Thursday, December 18, 2014
Усчин “бурхан”
Нэгэн цагт С.Баавгай тэнхээтэй байлаа. Залуу халуун насныхаа аагаар галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй үхэлтэй тулалдаж, дээсэн дөрөөн дээрх бусдын амийг аварч явж. Үхлийн өөдөөс зориглон алхаж явсан үе түүнд бий. Гэвч амар сайхандаа жаргадаг бусад үлгэрээс энэ түүх өөр.
Сосорбарамын Баавгай 1957 онд Улаанбаатар хотод айлын ес дэх хүүхэд болон мэндэлжээ. Тэднийх Дархан хотод нүүж, хүү гуравдугаар арван жилд элссэн байна. Түүнийг тавдугаар ангид орсон жил Барилгын цэргийн 111 дүгээр ангийн хөгжимчин хүүхдүүд тоглолт хийсэн нь угийн дуу хөгжимд дуртай хүүд онц сонирхолтой санагдав. Дүрэмт хувцсаар жигдэрсэн, сүр жавхаатай, үеийнх нь авьяаслаг хөвгүүд “Манай цэргийн хөгжмийн анги гоё шүү дээ, чи орооч” хэмээн ятгаснаар урлагийн хүн болох хүслийг нь улам бадраажээ. Энэ тухай аав, ээждээ хэлэхэд дурамжхан хүлээж авсан гэдэг. Нэгэнт сэтгэл шулуудсан тэрбээр тавдугаар ангиа төгсөөд мөнөөх цэргийн ангид элсэх хүсэлтээ хүнээр бичүүлээд аав, ээждээ захидал үлдээн, мөрөөдлөө биелүүлэхээр “үүрнээсээ” нисэв ээ. Улмаар тромбон хөгжим сурч, ахлагчаас хөгжмийн дарга, удирдаач хүртэл дэвшин, олон ангид хуваарилагдан, цэргүүдэд хөгжим заадаг байв. Түүнийг Иргэний хамгаалалтын 122 дугаар ангид ажиллаж байхад дотоод зохион байгуулалт өөрчлөгджээ. Ингээд 1982 онд түүнийг хөдөө томилох гэтэл амьдралынхаа олонх жилийг орон нутагт өнгөрөөсөн тэрбээр хотод үлдэх хүсэлтэйгээ захирагчдаа хэлжээ. Усчин зааварлагч багш болох юм бол хотод үлдэх боломжтой байв. Хөгжимчин эр 1989 оны тавдугаар сард сургалтад хамрагдан, Баянбүрд дэх усан санд дадлага хийж, усчин зааварлагч болоод наймдугаар сард шүхэрчин аврагчдад анхныхаа хичээлээ заасан байна. Ийм мэргэжилтэй хүн тэр үед байгаагүй, тэр анхных нь. Ийн ажилласаар 100 гаруй шавьтай болж, усанд осолдсон 180 гаруй хүний цогцос гаргаж, 80 орчим хүний амь аварч, 1999 оноос гавьяаныхаа амралтыг эдлэх болжээ. Одоо л амар амгалан амьдаръя гэсэн боловч санаснаар нь болсонгүй. Зовсны эцэст жаргана гэдэг, үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг зүгээр л ганган хуурмаг үг бололтой. Арга ч үгүй дээ, энэ үлгэр биш, бодит амьдрал хойно...
Өдгөө тэрбээр полиартрит буюу олон үеийн үрэвсэлт өвчинтэй, бөөрөндөө хоёр удаа мэс засал хийлгэж, улмаар нойр булчирхайн хавдартай болжээ. Бөөрний хагалгаанд дахин орохоор Нэгдүгээр эмнэлэгт томографийн зураг авахуулж байхад нь түүнтэй уулзав. Ярилцлага өгөхөөс анхандаа татгалзаж байсан энэ бардам сэтгэл, бахдам гавьяатай аврагч эрд бусдын тус юу юунаас илүү хэрэгтэй...
-Хэзээнээс бие тань өвддөг болсон юм бэ?
-25-40 насандаа хүн ид хийж бүтээдэг юм байна. Үүргээ гүйцэтгэж явах үед үе мөч өвддөг байсан ч залуу болоод тэр үү, нэг их тоодоггүй явж. Нэг өвдөхөд байгууллагаас 50 мянган төгрөгийн туслалцаа үзүүлэх журамтай байлаа. Онцгой байдлын аврагчийн ажлыг хүнд нөхцөлд хамааруулах хуулийн заалт тэр үед байгаагүй. Тиймээс өвчнөө эм, тариагаар намдааж, ойр зуурхан аргалаад л яваад байсан юм. Тэтгэвэрт гарснаас хойш бөөр, нуруу ойр ойрхон зовиурлах боллоо. Угаасаа л өвддөг юм гээд нэг их тоогоогүй. Гэтэл үе мөчний үрэвсэл буюу радикулит өвчин байсан нь хүндэрч полиартрит болсон. Дөрвөн мөч татаад хөдөлж ч чадахаа байлаа. Тэгж явсаар бөөр хурц өвдөж, шооконд орохын даваан дээр хагалгаанд орсон. Түүнээс хойш бөөрөндөө дахин нэг удаа хагалгаа хийлгэж, одоо гурав дахь удаагаа мэс засалд орох шаардлагатай болсон. Бөөрний ус идээ нь элэг, цаашлаад нойр булчирхайд нөлөөлсөн юм байх. Өдгөө нойр булчирхайн хавдар оноштой, өдөрт зургаан цагийн зайтай морфин уудгийн хүчинд амьдарч байна.
-Эмчлэх арга бий юү?
-“Ямар ч эмчилгээгүй, морфиноор л түр аргалж бай” гэж эмч нар хэлсэн. Морфин хар тамхины хольцтой болохоор зүгээр ч нэг эмнэлгийн магадлагаагаар олгохгүй, олон шат дамжлагатай. Биеийн дархлаа сайжруулах эм тариа хэрэглэж болохгүй. Хавдар сэдэрдэг гэсэн. Сэдрээхгүй бол хавдар хүндэрдэггүй тал байдаг юм билээ. Тэр хэмжээнд хүртэл харзная гэсэн байдлаар хавдрын эмчид сард нэг үзүүлдэг. Долоо хоногт нэг удаа өрхийн эмнэлгийнхэн ирдэг. Зовиурыг нь морфин ууж намдаагаад харж суухаас өөр аргагүй. Ядаж бөөрөө эмчлүүлээд авбал учир бий. Бөөрний хагалгаанд орох гэж гурван удаа томографийн зураг авахууллаа. Өнөөдөр бас авахуулах гэж явна. Нэг ийм зураг авахуулахад 360 мянган төгрөг юм байна.
-Усчин аврагчид үе мөчний өвчтэй болох магадлал өндөр байдаг уу?
-Миний шавь нарын дунд нуруу бөөр нь өвддөг, гар хөл нь татдаг хүн олон. Одоо үүргээ гүйцэтгэж яваа залуусаас “Багш шиг болох нь ээ” гэж шогширдог хүмүүс бий. Залуу насанд барагтай бол бие өвдөж хавдахгүй ч, насны эцэст дархлаа сулрахаар өвчин хууч сэдэрдэг юм байна. Дээхнэ үед бол армийн эрүүл мэндийн үзлэгт жилд нэг удаа хамруулна. Түүнээс биш, аврагч гээд байнгын эрүүл мэндийн хяналтад байлгана гэж үгүй. Иргэний хамгаалалтын газар нь Онцгой байдлын албад шилжсэнээс хойш 10 жил боллоо. Одоо хангамж ямар болсныг мэдэхгүй. Ямартай ч аврагч нарын эрүүл мэндэд анхаарал тавьдаг байгаасай. Тэд энх тунх, багаж хэрэгсэл нь бүрэн байж л үүргээ гүйцэтгэн, олон хүний амь аварна шүү дээ.
-Дээхнэ үед багаж хэрэгсэл ховор байсан биз?
-Тэр үед манай улс социалист орнуудтай л холбоо харилцаатай байсан учир гаднаас тэр бүр тоног төхөөрөмж, зориулалтын хувцас ирэхгүй. Оросуудын хэрэглэж байсан хуучин нойтныг хэрэглэнэ. Багаж, хувцасгүй тохиолдолд биедээ спирт түрхээд л шумбана шүү дээ. Зориулалтын хувцастай шумбасан ч усны даралт хүчтэй. 5-7 метрийн гүнд очихоор чих шуугиад юу ч сонсогдохгүй, тархи хүйт даагаад явчихна. Гүнд шумбахдаа 25-ын туухай барьж ороод 2-3 минут амьсгаагаа түгжинэ. Тэр хооронд ойр хавийн газраа самнадаг байсан. Одоо зориулалтын багаж, хувцастай болсон ч цусны даралт гэдэг осолтой учир манай усчид эрүүл мэндээ хамгаалж байгаасай.
-Та анхны аврах ажиллагааныхаа тухай ярьж болох уу?
-Би зааварлагч багшийн сургалтад хамрагдах явцдаа аврах ажиллагаанд оролцдог байсан. Сэтгэл зүйтэй их холбоотой ажил юм билээ. Дээхнэ үед холбоо харилцаа муутай. Хүн усанд живлээ гэхэд 102 дугаарт дуудлага өгч, тэд Иргэний хамгаалалтын газарт хэл өгдөг учир цаг хугацаа их алддаг байлаа. 1989 оны долдугаар сард анхны ажиллагаанд оролцсон санагдана. Нас бараад долоо хоносон хүний цогцос таван метрийн гүнээс олж, өргөөд дээш сэлсэн. Усанд удсан болохоор цогцос муудаж зөөлөрсөн байсан. Тэгээд гарыг нь салгаад гаргаад ирсэн. Тэгэхэд их цочирдсон.
-Ажлын онцлогоос шалтгаалсан сэтгэлзүйн өөрчлөлтөд орж байв уу?
-Анхандаа айдаг байлаа. Манай Баяр гэж өвгөн багш “Та нар тангараг өргөсөн улс. Үхсэн хүн бариад авахгүй, битгий ай. Амьд хүнээс л айж яв. Өөд болсон настай хүнийг ээж, ааваа, үеийнхэн байвал ах дүү, анд нөхрөө гэж бод” гэж захидгийг марталгүй санаж явдаг.
Өчнөөн сайн усчин аврагч хэд хэдэн удаа уснаас цогцос гаргаад ажлаа орхисон тохиолдол бий. Тэр үед Иргэний хамгаалалтын газар нь ГССҮТ, мооргтой хамтран ажиллаж, шинэ аврагчдаар цогцос зөөлгөх зэргээр дасгаж, айдсыг нь үргээдэг байлаа.
-Таны айдас юу вэ?
-Иргэний хамгаалалтын газрын аврагч усчид нь үер ус, гал түймэр гээд бүх төрлийн ажиллагаанд дайчлагддаг байсан. Одоо усчин, шүхэрчин аврагч гээд тусдаа зохион байгуулалттай болж. Аврагчдаа осолдож, эндэх вий гэдгээс л айдаг даа. Тэдний эрүүл мэндэд төрөөс анхаарал тавьдаг болоосой.
-Үүргээ гүйцэтгэж явахдаа амиа алдахаа шахсан тохиолдол бий юү?
-Байлгүй яах вэ. Туул голд аврах ажиллагаа явуулж байхад хөлөөрөө юманд орооцолдоод сандарч байсан. Орхон голд шумбаж байхад барьж явсан олс миний хөл болон ургамалтай орооцолдож, ноцолдоод дийлээгүй. Аз болж манай аврагч ирж тасалсан. Тийм үед тайван байхгүй бол болдоггүй. Цаг хугацаа их удаан өнгөрдөг юм билээ. Дөрөв, таван минут болсон гэж бодоод гарч ирээд цаг харахад гурван минут л өнгөрсөн байсан. Амьдрал кинонд гардаг шиг нүдний өмнүүр жирэлзээд, усч хүн усандаа гэдэг нь болж байна гэж бодсон. Харин гарч ирсний дараа амьдрал хэчнээн сайхан, үнэтэй санагдана гээч.
-Тэгвэл хамгийн өр өвтгөм үйл явдал юу байв?
-50 гарсан эр 17-18 насны хүү, охинтойгоо жимсэнд явжээ. Гэтэл охин нь усанд урсчихаж. Дүүгээ аврахаар ах нь араас нь орж. Хоёр хүүхэд нь живэхээр эцэг хүн ус руу орохгүй гээд яах вэ. Ингээд гурвуулаа живж өөд болсон. Тэдний цогцсыг ачаад явж байхад өөрийн эрхгүй сэтгэл шимширсэн.
-Амийг нь аварсан хүмүүс тантай холбоотой байдаг уу?
-Тэр үедээ баярласнаа хэлдэг юм. Хожим энд, тэнд “Та миний ээжийн, дүүгийн амийг аварсан” гэх хүмүүс таардаг. Тэдний урмаар л амьдарч байна. Осолдсон хүмүүсийн ар гэрийнхэн “Хаа нэгтээ амьд байгаа ч юм бил үү. Амиа алдсан байсан ч яах вэ. Ядаж цогцсыг нь олоод өг” гэдэг. Баярласнаа илэрхийлэх нь олон ч бидний ажлыг ойлгохгүй нь бий. Усанд живсэн хүн яг тэр газраа байна гэж үгүй. Бид урсгалын хурд, хүнийх нь жин, булан тохойн тоо, гүнийг тооцож байж эрлээ эхлүүлдэг. Гэтэл “Хурдал, энд л орсон байх ёстой, та нар ажлаа хийсэнгүй, аврах боломж байхад удсаар байгаад үхүүлчихлээ” гэж уурладаг. Манай хоёр аврагч нэг хүний цогцсыг гаргаж ирэхэд ар гэрийнх нь хүн цохиод авсан тохиолдол бий. Бид тэр бүхнийг сэтгэлийн тэнхээгээр давдаг даа.
-Танд одоо юу шаардлагатай вэ?
-Би зургаан хүү, нэг охинтой. Одоо Орбитод том хүүгийнхээ гэрийг бариад эхнэртэйгээ амьдардаг. Том хүү гурван хүүхэдтэйгээ айлын байшин хөлсөлдөг. Алийн бүр хүүхдүүддээ дараа болж амьдрах вэ, гэртэй л болчих юмсан. Амьдралынхаа үлдсэн жаахан хугацааг амар тайван, зовлон шаналалгүй өнгөрүүлэхсэн. Манай Иргэний хамгаалалтын 122 дугаар ангийн ахмадын хорооны дарга “Ийм өвчтэй, зовлонтой хүн байна. Урьд нь ингэж, тэгж ажиллаж байсан” гээд Онцгой байдлын ахмадын зөвлөлд урьд нь танилцуулахад “Манайх байгуулагдаад арван жил болж байна. Иргэний хамгаалалтын газар байх үеийн асуудлыг бид мэдэхгүй” гэсэн хариу өгсөн байсан.
Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, амиа ч алдаж мэдэх ийм ажил хийдэг байсандаа одоо харамсдаг уу гэж асуухад “Олон хүний амь аварснаараа харин ч бахархдаг шүү ” гэж хариулахдаа өвчиндөө зовиурлан цонхийсон царай, гал нь буурсан харцанд нь баярын оч гялалзах шиг болов. “Надад одоо гавьяа шагнал хэрэггүй ээ. Шавь нар, аврагчид маань л амьд мэнд, өвчин шаналалгүй байвал миний хүсэх шагнал тэр” хэмээсэн. Бид бурхан, бурхан гэж амьгүй барималд сүсэглэдэг ч, үнэндээ бурхан гэдэг бидний дунд хамгийн энгийнээр л оршдог бололтой. Амьдрал яг л ёгт үлгэр шиг, урт богиноороо бус, агуулгаараа л үнэлэгдэх юм даа...
Б.Дөлгөөн
Labels:
сурвалжлага
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment