолчид, бүр дуучид нь бичдэг болжээ.
-Тэгвэл дууны шүлэг, аяны аль нь чухал вэ?
-Дуу болсон хойно шүлэг нь, ая нь чухал гэх боломжгүй. Шүлгэнд өөрийн гэсэн аялгуу байдаг учир түүнийг хөгжмийн зохиолч сонсоод сэрж сайхан дуу бичдэг. Би мундагтаа ч хэлж байгаа юм биш шүү, олон хөгжмийн зохиолчоос сонссон. Хуучны дуунуудаас аялгуу нь, шүлэг нь муу гэж огт анзаардагг үй байлаа. Манай хөгжмийн зохиолчид хэдий болтол мөнгө хөөж, сайхан аялгуугаа цавтай сэвтэй үгэнд хадах гэсэн юм бэ. Дуу бичүүлнэ энэ тэр гээд л их мөнгө ордог гэсэн. Манайхан мөнгөтэй хүмүүсийн захиалгаар дуу хийдэг болж. Тиймээс л мэргэжлийн бус болоод байна. Хөгжмийн зохиолчид чөмөг суусан бол одоо жинхэнэ уран бүтээлээ хийх цаг болсон. Муу шүлэгнээсээ болоод дуу амархан мартагддаг шүү дээ.
-Та олон улсын яруу найргийн наадамд олон удаа оролцож байсан. Таны бодлоор Монголын яруу найраг хаана явна вэ?
-Монголын яруу найргийн чанар чансаа, далайц дэлхийн цээжинд л яваа. Гол нь дэлхийн хэл дээр бууж байж л хүмүүст хүрнэ. Энэ ажилд ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг Г.Мэнд-Ооёо гуай их хувь нэмэр оруулж байна. Дэлхийн яруу найргийн академийн дэд тэргүүн болж, олон чуулган зохион байгуулсан. Монголын яруу найрагчид, уншигчид түүнд баярлах ёстой.
-Зарим монгол үгийг гадаад хэл дээр буулгахад утга уянга нь алдагдах байх. Тэгэхээр яаж орчуулах вэ?
-П.Бадарч гуай “Миний шүлгийг битгий гадаад хэл рүү орчуулаасай. Аргал чулуу хоёрыг андууран байж түүлээ гэдгийг малын баас түүлээ гээд биччихвэл миний шүлгийн гоё сайхан алга болно” гэж байсан. Санаа зовох асуудал мөн шүү. Би орчуулгын зохиол их уншдаг. Орон орны тухай мэдээлэл авч, зохиолын цараа хүрээ сэтгэлд буудаг. Тэгэхээр тэр дайны орчуулбал болохгүй гэх газаргүй. Монгол хүний шүлгийг ямар ч сайн гадаад орчуулагч тэр гоё сайхнаар нь буулгаж чадахгүй. Манайхны шүлгийг орчуулдаг Саймон гэж нөхөр бий. Зарим нь түүний орчуулгыг сайн, муу болсон гэдэг л юм. Түүнд дүн шинжилгээ хийдэг, жинлэдэг хүн алга. Монголын уран бүтээлчдээс дэлхийн түвшинд туурвиж байгаа хүн гэвэл германаар бичдэг Чинагийн Галсан байна. Түүн шиг гадаадаар бичдэг зохиолч олон төрс өн цагт Монголын уран зохиол хамгийн зөвөөр, яруу ая дангаараа дэлхийн хүмүүст хүрэх боломжтой. Нөгөө талаар энэ жинхэнэ монгол зүрх сэтгэлтэй орчуулагчдын хийх ажил.
-Таны бодлоор урлагийн дээд төрөл юу вэ?
-Яруу найраг. Хөгжмийг ч зургийг ч төрүүлдэг, урлагийн эх ундарга нь яруу найраг шүү дээ.
-Таны шүлэг бүтээлийг уншихад их гэгээлэг, уулзахад ч эерэг энерги хайрлах юм. Таны хувьд амьдрал гэж юу вэ. Жаргал их үү, зовлон нь их байна уу?
-Хүн амьдралыг яаж харна тэгж л мэдрэгдэнэ. Бүдэрсэн чулуугаа тоолоод байвал яаж орчлонг туулах вэ дээ. Би өөдрөг хүн. Зарим хүний их зовлон гэж харсныг гэрэл гэгээтэйгээр мэдрээд өнгөрдөг ч байж мэднэ. Би амьдралд хайртай, гоё сайхан нь их гэж боддог. Зарим хүнтэй уулзахад “Хэрвээ би дахиж орчлонд төрвөл гэгээн минь, арай л ингэж амьдрахгүй юм шүү” гэдэг. Надаас тэгж асуувал би туулсан амьдралаа ахиад л туулна. Дахиад л өнөө муу малчин Данзан гуайнд хавраар төрөөд, дотуур байрандаа арван жил амьдраад, радиодоо ороод, номоо гаргаж баярлаад л, дахиад л чамд ярилцлага өгөөд л, амьдралын тухай яг энүүгээрээ эргэцүүлээд сууж байна л гэж боддог хүн шүү дээ. Бусадтай адил жаргал, зовлон надад байлгүй яах вэ. Аав минь үгүй болсон, ижий минь өнгөрсөн, зургаан сайхан дүүтэй байсны хоёр нь орчлонд алга байна. Тоолоод байвал хүний зовлон их. Хүнд цаанаас, бурхнаас өгөгдсөн сэтгэлийн өнгө байдаг байх. Ямар өнгө өгсөнөөс болоод тэрүүгээрээ орчлонг хардаг байх. Зарим хүн хэчнээн баяр хөөр төрөөд байхад нүүрний үрчлээ нь арилаагүй байдаг.
-Яг чин үнэнээ хэлэхэд өнөөдөр та юунд зовж байна?
-Айхтар зовоод байх юм алга аа. Өнөөдрийн тухайд шаналан алга. Амьдралын аар саар асуудал байлгүй яах вэ. Тухайлбал, найман хувийн зээл аваад шинэ байранд орчихсон. Гэхдээ энэ зовлон биш л дээ.
 Б.ДӨЛГӨӨН

No comments:

Post a Comment