2013-04-05 15:00:00
Таван жилийн өмнө оюутан болж, их сургуулийн босго алхахад эх орны өнцөг булан бүрээс ирсэн 26 өөр “ертөнц”
угтав. Тэд тус тусынхаа нутгийн тухай ам уралдан ярьж, Хөвсгөлийнхөн далайгаа, Булганыхан айргаа, Сэлэнгийнхэн загасаа гээд л юугаар алдартай түүнийгээ магтаж гарна. Харин хотын хүүхэд би чимээгүй л сонсож суухаас хэтрэхгүй. Ингэхэд би чинь нутаггүй юм биш биз дээ, тэдэн шиг дотночлон ярих уул, ус байгаа бил үү хэмээн эргэлзэхэд хүрч билээ. Үгүй ээ, би нутагтай.
.jpg)
Миний өссөн нутаг VI хорооллын цэнхэр байр, угаасан ус минь цоргоноос гоожих Туулын урсгал. Гэхдээ барагтай бол гэрээс гаргадаггүй (багадаа гадаа тоглохдоо байгаад ээжийнхээ монетон ээмгийг зүүж яваад дээрэмдүүлснээс хойш гадаа тоглох эрхээ хасуулсан) хатуу хүмүүжлээр өссөн миний дурсамжид Гоодойн ам буюу хуучнаар Кино үйлдвэрийн зуслан минь л сэтгэлд ойр буудаг.
Хотоос зүүн хойд зүгт 17 км яваад Яргайтын зуслангийн ойролцоо Сэлбийн голыг гатлахад хоёр уулын дунд хэдхэн зуны амбаар шовойж харагддаг байсан нь миний Гоодой.
Урд ууланд хөхөө донгоддог, өтгөн ногоон ойтой бол хойдох нь номин хөнжлөө дэлгэсэн оройдоо хадтай нүцгэн уул. Энэ хадат уул минь нэг л нөмөртэй, үр ач нараа хормойдоо эрхлүүлсэн өвөө шиг санагддаг. Тэр юм хэлэхгүй ч харц салгалгүй хараад байх шиг, тэсгэл алдаад сахилгаг үйтвэл тэртээ дээрээс зэмлэх шиг миний сэтгэлд амьтай оршдог. Хүний нутгийн уулнаас жижигхэн ч миний зуслангийн хадат уул наддаа сүрлэг хайрхан. Хад чулуу гэдэг сонин шүү. Янз бүрийн хэлбэртэй. Өвгөн хайрхны минь оройд байдаг хаданд яг л тагттай байшин шиг сонин тогтоцтой хэсэг бий. Тэр “тагтнаас” юм бүхэн илхэн. Тэртээд сүүмийх Улаанбаатарыг чиглэн могой мэт тахиралдах Сэлбэ гол, асгасан эрдэнэс шиг дээврээ гялалзуулсан зуслангийн байшингууд, жирс жирс хийн одох машинууд гээд бүгд л нүдний өмнө бүхнээ дэлгэдэг. “Тагтан” дээрээ ах, эгч хоёртойгоо өдөржин айл гэр болж тоглодог байлаа.
Дөрвөлжин чулуун дээр шохойгоор товчлуур зураад гар утсаар гангарчихна. Хавтгай чулууг таваг, зууванг нь данх гэхчилэн сайн хайвал гэрт хэрэгтэй бүхэн хадат хайрхны чулуунаас олдоно. Заримдаа бид гурав голд ханатлаа сэлээд, эргийн нов ногоон зүлгэн дээр тэнгэр ширтэн хэвтэж, үүлэн хээг нь ажиглан янз бүрийн амьтантай зүйр лэдэгсэн. Эргээд санах нь ээ, тийм ногоон, тийм торгомсог зүлгэн дээр дахиж хэзээ ч хэвтээгүй. Нэг удаа ах загас барьж тэжээх догь санаа гаргаж өдөржин шүүрдсэний дүнд малгайндаа хэдэн жараахай олзлоод, дайснаа дарсан дархан баатрууд мэт пээдгэр харьж билээ. Ирсэн даруйдаа түмпэнд ус хийж жараахайгаа тавиад, хаашаа ч зугтаж чадахгүй тэрүүхэн тэндээ сэлэхийг нь хараад ихэд баяссан.
Маргааш нь үзтэл түмпэнгээр дүүрэн амьгүй жараахай хөвөхийг хараад, лусын амьтдыг дэмий зовоосондоо хэд хоног харамсацгаасан даа. Зуны сарын нэг гайхамшигтай зүйл бол болц нь гүйцсэн улаахан гүзээлзгэнийг сав дүүрэн түүж, эмээгээрээ чанамал хийлгээд цадтал идэх байлаа. Өнөөх нь олдохгүй байвал “Ногоон навчиндаа нуугдан байдаг, гүзээлзгэнэ жимс амттайхан даа” гэж ирээд л дуулж гарна. Бодвол дуулаад байвал гүзээлзгэнүүд сонсоод гараад ирнэ гэж төсөөлснийх биз. Сүүлдээ гүзээлзгэний солио туссан гэлтэй нүдээ анихад гүзээлзгэнэ харагдаж, зүүдэнд ордог байсан нь хүүхдийн томоогүй зан юм даа. Манай хашааны хажууд хүүхдүүдийг тоглож байг гэж зориуд гаргасан гэмээр дөрвөлжин хэлбэртэй хааш хаашаа 50 метр орчим хоосон зай байдаг.
Дөрвөн айлын хашааны дунд орших энэ зайд байшин барья гэхээр машин орох боломжгүй учраас айл буулгүй, биднийх болж өмчлөгдсөн хэрэг. Тэр хавийн хүүхдүүд бид өөрсдийгөө “дөрвөлжингийнхөн” гэж нэрийднэ. Дөрвөлжиндөө хөл бөмбөг тоглоно, шөнө оройн цагаар элдвийг ярьж сууна, өвсөн дээр чулуугаар шигтгээд баавгайн чихдэж, чиртаадна. Удалгүй тэр хавьд дөрвөлжингийнхнөөс зугаатай хүүхэдгүй болж, хавь ойрын багачууд ч цугладаг боллоо. Хүүхдүүд л болсон хойно амархан муудаж, “муурын байшин шатаана”. Үнэндээ 14 настай нэгэн хүү наймтай дүүг минь дээрэлхсэнээс болсон юм. Газар дээрх ганц дүүгээ том жаалд дээрэлхүүлэхийг зүгээр хараад сууж тэсээгүй эгч би үеийн хүүтэйгээ гар зөрүүлж билээ. Эрэгтэй хүүхэдтэй зодолдох нь битгий хэл, ширүүхэн шогловол уйлчихдаг байсан би дүүгийнхээ өшөөг аваад, хацар дээрээ томоо гэгчийн тамга тавиулаад харьсан ч сэтгэл цаанаа л өег байсан. Түүнээс хойш хүүхдүүд хоёр хуваагдаж дөрвөлжингөө гурвалжин болгож санаа амарсан даа.
Намрын эхэн сарын аадар бороонд дан банзан амбаарын завсраар салхи нэвт сийгэн, над шиг бээрэг хүнд өвлөөс ч хүйтэн санагдаж, үстэй дээлээр хучаад ч дулаацдаггүй байлаа. Найман сар гарахад зуны найртай өдрүүдийг үдэж галын наадам хийдэг ч айлууд хот руу нүүх нь цаанаа л гуниг төрүүлнэ. Бүдэг дурсамжаа эргэн санахад олон аав, ээж хүүхдүүдтэйгээ хөтлөлцөөд өөдөө бадран дүрэлзэх сүрлэг галаа тойрч “Ара жим жим, ара эра бусия, покажит новия и раз, и два, и три” гээд л дуулж бүжиглэдэг байсан. Ингэж л миний бага нас зугаатай агаад дурсамжтай өнгөрч, нэг л мэдэхэд нүүдлийн шувуу шиг орхиод одсон доо. Он жил өнгөрөхийн хэрээр айлууд аажим аажмаар нүүн ирж, тосгоны дайтай болсон юм. Энд тэнд шуугилдах хүүхдийн инээд тасрахаа больсон нь сайхан ч айл бүр хашаа хатгасаар гишгэх газар минь хязгаартай болж, урд уулын амттайхан гүзээлзгэнэ надад ногдолгүй дуусаж орхижээ. Бидний сэлдэг байсан Сэлбэ голд хөөсөртөл нь савандсан хувцсаа үрэх эгч, хээв нэг машинаа угаах ах нар олширсоор ердийн үзэгдэл болсон байсан. Нэгэн удаа ангийн хоёр сайн найздаа галын наадам ямар сайхан болдгийг ярьж өгөөд, зусландаа урьсан юм.
Их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр галын наадам гэж хэдэн сөөсгөр банди гал түлчихсэн архи тойруулаад сууж байсныг нь бодохоор одоо ч хоёр найзаасаа ичдэг. Энэ бол одоогоос дөрөв таван жилийн өмнөх явдал. Харин одоо би зуслан явах дургүй, чийгтэй байрандаа ганцаар зуныг өнгөрөөдөг. Хамгийн сүүлд ноднин зуслан явахад өнөө сайхан өтгөн ой үсээ хусуулсан буурайн толгой шиг болж, дотор нь дэгдэх туулай ч харагдахаар болсон байна билээ. Туулай... одоо ч бас л үгүй болоо биз дээ, хөөрхий. Үндсээр нь тастсаар гүзээлзгэнэ ургахаа больж, хоржигнон урсдаг Сэлбэ гол минь “сэхээнд орж” борооны усаар амь зогоон, зуслан гэх ногоо үнэртсэн өнгөлөг нэрээ “гэр хороолол” гэж соливол таарсан дэндүү гэмээр эмгэнэлт дүр зураг угтах болсон.
Хашаа хатгах тэгш газаргүй байхад хадат хайрхны минь хөрсийг трактороор сэндийчиж, хүчээр тэгшлэв. Бас болоогүй, хадат өвөөгийн минь цээжин дээр “Ум мани бадмэ хум” гээд том том чулуу өрөөд биччихэж. Учрыг сонсох нь ээ, зуслангийн нэгэн охин сураггүй алга болоод аав, ээж нь тэгж хийсэн гэнэ. “Үхээгүй байхад толгой дээр минь маани уншлаа” хэмээн зуслангийн хөгшчүүд ч ихэд цээрлэсэн. Тэгэхэд л би буянтай буурал өвөө шиг нөмөртэй хадат хайрхнаа өрөвдөх шиг болж, энгэрт нь эрхлэх хүүхдүүд өвөр рүү нь өшигчихийг харж тэсээгүй ээ. Бороон дуслууд дээвэр нүдэх тааламжтай чимээ, хөх огторгуйг ширтээд од тоолон гадаа хонох, хальтирч унаад өмдөө ногооруулж угаагаад ч арилахааргүй толбо болгох... Ахиад би ийм мэдрэмжийг хаанаас олох юм бэ. Хүй цөглөөгүй ч 16 зуныг надтай хамт үдсэн миний нутаг Гоодой.
No comments:
Post a Comment