Thursday, December 5, 2013

Монголын телевиз солонгосоор мэндэлбэл монгол мөхнө


2013-10-01 10:30:00

 Солонгос үс засалттай хөвгүүн солонгос хувцас өмсөж солонгос энгэсэг түрхээд солонгос автобусанд сууж fmээр солонгос дуу сонсон, дагаж дуулна. Солонгос бичигтэй зарын самбараар гоёсон гудамжаар солонгос кинон дээрх шиг хүмүүс холхино. Өнөөх хөвгүүн урт хар гэзэгтэй хонин бор нүдтэй монгол охиныг нүдний булангаараа ч харахгүй хэрнээ солонгос линзтэй, солонгос сормуус, солонгос давхраатай охины араас хөлөө хугалах шахан гүйж “Чи минь яг л солонгос охин шиг” хэмээхэд өнөөх нь магтаал мэт хошгирно.
Залуу хайртай охин руугаа солонгос утсаараа ярьж болзоонд урьж, тэд солонгос хоолонд орж, солонгос кино үзнэ. Хэдэн сарын дараа солонгос шиг “хөөрхөн” охины ээж хосуудыг эсэргүүцэн салгахад залуу солонгос маягаар архи хундагалан, эмэгтэйлэгээр нулимс унагана. Бурхан минь ингэхэд бид хаана амьдраад байна вэ.
“-Монголчууд хайччихсан юм бэ?
-Солонгост байгаа.
-Тийм ээ, мэдэж байна. Үлдсэн нь? 
-Аан. Гэртээ солонгос кино үзэж байгаа” гэж онигоо хүртэл гарсан байна лээ.
Худал үгийг мянга давтахад үнэн болдог шиг бүх телевиз солонгос киногоор бөмбөгдөөд байвал Монгол хэмээн омогшдог бид өөрсдөө ч мэдэлгүйгээр эх нутагтаа солонгосжих нь ээ. Хэвлэлийн хүрээлэнгийн Судалгааны алба сар бүрийн эхний долоо хоногт Улаанбаатарын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг 39 телевизийн дунд судалгаа явуулж, хамгийн олон үзэгчтэй 30 киноны жагсаалтыг гаргадаг. Энэ сарын эхний долоо хоногийн байдлаар TV 5 телевизийн “100 жилийн өв залгамжлагч” Солонгосын олон ангит киноны 31-36 дугаар анги эхний зургаан байрыг эзэлжээ. Оросын “Гэрээний нөхцөл” олон ангит киноны гуравдугаар анги, “Титаник” удаалав. Жагсаалтыг тэргүүлсэн киноны үзэгчдийн 31.3 хувь нь 12-19 насныхан байсан бол “Титаник”-ийг үзсэн өсвөр үеийнхэн 0.0 хувьтай байв. Жагсаалтад багтсан 30 киноны 17 нь Солонгосын бүтээл аж. Телевиз радио, кабелийн суваг нь хөтөлбөрөө бэлтгэхдээ олон нийтийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх чиглэлийг үндсэн үүрэг, зорилгоо болгон, үзэгчдийн эрх ашгийг дээдэлнэ гэсэн байдаг.
Манай телевизүүд үүргээ давуулан биелүүлсний “ачаар” солонгос нөхрүүд эхнэрээ араар нь тавьж, хорссон гэргий нь өс санан хариугаа авч сэтгэлийн таашаал авдаг, баян биш л бол хадам аав, ээж нь үзэн яддаг, хөөрхөн туранхай л байвал заавал баян царайлаг залуутай учирдаг, ой тогтоолт муутай учир нэгнийхээ нэрийг цээжлэлгүй Жи Ёоны аав аа, Жи Ёоны ээж ээ гэж дууддаг гээд тэдний соёлыг дэндүү сайн танин мэдэж, амьдралынх нь туршлага, алтан сургаалаас хуваалцав. Олон ангит кино төрөлтийг багасгаж, гэр бүл салалт ихэсгэдэг хэмээн Бразилийн судлаачид үзжээ. Тус улсын TV Globo телевизээр 1971 онд анх савангийн дуурь гарснаас хойш төрөлт багасаж, салалт ихэссэн байна. Уг судлаачид олныг байлдан дагуулсан киноны гол баатар хайртаасаа салах бүрт нийгэм дэх салалт 0.1 хувиар ихэсдгийг тогтоожээ.
... Монголын радио хятадаар мэндчилэхэд би үхнэ... 
Монголын телевиз солонгосоор цаг агаарын мэдээ уншихад би үхнэ... хэмээн яруу найрагч Б.Галсансүх шүлэглэсэн байдаг. Хэрвээ шүлгээрээ ам гарсан бол түүний амь нас хутганы ирэн дээр байгаа бололтой. Дэлхийн од “Blue” хамтлагийг манайд ирэхэд дүүрээгүй Төв цэнгэлдэх хүрээлэн “Т-ara”-г ирэхэд хүнээр сагаж, урт дараалал үүссэн нь солонгос соёл манайд хэрхэн нөлөөлснийг батлав. Улсдаа хараахан том од болж амжаагүй яваа “Speed” хамтлагийг угтсан өсвөр насны охид маань уй гашуу тохиолдсон гэлтэй орилолдож, бүр уйлж байсан нь Монголын ёс яав ч биш. “Т-ара”-гийнхан “Монгол гадаадын орон шиг сэтгэгдэл төрүүлсэнгүй. Ах дүү, хамаатан садангийндаа ирсэн мэт санагдаж байна” хэмээн хэлсэн нь манай улс БНСУ-ын соёлын колони болсныг санамсаргүйхэн хэлчихсэн эмгэнэлтэй хэрэг байлаа.
Буу зэвсэг, цэргийн хүчээр дайрахыг л үндэсний аюулгүй байдлын асуудал мэт ойлгож, тайван суусаар соёлын дайралтад өртөж, өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч, усны гутал өмсөн шүхэр бариад ч нэмэргүйг ойлгон халаглах вий. Улс орноо сурталчилж буй нь тухайн улсын зөв учир буруутгах аргагүй. Тэдний соёлыг шүтэж суухаа хойш тавиад хэрхэн амжилтад хүрсэн арга замыг судалж, туршлагаас нь хуваалцан, монгол соёлыг дэлгэрүүлэх нь зүйтэй мэт.
Өдгөө БНСУ урлаг соёлын бүтээлийн экспортоороо жилд нэг тэрбум ам.долларын ашиг олдог аж. Урлагийн нөлөөллөөр бусад салбарт гарсан ахиц дэвшил, ашгийг энд тооцсонгүй. Тэдний соёлыг шүтэн, даган дуурайгчдын ачаар дэд салбаруудаа ч хөгжүүлж улсынхаа халаасыг зузаатгаад амжсан. 1960-аад оны үед солонгос кино Холливудын бүтээлтэй өрсөлдөх боломжгүй байсан учир Засгийн газраас нь кино театрт гарах гаднын бүтээлд хязгаарлалт тогтоож байжээ. Мөн Соёлын яам нь их дээд сургууль, коллежид соёл, урлагийн 300 гаруй тэнхим байгуулах төсвийг Засгийн газраасаа хүссэн байна. Үүний ачаар Солонгос улс к-поп хөгжим, олон ангит кино, хүүхэлдэйн кино, үндэсний хоолоороо дэлхийд алдартай болжээ. Царайлаг дүрүүдтэй, үлгэрт гардаг амьдралыг дүрсэлдэг кинонууд нь Азиудыг байлдан дагуулаад зогссонгүй Турк, Иран, Румын, Энэтхэг гээд олон орны үзэгчдийг татав. Түүхэндээ дорвитой гавьяа байгуулаагүй тэд киногоороо түүхийг гуйвуулж, Солонгосын эсрэг үзлийг эерэг болгон олон орны иргэдийн тархийг угааж байлаа. Тухайлбал, Иракийн дайнд БНСУ цэргүүдээ илгээсэн учир египетүүд тэдэнд дургүй болсон байна. Энэ үед БНСУ-ын Египет дэх Элчин сайдын яам тус улсын телевизийг таван сар гуйсны эцэст “Зүрхэнд шингэсэн намар” киног толилуулснаар тэд Солонгосын жүжигчдийн фэнүүд болжээ.
Тархиа угаалгаж, “дагздуулаад” буйгаа мэдсэн Хятадын радио телевизийн улсын захиргаанаас телевизээр цацах солонгос киноны тоог багасгах шийдвэр гаргасан бол Японд “Солонгос довтолгоог үзэн ядах нь” нэртэй ном хамгийн борлуулалттай бүтээлээр шалгарч, 2011 онд солонгос олон ангит кино гаргахаа болихыг шаардсан 2000 япон “Фүжи” телевизийн өмнө жагсаж байжээ. Тайвань гадаадын кино нэвтрүүлгийн цагаа багасгасан. Харин Вьетнам улс Солонгостой хамтраагүй тохиолдолд ямар ч бүтээлийг нь нэвтрүүлэхээ болив. Гэтэл бид “дагздуулсаар”... Телевизээр гарч буй кинонд ямар хяналт тавьдаг талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтнээс лавлахад “Манайх Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхэд анхаарч, сануулга өгдөг. Садар самуунтай холбоотой киноны зөрчил гарвал хуулийн дагуу холбогдох байгууллагад хэлж, тэд хяналт тавина. Киноны талаар тодорхой хууль тогтоомж байхгүй. Хэрвээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс үүрэг өгвөл энэ талаар дүрэм журамдаа тусгаж болно” гэв. Үндэснийхээ аюулгүй байдлыг уландаа гишгэн буй манай телевизийн удирдлагууд хавхан дахь бяслагийн хортойг нь мэдсэн хэрнээ сарвуугаа гэмтээчихэлгүй авч, өлөн ходоодоо дүүргэж байгаадаа баярласан хулгана мэт мунхаг авай.

No comments:

Post a Comment