Saturday, September 6, 2014

Ч.Найдандорж: Миний амьдрал дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн

 Дээрх ярилцлага зураг нь Өнөөдөр сонины өмч болохоор сайтууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн хуулвал хариуцлага хүлээх юм байна.
















 "Урлаг амьдралын талх биш нь тодорхой. Гэхдээ яах аргагүй дарс нь мөн" гэж Жан Поль хэлсэн  удаатай. Энэ удаагийн "Нямын зочин" буландаа "дарсчин", урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийг урилаа.
-Долоон найруулагч долоон жүжиг тавих гэж буй. Та яагаад Дарио Фогийн “Чөлөөт хос”-ыг сонгосон бэ?
-10 гаруй жилийн өмнө орчуулагч Цэнгэл орчуулсан юм. Сайн жүжиг. Италид тоглоогүй театр гэж байхгүй. Энэ жүжгийг арай өмнө тавьсан бол эртдэх гээд, маргааш тогловол оройтох байсан юм. Энэ цагт л үзэгчдийн оюуны хэрэгцээг хангаж чадахаар учир сонгосон. Нэгэн эхнэр нөхрийнхөө нууц амрагийн явдал бүрийг илрүүлэх тоолондоо амиа хорлох гэж оролддог. Нөхөр нь эхнэртээ чөлөөт хос болохыг санал болгож ”Хууль ёсны эхнэр нөхөр хэрнээ бусад хүүхэнтэй хайр сэтгэлтэй бололгүй, зөвхөн унтана. Энэ бол соёлт хүн төрөлхтний ёс ” гэдэг. Бид ардчилалтай золгоод 20 гаруй жил боллоо. Ардчилал, эрх чөлөөгөөрөө дэндүү тоглож байна. Эрх чөлөөг хаана, ямар хэмжээтэй эдлэх вэ гэдэг нарийн асуудал. Хэтэрхий их эрх чөлөө юунд хүргэж болох вэ гэдгийг, яаж аргаа барж, мухардалд орж, элэг зүрхээ эмтэлж байгаа тухай энэ жүжигт хөндөнө. Эхнэр нөхрийн хоорондох эмтэрч, сэвтэж, гуйвж дайвж болохгүй үнэт зүйлийн тухай өгүүлэх жүжиг.
-Ихэнхдээ эрэгтэйчүүд архи ууж, эхнэр хүүхдэдээ гар хүрч, өөр бүсгүйтэй уулзаж, энэ амьдралд эмэгтэйчүүдээсээ илүү их буруу хэрэг хийдэг юм шиг санагддаг уу?
-Эрэгтэй хүн эмээсээ илүү их ачаа үүрдэг учир гэм зэм нь олны анхааралд байдаг. Эхнэрээ араар нь тавьж байгаа эрийн цаана бас л нэг эмэгтэй хүн бий шүү дээ. Энэ бол хүн төрөлхтний мөнхийн маргаантай асуудал. Эртнээс байсаар ирсэн, цаашдаа ч байх ийм маргаантай асуудлыг нэг цаг гаруй хугацаанд жүжгээр үзүүлнэ гэдэг сонирхолтой.
-Амьдралын боломжтой хэрнээ жүжиг үздэггүй хүмүүсийг та юу гэж боддог вэ?
-Хүний сонголт, сонирхол. Тэрийг буруутгаад, мунхаг тэнэгээр нь дуудах эрх надад байхгүй. Бухимдвал миний эд эс үхнэ шүү дээ. Чи театр үзэхгүй сэтгүүлч хийгээд, надаас хэдэн жижүүрийн асуулт асуучихаад гараад явж болно, надад хамаагүй. Хэрвээ та төгөлдөржье, бурханлиг чанараа илүү их хөгжүүлье гэж боддог бол хөгжим сонс, уран зураг, цирк үз, дуурь, балет сонирх, ном унш. Таван мэдрэхүйгээрээ мэдэрч байж гэмээнэ сэтгэл гэдэг эрхтэн эрүүл байна шүү дээ. Хүн гэдгээ мэдэрч, таниж, санахын тулд театрт ирээсэй гэж бид хүсдэг. Банк, дэлгүүрт ороод мөнгөтэй гэдгээ мэдрэхээс биш, би хүн шүү гэдэг үнэт чанараа мэдэхгүй. Жүжиг үзэж сэтгэл хөдлөөд, ямар нэгэн юманд автаад, хэн нэгнийг өмөөрч, эсвэл буруу шаагаад эхэлбэл бурхнаас заяасан хүнлэг чанар нь сэргэдэг. Тиймээс л театрыг мэргэд ариун сүм гэдэг юм.
-Дээхнэ үед Нямгаваа, Доржсамбуу, Мөнхдорж гурав хоорондоо уран бүтээлээрээ өрсөлддөг байсан гэдэг. Одоо та нарын хооронд өрсөлдөөн бий юү?
-Тэр үед Хүүхэд залуучуудын театр Нямгаваа гуайгаар, УДЭТ Мөнхдорж найруулагчаар овоглож байлаа. Тэгээд Мөнхдорж найруулагч Цэргийн театр руу шилжихэд УДЭТ Доржсамбуу агснаар овоглох болсон. Тэд хийсэн бүтээлээрээ театраа тамгалж, хамт олноо овоглож чаддаг байсан. Харин өнөөдөр зах зээлийн буянаар ганцхан театрт жүжгийн найруулагчдаас гадна ҮДБЭЧ-ын найруулагчид шавчихсан. Арван хэдүүлээ нэг тайзаа булаацалдаж байна. Тиймээс Найдандоржийнх, Баатарынх, Наранбаатарынх гэх нөхцөл бололцоо байхгүй. Би 1990-ээд оны сүүлчээр нэг сонинд ярилцлага өгөхдөө “Мөнхдорж, Нямгаваа, Доржсамбуу гурав нэг ширээний ард суугаад инээчихсэн, Монголын театрын тухай ярьж байгаа зураг байвал 1000 ам.доллараар худалдаж авъя” гэж байсан. Тухайн нийгэм тэр гурвыг хувааж, хооронд нь өрсөлдүүлж байсан нь нэг талаараа сайн боловч, алдаа дутагдалтай байсан. Өмнө нь Гэндэн, Ванган, Чимэд, Оюун зэрэг мундагчууд нэгэн цул болж чадсан учир алтан үеийнхнийг бэлдэж, Монголын театрын урлагийг дэлхийн түвшинд хүргэж чадсан. Одоо хүссэн, хүсээгүй нэгдэж байна. Наранбаатар өсөж явна. Араас нь ямар хүүхэд төрөх вэ гэдэг сонин байна. Найруулагчгүй театр гэж байхгүй, сүйрэл болно. Найруулагчгүй театр үзье гэвэл орон нутгаар яв. “Мөнхдорж, Наранбаатар, Баатар нарын найруулагчийг орон нутгуудад санал болгоод, зөвлөхөөр аваач ээ. Сарын цалин өгч, байр, унааг нь даачихвал орон нутгийн театруудын уран бүтээлийг сонголцоод, чиглүүлээд өгье” гэсэн санал манай театраас гаргаж Урлагийн зөвлөл дэмжсэн ч ССАЖЯ шийдэж өгөхгүй байна. Бүгдээрээ хамт мундаг байхгүй бол УДЭТ-т ичээндээ орсон юм шиг бүгээд, орон нутгийнхныг муулж гаслаад суух нь ёс зүйгүй. Ингээд хөдөөгүүр явъя гэхээр хоёр, гурван газар нэгэн зэрэг ажиллаж болохгүй гээд дээрээс хавчих байх л даа.
-Сувд, Мягмарнаран, Цэрэндагва, Мэндбаяр нарын амьд домгуудыг орлох жүжигчид УДЭТ-т байна уу?
-Байхгүй шүү дээ.Тэд олон жил боловсорч, урлагийн тогоонд чанагдаж байж энэ өндөрлөгт хүрсэн. Тэд нар шиг болохын тулд цаг хугацаа, туршлага, боловсрол, мэдлэг хэрэгтэй. Театрт бас нэг аюул нүүрлэж байна. Ирээдүйд театрыг авч явах авьяаслаг хүмүүс нөхцөл байдлаа голж байна. Ажлынхаа хажуугаар өөрөө юм хийе, кинонд тоглоё гэхээр театрын эрх ашигтай зөрчилдөнө. 09.00 цагт ирээд орой жүжиг дууссаны дараа харих ёстой гээд театр боломж өгөхгүй. Гурван сая хүнээс гоц авьяастай төрчихөөд, олон түмэнд хайрлуулж байж тэд гуйлгачин шиг амьдрах ёстой юм уу. Энэ авьяастай сор болсон жүжигчид театрыг орхихоос өөр аргагүйд хүрч байна. Цаашдаа энэ хэвээрээ үргэлжилбэл 80 жил хөгжсөн театр нэг л өдөр сүйрнэ. Төр анхаарахгүй байсаар театрыг санаатайгаар устгах нь гэж ойлгож байна.
-Уранчимэг, Ганцэцэг, Ганчимэг нар театраас гарсан нь танайд хэр их нөлөөлсөн бэ?-Нөлөөлөлгүй яах вэ. Тэднээс гадна Алтаншагай, Эрхэмбаяр гарчихлаа. Араас нь бас хүмүүс яваад л байна. Хүнээ нөхөөд уран бүтээлийнхээ түвшинг муутгахгүй байж болно л доо. Гэхдээ энэ авьяастай хүмүүс ингээд гарна гэдэг театрын урлагт харамсалтай. Ямар ч чадваргүй, дөнгөж төгссөн хүүхдүүд үлдье гэж бодъё Юу болох бол...
-Тэгвэл та Монголын театрын урлагт юу бүтээж үлдээхийг хүсэж байна вэ?-Би жүжгээ л хийе. Бүтээн байгуулагч, шинэчлэгч, өөрчлөгч, хувьсгалч биш шүү дээ. Цалингаа авдаг зүгээр л нэг ажилтан.
-Найруулагч хүний хувьд өөрийнхөө дутагдлыг хэлбэл?-Авьяасгүй, муу найруулагч. Манайхан л намайг авьяастай гэж хүлээн зөвшөөрөөд байна. Би хийж байгаа ажилдаа сэтгэл ханаагүй. Найруулагч хүн илүү сайн байх ёстой
-Мэргэжлийн тань хамгийн сайхан нь?
-Хүний сэтгэлийг эмчилнэ гэдэг бодь мөрийн зүйл. Театр хэдий чинээ хүчтэй байна ард түмний сэтгэл төдий чинээ эрүүл саруул байна гэсэн үг.
-Та “Blackbox” театрт жүжиг үзэж байв уу?
-Өнгөрсөн ням гаригт “Хирс” жүжгийг үзсэн. Би театр судлаач биш. Гэхдээ сэтгэл дүүрэн гарсан. УДЭТ-аас өөр өнцгөөс, өөр арга барилаар өөр гүн ухааныг монголчуудад хүргэхийг оролдож байна. Хэр баргийн хүний хийдэг ажил биш, их хэцүү. Мягмарыг тэр жүжигчдийг цалинжуулах бэл бэнчинтэй, өөрийн гэсэн театртай байгаад баярлаж байна. Амьдадаа ийм юм үзнэ гэдэг бахархал.
-1990-ээд оны сүүлчээр “Ижил хүйстэн” жүжгийг тавьж байсан юм билээ. Сонин зохиолтой энэ бүтээлийг дахиж тоглох бодол бий юү?
-Өөр найруулагч тавихыг үгүйсгэхгүй ч, би лав биш. Миний бодлоор Аглуу л тэгж тоглож чадна. Тэр үед Аглуугийн тоглож байснаас илүү гарч чадах жүжигчин би олж харахгүй байна. Их сургуулиа төгсөөд тэр жүжигт тоглосон Аглуу одоо хэдэн кг нэмсэнийг би мэдэхгүй. Хоёр цаг гаруй хөлөө сойж тоглоно гэдэг тоглоом биш. Нөгөө талаар “Ижил хүйстэн” жүжиг тухайн цаг үедээ л тохирч байсан. Тэр үед миний хувьд ганцаардал, нийгэмд шаарлагдах тухай асуудал илүү эмзэг байж. Өөр найруулагч өнөөдөр энэ жүжиг хэрэгтэй гэж шатахыг үгүйсгэхгүй ч Найдандорж дахиж тавих шаардлагагүй гэж үзэж байна
-Өнгөрсөн жил нээлтээ хийсэн “Сэрүүн хасын нууц” жүжгийг “Х-ТҮЦ” дахин тоглох гэж байгаа юм билээ. Жүжигчний ур чадвар, нас, халаа сэлгээнээс жүжгийн нас хамаардаг гэдэг. Таны бодлоор “Сэрүүн хасын нууц” тайзнаа хэр удаан амилах бол?
-Нэг жилийн дараа дахин тоглох гэж байна гэдэг эрэлт байна гэсэн үг. Ирэх даваа гаригаас дахин тоглоод, хэр эрэлттэй байхаас шалтгаалж цаашдаа яах нь тодорхойлогдоно. Тэр жүжигт “Х-ТҮЦ”-ийнхнээс гадна Сувд гуай, Дэлгэржаргал эгч, Эрдэнэ-Очир, Ялалт зэрэг жүжигчин гэрээгээр тоглосон. Энэ зуун ХХ зуунаас ялгаатай нь уран бүтээлчид ажлынхаа төлөвлөгөөг өөрсдөө гаргадаг болж. Тэдний зав чөлөө, хүсэл сонирхлоос бас хамаарна. Энэ мэт олон хүчин зүйлээс жүжгийн нас шалтгаална. Гэхдээ “Сэрүүн хасын нууц” жүжгээ DVD болгох учир сонирхсон, үзэж амжаагүй хүмүүс худалдан авах боломжтой.
-Үзэгчид энэ жүжгийн дараа юу тоглох бол гэж хүлээж байгаа байх. Дараагийн бүтээлээ олсон уу?-Ахиад л дэлхийн сор болсон, хэрэгцээт бүтээлийг олж тоглоно доо. Одоохондоо олоогүй л байна. Хэдэн ном уншсан хүн тэр дотроосоо гайгүйг нь сонгоод тоглочихдог эд биш. Хүн төрөлхтний оюуны сан хөмрөг далай тэнгис шиг уудам том. Тэр дундаас бидэнд хэрэгцээтэй эрдэнэсийг шүүрдэнэ гэдэг их эрэл хайгуул. Бүтээлээ сонголоо гэхэд түүнийг тоглох баг бүрэлдэхүүн байна уу, эдийн засгийн чадал байна уу, хаана тоглох вэ гээд олон асуудал гарч ирнэ. “Хөөх энэ гоё юм байна” гээд зах дээрээс бараа сонгохтой адил хялбар ажил биш.
-Баабар гуай олон ном зэрэг уншдаг гэж байсан. Таны ном унших арга барил ямар бол?-Номноосоо шалтаална. Хэрэгцээтэй, таалагдсаныг харамсалтай нь хурдан уншаад дуусчихдаг. Нухаж, заавал учрыг нь ойлгож, тэндээс юм олж авах ёстойг удаан, бодож уншдаг. Би Баабар шиг ном мэддэг хүн биш ээ
.-“Аянгын бороо” жүжгийг найруулах гэхэд Гантөмөр, Тунгалаг зэрэг мундагчууд “Айхтар зохиол шүү, хариуцлагатай байгаарай” гэж захисан гэсэн. Тэгвэл “Сэрүүн хасын нууц”-ыг тавихад хэн юу гэсэн бол?
-Дээхнэ үед Тунгалаг даргатай Цэргийн театр гэж газар байсан. 1992 онд тус театрын найруулагч Мөнхдорж “Аянгын бороо”-г найруулж, Гантөмөр гуай гол дүрд нь тоглож байсан юм. Тунгалаг даргаас энэ зохиолыг авахад “Найдан юм байна л гэж итгэж өгье. Энэ жүжгийг битгий баллаад хаячихаарай” гэж байсан, үнэ цэнэтэй бүтээл. “Сэрүүн хасын нууц”-ыг орчуулсан Болдбаатар “Миний зүгээс юу хэрэгтэй вэ, би бэлэн шүү, та нар зөв сонголт хийжээ” гэж бидэнтэй ойр дотно ажилласан. Жүжиг үзсэний дараа “Та нар юу хүсдэгийг ойлголоо мэдэрлээ. Аятайхан зохиол байвал санал болгоно” гэсэн.
-Энэ бүтээлээ “Гэгээн Муза”-д сойно гэсэн байх аа. Мэргэжлийн найруулагч хүний хувьд хэр амжилт үзүүлнэ гэж бодож байна вэ?
-Далдыг мэддэг далай лам биш. Тэр үед уран бүтээлчид яаж тоглох вэ, шүүгчид нь хэн байх вэ, ямар жүжгүүд өрсөлдөх вэ гээд олон зүйлээс шалтгаална
-Таны бодлоор энэ наадам хэр шударга болдог вэ-Уран бүтээлээ сойх гэж буй хүн бүр өөрийнхөө жүжгийг тэргүүний гэж бодож л өрсөлдүүлдэг. Тиймээс тэмцээн бүрийн ард гомдол, хэл ам гардаг. Нэг нь түрүүлж, нөгөө нь хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Гэхдээ цаанаа минийх илүү байсан юм даа гэж гонсойж хоцордог. “Гэгээн муза”-г шүүнэ гэдэг шүүгчдийн өндөр хариуцлага. Шүүгчдэд “Энэ миний шавь юм, хайртай уран бүтээлч юм, эсвэл хөгширсөн, залуу гарч ирж байгаа хүнийг дэмжье” гэсэн бодол байхыг үгүйсгэхгүй. Тэр бүрийг шүүгчдийн нийлбэр дүнгээр дунджилдаг учир ямар голчтой дүн гарахыг таашгүй, хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй
-Хошин урлагийг мэргэжлийн уран бүтээлчид тааламжтай хүлээж авдаггүй. СУИС-ийн багш нар “Хошин шогийн жүжигчин болчихов доо” гэж шавь нартаа захидаг. Ийм байхад театрын найруулагч яагаад “Х-ТҮЦ”-ийг байгуулах болсон бэ?
-Тийм юм ярьж байгаа хүмүүс хошин урлагийн бүх тоглолтыг үзчихээд хүний хийснийг нулимж болно. Тохиолдлоор телевизээр харсан, ухаантай гэж тооцдог хүнээсээ сонссоноо, нэг тааруухан хамтлагийн тоглолт үзээд сэтгэл дундуур гарснаа бусдад нь нялзааж дүгнэнэ гэдэг ухар мөчид, гэнэн гоомой асуудал. Хөөрхий минь, хошин урлагт зүтгэж яваа хэдэн хүүхэд нойр хоолоо хасаад, тархи бие бялдраа зэрэг ажиллуулаад их зүтгэж байна. Бидний хоёрхон цаг үзээд гардаг тоглолтыг хийх гэж ямар их хөдөлмөрлөж, мөнгө, уран сэтгэмж, зүрх зориг зарж ажилладгийг ойлгох хэрэгтэй. Тийм амархан юм бол монголчууд бүгд л хийнэ шүү дээ. Хэдхэн хамтлаг байна. Тэр дотроо чадалтай нь тоотой. Сул дорой нь олон бий. Нэг хамтлаг 10 үзүүлбэр тоглоход дөрөв нь муу, зургаа нь сайн, эсвэл нэг нь давгүй, ес нь сул байхыг үгүйсгэхгүй. Тэд бүгдийг нь сайн хийхийн төлөө ажиллаж байгаа. Монголчуудын боломж бололцоо ямар билээ гэдгийг бодолцох хэрэгтэй. Улаанбаатар сая орчим хүнтэй гэхэд эндээс Соёлын төв өргөөг зорьж байгаа нь хэд билээ дээ. Нэг тоглолт хийгээд удалгүй үзэгчид нь ханаад, дараагийн тоглолтдоо хурдхан бэлдэх шаардлагатай болно. Гэтэл Орос, Европт нэг тоглолтоороо 10 жил амьдрах боломжтой. Олон сая хүнтэй юм чинь аргагүй шүү дээ. Өөрсдийн гэсэн тайзгүй учир хамтлаг продакшнууд хоёр тайзаа ээлжилж түрээсэлнэ. Нэг тоглолтоо ядаж бүтэн жил тоглодог бол гайхамшгийг бүтээж болно л доо.
-Та хар багадаа ээж, ааваасаа хагацсан юм билээ. Ямар үед тэднийгээ их үгүйлдэг вэ?-Санахгүй үе гэж бараг үгүй. Харин аз жаргалтай, эсвэл ганцаардсан үед л хоолой зангирч үгүйлдэг. Эцэг, эхийн орон зайг нөхөх хэмжээнд дөхөж очих зүйл гэвэл үр хүүхэд, хань ижил юм даа.
-Чойнхор аав тань Улаанбаатараас Өндөрширээтэд очоод ээжтэй тань хайр сэтгэлийн холбоотой болж, хот руу авчирахад төрсөн эцэг тань дагаж ирж, ханийнхаа хаяаг бараадан амьдарч байгаад өөд болсон тухай дуулсан. Тийм нандин, гэгээн хайрын тухай жүжгэндээ оруулъя гэж боддог уу?
-Үгүй.
-Тэгвэл овгоо сольж, Авирмэдийн Найдандорж болгоё гэж бодож байв уу?
-Овог солино гэдэг нүгэл. Миний аав Авирмэд гэдэг хүн байсныг 15 настайдаа мэдсэн. Тэр хүртэл энэ овоглож байгаа аавыгаа төрсөн эцгээ гэж бодож, хайраар нь хүмүүжиж, өдий зэрэгтэй хүн болсон. Надад овог өгөх болоход тэр гурван хүн ярилцаж шийдээд өгснийг би солино гэдэг хүн чанаргүй хэрэг. Энэ овогтойгоо дуусна.
-Таны хайрын түүх бас тийм гайхалтай юу?-
Эхнэртэйгээ ханилаад 30 гаруй жил болж байна. Улам л гэгээлэг болоод байна. Гэргийтэйгээ танилцаад долоо хоноод хадмындаа очиж, гэр бүл болох хүсэлтэйгээ хэлсэн. Хадам аав “Аа, тийм үү. Та хоёр танилцаад хэдэн жил болж байгаа билээ” гэхээр нь үнэнээ хэлтэл нүд нь орой дээрээ гараад “Нэгнийгээ сайн таньж, судлах хэрэгтэй” гэж байна. Тэгэхээр нь “Дурлал гэдэг тийм байдаг юм уу. Таны охиныг муу хүн байвал болиод өөр хүнтэй суух уу. Тийм юм байхгүй. Дурласан бол дурласан, гүйцээ” гэж хэлээд авч сууж байлаа. Тэгснээрээ ч зөв шийдвэр гаргасан. Хадмууд зөвшөөрсөн нь ч оносон. Монголын үндэсний телевизийн найруулагч хадмын өөдөөс нэг муу жүжигчин том дуугарсан нь гарцаагүй жинхэнэ хайр дурлалаас гарсан хүч тэнхээ.
-Таны эцэг, эх өнгөрөхөд та ахындаа амьдрах болсон. Тэдний байранд жүжигчин Батзаяатай танилцсанаар урлагт дурласан. Тэгээд хадам аавынхаа найруулж буй кинонд тоглож охинтой нь танилцсан гээд таны амьдрал их сонин юм. Та хувь тавиланд итгэдэг үү?
-Миний амьдрал хутганы ирэн дээр өнгөрсөн гэхэд болно. Тухайлбал, Улсын багшийн дээд сургуулийн жүжигчний ангид элсэлтийн шалгалтаа өгөөд тэнцсэн юм. Тэгтэл миний хуваарь ирэлгүй, арын хаалгаар тэс өөр хүнд өгчихөж. Ахтайгаа хамт захиралтай уулзаж, хэл уран зохиолын ангийн хуваарь авч, сургуульд орсон хойноо нэлээд хөөцөлдөж байж тэнцсэн ангидаа орсон юм. Ерөнхий эрдмийн шалгалт өгөхөд орос хэлний хичээл дээрээ унаад багш дөнгөн данган тэнцүүлсэн. Би Баянхошууны барлаг амьдралтай, урлагийг мөрөөдөхөөс цаашгүй хүүхэд байлаа. Мэргэжлийн шалгалтдаа тэнцээд, ярилцлаганд ортол “Хамгийн сүүлд ямар жүжиг үзсэн бэ” гэж асуухаар нь “Амьдралдаа жүжиг үзэж байгаагүй” гээд үнэнээ хэлсэн. Шалгалтын комиссын дарга орос мэргэжилтэн “Энэ хүүхэд юу гэсэн бэ” гэхэд монголчууд нь “Жүжиг үзэж байгаагүй хүүхэд жүжигчин болно гэнэ. Яаж болох вэ дээ” гэсэн. “Та нар юу яриад байгаа юм бэ. Одоо сураад, жүжигчин болно биз дээ” гэж өнөө орос бусдыгаа загнаад тэнцүүлж байсан. Мэргэжлийн шалгалтаа муу өгсөн бол нэрмээс болоод сүйрэх байсан юм. Драмын театрт жүжигчин байхдаа найруулагчийн сургуульд явах болж, орос хэлний шалгалт өгөх болоход Багшийн дээдэд орос хэл зааж байсан өнөө багш сууж байна. Би ч уначихаж. “Танаас гуйя. Намайг тэнцүүлчих” гээд миний хөлс чийхарч, өнөө багшийн ч хөлс урсаж, алдаатай бичвэрээ засуулж байж арай гэж тэнцээд сургуульд явсан даа. Төгсөж ирээд “Худалч эхнэр” жүжгийг орчуулж, тоглохдоо намайг тэнцүүлсэн тэр багшийг урьж, “Таны буянаар найруулагч боллоо, орос хэл сурлаа, баярлалаа” гэж байлаа. Энэ мэтчилэн Найдандоржийн амьдрал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж өнгөрсөн.
-Тэгж зовж жүжигчин болчихоод яагаад найруулагч болсон юм бэ?
-Драмын театрт олон жүжгийн гол дүрд тоглолоо. Хүмүүс надад ам сайтай байсан ч өөрийгөө голсон. Мэдлэгээ дээшлүүлж, орос хэл сурахгүй бол болохгүй юм байна. Найруулагч болбол жүжигчдэд ээлтэй найруулагч болж магадгүй юм байна гэж бодсон. Тэгээд ч Мөнхдорж гуайн “Сандал”, Доржсамбуугийн “Анхны туйлшрал” жүжигт туслах найруулагчаар ажиллаж байсан үе. Найруулагч болж магадгүй юм гэсэн горьдлого тээгээд явсан. Манай найруулагч найз “Чи жүжигчин болохоос найруулагч биш. Найруулагч төрдөг юм” гэхээр нь “Чиний хэлдэг үнэн бол би явж хоёр жил хэл сурч, Оросын театр үзэж, гэгээрээд ирье. Тэгээд жүжигчнээрээ ажиллъя” гэж байлаа. Хоёрдугаар дамжаанд амралтаараа ирээд “Ерөөсөө больё, жүжигчнээрээ үлдье” гэхэд том ах эсэргүүцэж, “Нэгэнт эхлүүлсэн бол дуусга” гэсэн.
-Та сүүлд “Сарны цагаан цус” жүжигтээ өөрөө гол дүрд нь тоглосон. Өөрөө найруулаад, жүжиглэх хэцүү юү. Яагаад энэ олон жилийн дараа жүжигт тоглох болсон юм бэ?
-Жаргалсайханд санал тавьсан ч киноны зурагтай болчихсон. Өөр санаанд таарах жүжигчин байгаагүй. Жүжигчний мэргэжилтэй болохоор өөрөө тоглох дур дийлсэн хэрэг. Өөрөө найруулаад тоглоно гэдэг байж болохгүй асуудал юм билээ.
-Хүн залуу нас нь яг хэзээ дууссаныг мэдэлгүй өнгөрдөг гэдэг юм билээ. Та залуу хүн үү?
-Шавь нарынхаа хөгширснийг мэдээд миний нас явсныг ойлгосон. Аглуу миний нүдэнд 1993 онд СУИС-д орж байсан хүү шиг л харагдаад байдаг. Тэгсэн уран бүтээлийнх нь намтрыг уншаад, ярилцлагыг нь үзэхээр их зам туулсан байх юм. 1978 онд Мөнхдорж багш ямар байсан түүгээрээ харагдаж, 1982 онд УДЭТ-т ороход Сувд гуай яаж харагдаж байсан тэр хэвээрээ байх юм. Миний эхнэр залуугаараа, би хэвээрээ байх шиг. Хөгширсөн мэдрэмж төрөхгүй хэрнээ насаа тооцохоор аймаар санагдаад байна. Багадаа 50 настай хүн ямар хөгшин юм бэ гэж хардаг байлаа. Одоо та нарт би тэгж харагдаж байгаа биз.
-Тэгвэл та сэтгэхүйн насаараа хэдтэй вэ?-35 настай л болов уу даа.
-Та хэзээ хамгийн сүүлд нэг их сайхан амарсан бэ?-
Хадмынх Санзайд зуслантай. 1990-ээд онд долоо хоног агаарт, ямар ч бодож санах зүйлгүй, хадам ээжийн гарын хоолыг идээд амьдралдаа амарч үзээгүйгээрээ сайхан амарсан даа. Түүнээс хойш гадаадад, хөдөө, гэртээ, амралтад гээд амарч үзээгүй газар байхгүй ч тэр мөчийг гүйцдэггүй юм. СУИС-ийн багш, УДЭТ-ын найруулагч, “Х-ТҮЦ”-ийн захирал гээд гурван том алба зэрэг хашиж, ачаалалтай ажиллаж байгаад анхныхаа ажлын амралтыг авсан болоод тэгж сайхан санагдсан байх.
-Таны найруулсан жүжгүүдээс хэний, ямар жүжгийн үг сэтгэлд хоногшсон бэ?
-Би “Тамгагүй төр”, “Сарны цагаан цус” гээд Б.Лхагвасүрэн гуайн хоёр жүжгийг тавьсан. Гайхамшигтай шүү дээ.“...Нүдийг чинь хараатайгаар нь сохолсон тэр үнэн хаана байна Нүгэлт энэ орчлонд битгий хэл тамд ч үнэн эзгүй байна” гэж. Үнэн дээр заларч, биднийг хаанчилж байх ёстой атлаа хүний хөл дор гишгэгдээд байна.
-Аль ч цаг үед үнэн ноёрхож байгаагүй юм биш үү?
-Чингис хааны үед эвтэй байсан учир хүчтэй байсан гэдэг худлаа. Үнэн л дээр заларч байсан болохоор дэлхийг байлдан дагуулж байсан шүү дээ. Үнэнг дээр залбал бүгд түүнд залбирна, түүний төлөө амьдарч, цусаа урсгана. Бид одоо заль мэхийг залчихаад ямар байна даа. Ингэж амьдрах ёсгүй л ард түмэн шүү дээ.
-Нийгмийн энэ олон асуудлаас болж бухимддаг уу?
-Бухимдлаа гээд яах вэ дээ. Төрийн ордон руу буу бариад оролтой биш. Хүний амьдрал богинохон шүү дээ. Ядаж өөрөө үнэн байя, чадвал ойр орчмын хүмүүсээ үнэнд уриалъя.
-Б.Лхагвасүрэн гуайгаас өөр сайн жүжгийн зохиолч байна уу?
-Олон шүү дээ. Жүжгийн уралдаан зарлахад 60 гаруй уран бүтээлч зохиолоо ирүүлсэн.
-Тэр жүжгүүдээс тавих уу?
-Санаанд нийцээгүй. Байнгын зохиол бичдэг хүн ховор юм. “Хүүе энд уралдаан болж байна. За суугаад бичнэ ээ хө” гээд мундаг юм биччихдэг сод хүн байхгүй. Бичих гэж өвчилнө, нэг, хоёрыг оролдоно, 10, 20-ыг зохиож туршлагажина. Тэгж байж гэв гэнэтхэн толгойд нь гоё санаа орж ирнэ. Түүнийгээ нухна, нэлээд ажиллана. Тэгээд “За энэ бол миний амьдралдаа бичсэн хамгийн шилдэг бүтээл шүү” гэхэд Нобелийн шагнал өгөх хэмжээний бүтээл гарах ёстой. Бас сайн бүтээлийг үнэлэх үнэлэмж алга. “Тамгагүй төр”-ийг төр хэдээр үнэлсэн юм бүү мэд. Уг нь тийм хэмжээний оюуны бүтээл туурвисан хүн ядаж 10 жил идэх мөнгөтэй болсон байх ёстой. Б.Лхагвасүрэн гуай сая ам.доллар авсан шүү, би яагаад тэгж бичиж чаддаггүй юм гээд хүн суугаад бичнэ биз дээ.
-Мөнгө бодоод эхлэхээр л урлаг урлаг байхаа больдог гэдэг дээ?
-Мөнгө байхгүй бол бүр урлаг ч байхгүй шүү дээ. Жүжиг бичих гэж цаг үрж байснаас өөр юм хийж мөнгө олох хэрэгтэй шүү дээ.

Б.ДӨЛГӨӨН 

No comments:

Post a Comment